2017 оны Францын ерөнхийлөгчийн сонгууль дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татаж байлаа. 39 настай Эммануэль Макрон Ерөнхийлөгчөөр сонгогдож, Франц улс түүхэндээ байгаагүй залуухан төрийн тэргүүнтэй болсон нь өөрөөс нь 25 насаар эгч эхнэрийг нь олны анхаарлын төвд аваачсан юм. Брижит Мэри Клауде Тронье нь 1953 оны дөрөвдүгээр сарын 13-нд Францын Амиенс хотод зургаан хүүхэдтэй айлын отгон охин болж мэндэлжээ. Түүний эцгийг Саймон Тронье, эхийг нь Жин Тронье гэдэг бөгөөд тэд таван үе дамжсан “Тронье Шоколад”-ны бизнес эрхэлдэг байжээ. Өдгөө “Жин Тронье’ компанийг Брижит Троньегийн ач хүү Жин Александр Тронье хариуцан ажилладаг байна.
АНХНЫ ХАЙР
Өдгөө 64 настай ч наснаасаа залуу харагддаг Брижит Тронье 1980-аад онд Страсбургын Луче Бергер коллежид утга уран зохиолын багшаар ажиллаж байж. Чухам энэ үед 15 настай Эммануэл Макрон түүнд сэтгэл алдарчээ. Хоёр жилийн дараа буюу ахлах сургуулиа төгсдөг жил Эммануэл Макрон хувцсаа баглаад Парис руу нүүн анхны хайрынхаа араас явсан гэдэг. Тэр үед хатагтай Брижит Тронье гурван хүүхэдтэй, гэр бүлтэй байжээ.
Халуун дурлалдаа шатаж ядсан Эммануэл багшдаа хандаж, “Яадаг ч байсан таньтай гэрлэнэ” гэж хэлж байсан гэдэг. Хосуудын харилцаанд насны зөрүү багагүй саад болсон ч Эммануэл Макрон хүү хэзээ ч бууж өгөөгүй юм. Брижит Тронье удаан эсэргүүцсэний эцэст бага багаар Эммауэлд дурлаж, 2006 онд нөхрөөсөө салж, дараа жил нь Макронтой гэрлэсэн байна. Энэ тухай Брижит хэвлэлд ярихдаа “Бага багаар би түүнийг эсэргүүцэхээ больж, нэг л мэдэхэд дурласан байсан. Тэр өсвөр насны жаахан хүү байгаагүй. Яг насанд хүрсэн хүн мэт надад ханддаг байсан” гэжээ. Түүнээс хойш Эммануэл Макроны хажуунаас салаагүй. Макроны улс төрийн карьерт хатагтай Брижит хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг яах аргагүй мөн.
УЛС ТӨРИЙН КАРЬЕР
1989 онд Брижит Truchtersheim хотын консулд нэрээ дэвшүүлсэн ч ялалт байгуулж чадаагүй юм. 2007 онд гэрлэснийхээ дараа нөхрийнхөө улс төрийн карьерт амжилт гаргахад түүний үүрэг роль хамгийн их нөлөөлжээ. Эммануэл Макрон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа “Эхнэр минь энэ бүх хугацаанд үргэлж надтай хамт байсан. Тэрний минь гавъяа” гэж хэлж байжээ.
ХУВИЙН АМЬДРАЛ
Хатагтай Брижит анх 1974 оны зургадугаар сарын 22-нд Андре Луй Аузиертай гэрлэж, гурван хүүхэдтэй болжээ. Макронтой учиртлаа тэд аз жаргалтай гэр бүл байв.Том хүү Себастиан Аузиер 1975 онд төрсөн инженер мэргэжилтэй, дунд охин Лауренс Аузиер Жоурдан 1977 онд төрсөн зүрхний эмч, бага охин Тифайн Аузиер хуульчаар ажилладаг. Тэр анхны нөхрөөсөө 2006 оны нэг сард салж, 2007 оны аравдугаар сард Макронтой гэрлэж байжээ. Макрон, Брижит Тронье нар одоо Францын хойд хэсэгт орших Пас-де-Кала хотын Boulogne-sur-Mer ойролцоо орших Le Touquet-д амьдарч байна.
Өдгөө 64 настай ч өөрийн гэсэн хувцаслалтын онцгой мэдрэмжтэй хэмээн сайшаагддаг Брижит Тронье Парисийн загварын шоуг алгасалгүй үздэг гэнэ.
Макрон ерөнхийлөгчийн албан тушаалаа аваад түүнийг Тэргүүн хатагтай болгох санал тавьсан ч 220,000 хүн үүний эсрэг гарын үсэг зурсанаар саналыг хүчингүй болгож байжээ. Брижит Тронье одоо нөхрийнхөө улс төрийн зөвлөхөөр одоо ажиллаж байна.
Т.ЗАНДАНМЯДАГ
Холбоотой мэдээ