Өнгөрсөн онд 60 ортой “Ахмад настны эмнэлэг” ашиглалтанд орж байсан бол өнөөдөр /2018.05.30/ долоо, наймдугаар давхруудад “Хүүхдийн II эмнэлэг” нээлтээ хийж байна. Тус хүүхдийн эмнэлэг нь орчин үеийн стандартын шаардлага хангасан барилга, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд 60 хүүхэд хүлээн авах чадалтай. Эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, ердийн эмчилгээний хэсгүүдэд дөрвөн эмч, 12 сувилагч ажиллах юм байна. Мөн сүүлийн жилүүдэд манай улсын нярай хүүхдүүдэд ихээр илрэх болсон шарлалтын биллиметрийн аппаратыг шинээр нэвтрүүлж байгаа аж. Япон улсад үйлдвэрлэгдсэн тус аппарат нь 28 хүртэлх хоногтой нярай хүүхдийг хамруулж, шарлалтыг тогтоох, бууруулах боломжтой аж.
Өнгөрөгч оны эцсийн байдлаар Баянгол дүүрэгт 0-16 насны 80440 гаруй хүүхэд бүртгэгдсэн байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас 10000 хүн тутамд 2-4 ор ногдож байвал олон улсын стандарт гэж үздэг. Ийнхүү баянголчууд олон улсын стандартын шаардлагыг хангасан хүүхдийн эмнэлэгтэй боллоо.
Б. МӨНГӨНТУУЛ