Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар төрийн тахилгат Алтан овоог тахих ёслол ирэх долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Дарьганга суманд зохион байгуулна. Энэ жил Алтан овоог тахисны 105 жилийн ойтой тохиож байгаа юм. Алтан овооны их тахилгад зориулсан арга хэмжээ Улаанбаатар хотод зохиогдож байна. Өнөөдөр “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд “Алтан овооны дуулал” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тоглолтод Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид болон Үндэсний урлагийн их театрын бүжигчид, Гавьяат жүжигчин хийлч Л.Мөнхцэцэг, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин О.Хүрэлбаатар, Улсын дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Д.Осгонбаяр болон саксофончин Г.Болдбаатар нарын уран бүтээлчид оролцоно.
“Алтан овооны дуулал” тоглолтыг Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, төрийн их тахилгыг зохион байгуулах комиссын зүгээс зохион байгуулж байгаа аж. Тоглолт өнөөдөр 19:00 цагаас “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд эхэлнэ. Мөн Алтан овооны их тахилгат зориулсан арга хэмжээ цаашид үргэлжлэн явагдах юм байна.