Хөдөлмөр эрхэлдэг хятад иргэн бүрийн амьжиргаа дээшилж, ядуугаас дундаж давхаргад, дунджаас чинээлэг төвшинд шилжиж байхад монголчууд цаг наргүй ажиллаад ч тусыг олсонгүй. Үе, үеийн Засгийн газар ядуурлыг бууруулах зорилт тавьж, иргэдээ чинээлэг амьдралд хүргэх амлалт өгдөг ч биелсэн нь үгүй. Хамгийн сүүлд У.Хүрэлсүхийн Засгийн газар эдийн засагт гарсан нааштай үзүүлэлтүүдийг иргэдэд хүргэх тухай ярьснаас хойш лав л найман сар өнгөрсөн байна.
Гэтэл босгоны цаадах өмнөд хөршид өдөрт 13 мянган иргэн ядуурлаас гарч, дундаж давхаргад шилжиж байх жишээний. Монгол Улсын гурван сая иргэнийг хэд дахин нугалах хүн өмнөдөд жилд ядуурлаасаа ангижирч байна гэж бодохоор “Бид яаж амьдраад байна вэ” гэж хашгирах ч багадмаар.
Уг нь монголчууд хүн шиг амьдардаг болохын тулд төр засгаасаа ихийг хүсээгүй. Тэр дундаа БНХАУ-ын нэгэн адил иргэдээ орон сууцаар үнэгүй хангаж, хүүгүй зээл олгоодох гэж шаардаагүй. Жилийн найман хувийн хүүтэй олгодог ипотекийн зээлийн санхүүжилтээ хүртээмжтэй болгож, арын хаалга, авлигаа зогсоогоод өгөөч ээ л гэж хүсч буй. Лав л ипотекийн зээлээр орон сууцтай болох хөтөлбөр хэрэгжсэнээс хойш таван жил болсон байна. Нэг талд нь борлогддоггүй байр, нөгөө талд нь орон сууцтай болохыг мөрөөдсөн мянга, мянган иргэд.
Яагаад ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна вэ гэвэл зээлд хамрагдах шалгуур нь хатуу. Урьдчилгаа 30 хувиа хаанаас олсон бэ гэдгээс эхлээд олон зүйл шаардана. Ах дүү, хамаатан саднаасаа цуглуулж, 30 хувиа босгосон бол “Та зээлээ төлөх чадамжгүй байна” гэж үзээд хүсэлтийг нь хүлээж авахгүй буцаах жишээний. За тэгээд арилжааны банкных нь хүнд сурталтай ярих ч юм биш. Зээлийн эдийн засагч нь “шовгор” харна. Ер нь бол нэлээн тэсвэр тэвчээртэй хүмүүс л цөхрөлтгүй явж, ипотекийн зээлд хамрагддаг. 20 жилийн өрөнд орж байж, орон байртай болсондоо хэмжээлшгүй баярлацгаана. Ингэхдээ авсан зээлээ бараг хоёр дахин нугалах шахам байж, байраа өөрийн болгох гэрээтэй. Сар бүр зээл төлөөд л байна, үндсэн зээлийнх нь хэмжээ буурахгүй. Хүү л төлөөд явна.
Гэтэл өмнөд хөршид өрхөөс нэг хүн л ажил хөдөлмөр эрхэлж байхад үнэгүй орон сууцанд хамруулдаг. Бизнес эрхлэгчдийн хувьд жилийн 20 гаруй хувийн хүүтэй олгогддог зээлийн хүүг ядаж 10 хувь болгоод өгөөч гэдэг л хүсэлт тавьдаг. Харин улстөрчид сонгуульд нэр дэвших бүрийдээ нэг оронтой тоонд оруулна гэдэг амлалт өгдөг бол Ерөнхийлөгч Х.Баттулгад өнгөрсөн жил Ардчилсан намынхан зээлийг чөлөөлүүлэх даалгавар өгч байсан. Гэтэл одоог болтол Ардчилсан намынхан зээл чөлөөлөх боломжийг судалсаар л байгаа.
Харин эрх баригчид Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлснээс эхлээд хадгаламжид хүү тогтоож, ард иргэдээ татвараар дарамталсан. Юун татварын таатай нөхцөл бий болгох.
Мөрийн хөтөлбөртөө зээлийн хүүг бууруулах тухай заасан ч УИХ-д орж ирсэн Зээлийн хүүг бууруулж, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжилгүй унагасан. Аман дээрээ ‘Зээлийн өндөр хүү хөгжил боомилж байна’ гэж ярих хэрнээ кнопоо дарахдаа эсрэг санал өгөх жишээний. Ингээд бодохоор өмнөд хөрш иргэдээ бөөцийлж, бид харин элэгдүүлсээр.
Уг нь зөв бодлого хэрэгжүүлбэл гуравхан сая иргэнийг өөд татах амархан. Хоёр оронтой тоонд эргэлдэж байгаа зээлийн хүүг нэг оронтой тоонд шилжүүлж, ипотекийн зээлийн хүүг 5-6 хувь руу бууруулчихвал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах боломж бүрдэхийн зэрэгцээ ажилгүйдлийг шийдэж болмоор л санагдах.
Хэзээ зээлийн хүү буурч, татварын таатай орчин бүрдүүлэх юм болдоо, энэ эрх баригчид.
Г.ХОРОЛ