Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн /СЭМҮТ/ удирдлагууд өнөөдөр /2018.05.30/ “Аргальхүү” төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
СЭМҮТ дэд захирал Б.Баярмаа “Эмч, эрүүл мэндийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд ард иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор олон сургалт, сурталчилгаа, мэдээ, мэдээллийг түгээн ажиллаж байгаа. Тэгсэн хэдий ч хүмүүс сэтгэцийн эмгэгийн талаарх зөв ойлголт, хандлагатай болж чадахгүй байна. Иймээс СЭМҮТ нь “Аргальхүү” хэмээх баатрынхаа дүрээр хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголтыг эергээр таниулж, эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх төслийг эхлүүлж байна. “Аргальхүү төсөл нь ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэнд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэг тулгамдсан асуудалд хандах хүмүүсийн хандлагыг өөрчлөх зорилготой” гэв.
хүүхдүүдийн дунд бие биеэ ялгаварлан гадуурхах үзэл хамгийн их ажиглагдаж байна
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Р.Энхтүвшин ‘Сүүлийн үед хүүхдүүдийн дунд бие биеэ ялгаварлан гадуурхах үзэл хамгийн их ажиглагдаж байна. Жишээ нь, өмссөн хувцсаар нь, эдэлж хэрэглэж байгаа зүйл, гаднах төрх, онцлог шинж тэмдгээр нь бусдыг гадуурхах хандлага ажиглагдаж байна. Ялгаварлан гадуурхалтаас болоод хүүхдүүд стресст орж байна. Энэ стрессийн улмаас ихэнх хүүхдүүд цаашдаа ээрч гацах, орондоо шээх зэрэг олон төрлийн эмгэгүүд үүсэх шалтгаан болж байна. Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ оюуны боловсролд нь анхаардаг. Энэ нь ч зөв. Гэхдээ орчин үеийн шинжлэх ухаанд боловсролоос илүү сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг чухалчилдаг болсон байна. Бусдыг ойлгох, хүлээн зөвшөөрөх чанарыг хэлээд байгаа юм. Надаас өөр гэдгийг нь хүлээн зөвшөөрөх гэдэг маш чухал чанар. Хуучин социализмыг үед муу сурдаг хүүхдийг сайн сурч байгаа хүүхэд дагуулж, бие биедээ тусалдаг хүмүүжлийн систем байсан. Одоо бол эцэг эхчүүд хүүхдэдээ “амиа бод”, “чи сайн сурах ёстой” гэж тулгадаг болж. Бид гэртээ мянга сарнай ургуулаад ач холбогдолгүй болжээ. Нийгмээр дүүрэн маш олон хогийн ургамал дотор ганц сарнай цэцэг хэнд ч хэрэггүй зүйл болоод байна. Тэгэхээр бид энэ хандлагыг өөрчлөх ёстой. Үүний тулд “Аргальхүү” төслийг эхлүүлж байна” гэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2001 оны тайланд дурдсанаар 9-17 насны хүүхдийн дунд сэтгэл түгших эмгэг 13 хувь, зан үйлийн эмгэг 10.3 хувь, сэтгэл хөдлөлийн эмгэг 6,2 хувь тус тус зонхилон тохиолддог гэх тоо баримтыг тэд онцлов. Тус төвд хүүхэд өсвөр үеийн клиникт хандан үзүүлж зөвлөгөө авсан хүүхдүүдийн тоо жил ирэх тусам ихэсч байгаа гэдгийг батлах хэдэн хэдэн жишээ дурдлаа. Тухайлбал, цахим донтолтын улмаас хүүхэд өсвөр үеийн клиникт 2015 онд 35, 2016 онд 68, 2017 онд 94 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. 2018 оны эхний таван сарын байдлаар Аутизм эмгэгтэй оношлогдсон 470 хүүхдийн 350 нь СЭМҮТ-д оношлогджээ.
“Аргальхүү” төслийг олон нийтэд хүргэх, таниулахын тулд төслийн багийнхан маргааш буюу тавдугаар сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, өдөрлөг зохион байгуулах юм байна. Ийнхүү төслийн эхний танилцуулга болох “Аутизм гэж юу вэ” комик олны хүртээл болоход бэлэн болжээ. Цаашид хэт хөдөлгөөнтөх, анхаарал дутмагших эмгэг, цахим донтолт, айдсын эмгэг, сэтгэл гутрал, оюуны хомсдол зэрэг комик цувралууд гарах аж.
Э.Бурам