Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

МАН-ын наадмын бэлэг

Танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавын дуусдаггүй яриа одоо л нэг ажил хэрэг болох шинжтэй, татварын реформоо Засгийн газар УИХ-д өргөн барилаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан татварын багц хуулийн шинэчлэлээ М.Энхболдод гардуулснаар татвар төлөгчдийн хүлээлт нэг алхам урагшлав. Ингээд эдийн засагт хийх шинэчлэл М.Энхболдын парламентын гарт ирж байна. Энэ реформ бол иргэн бүхэнд хамаатай. Цалинждаг, цалинжуулдаг, татвар төлдөг, төлдөггүй бүхэнд.

Бүрэн эрхийнхээ хугацааны талыг үдсэн МАН-ын засагт ядаж л 888 гэсэн шүншигт тоо, шүгэл болгоод үлээчих томоохон бодлого одоогоор алга. Харин УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Ч.Хүрэлбаатарын боловсруулсан реформ дээрээ бүлгээрээ ажиллаад татварын шинэчлэлээ хийж чадах юм бол ирэх сонгуульд ядаж хэлэх нэг үгтэй, ярих ганц бодлоготой байх биз.

   Ч.Сайханбилэгийн үед эхлүүлсэн татварын шинэчлэл НӨАТ-ын хуулийг өөрчлөөд зогссон. Уг нь З.Энхболдын парламент татварын багц хуулийн шинэчлэлийг нь цаг алдалгүй батлаад өгсөн бол улсын төсөвт ч нэмэртэй байв.

Сүүлийн хоёр жил дараалан татварын орлого 100 хувь давж биелсэн нь НӨАТ-ын хуулийн шинэчлэлийн үр дүн. Түүнээс МАН-ын сайнд татварын орлого гэнэт нэмэгдсэн юм биш. Харин одоо МАН-ын сайныг харах цаг.

МАН татварын багц хуулийг шинэчлэх эсвэл дахиад цаг алдах  эсэх нь шулуухан хэлэхэд М.Энхболдын парламентаас шалтгаалахаар болж байна. Ардын засгийн зарласан гурван тулгуурт хөгжлийн  бодлогын нэг нь мэдээж, татварын реформ. Засгийн газар “хөзрөө” дэлгэсэн, бодлого дэмжүүлэхээр УИХ-д оруулсан.

Арван жилийн өмнө нэг тэрбум ам.доллартай тэнцэж байсан  Монголын эдийн засаг 10 дахин тэлсэн.  Харамсалтай томорч буй эдийн засгийн модельдоо татварын хууль нь чамлагдах болоод лав 12 жил болжээ. Хамгийн сүүлд 2006 онд татварын багц хуулиа шинэчилснийг эс тооцвол  эдгээр хуульд гар хүрээгүй явсаар Ч.Хүрэлбаатарт реформ хийх үүрэг даалгавар ирсэн гэж хэлж болно. Энэ реформ далд эргэлдэж буй сая, сая долларыг ил болгоход ч нэмэртэй

Монголд өнөөдөр 132 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Түүний ердөө нэгхэн хувь буюу 400 компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 85 хувийг бүрдүүлдэг аж. Чамламаар бага тоо байгаа биз. Татварын байцаагч нар өртэй компаниудын хувьд хадны мангаа болсон. Татварын торгуулийг нь хамгийн их дээр нь бичээд авлига аваад асуудлыг нь зохицуулдаг гэсэн яриа ч байдаг. Адаглаад л өр ширнээсээ болоод өчнөөн хүн айдастай, дарамттай амьдардаг. Татварын өртэй нэгэн бизнесмен бүсгүй оёсон хувцаснуудаа шатаана гэж Ч.Сайханбилэгийн засгийг “шантаачилж” байсан нь саяхны болсон явдал. АН-ын үед татварын өр ширнээс болоод 2000 бизнесмений асуудал прокурор дээр шалгагдаж байсан. Энэ асуудал тэгсхийгээд намжсанийг бодоход бизнес эрхлэгчид хуулийнхантай тохиролцоод өнгөрсөн байх магадлалтай. Гэхдээ зөвхөн хардлага шүү.

УИХ-ын хүлээлгийн өрөөнд байгаа, Сангийн сайд, гавъяат эдийн засагч Ч.Хүрэлбаатарын боловсруулсан татварын багц хуулийг шинэчлэлтээр татварын өр төлөх хугацааг тухайн татвар төлөгчид үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах боломжтой байхаар тусгажээ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бол том дэмжлэг.

Татварын реформын хүрээнд гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд өрийн бичиг, хувьцаа гаргасан тохиолдолд ногдол ашгийн болон хүүгийн орлогод ногдох албан татварыг бууруулж, таван хувиар ногдуулахаар тусгажээ. Мөн  жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөх асуудал яригдаж байна.  Хуулийн төслөөс харахад байгальд ээлтэй тоног, төхөөрөмж борлуулах, гарааны компаниудын инноваци шингэсэн ажил үйлчилгээ, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд ногдох албан татварыг хөнгөлөхөөр, 10 хувийн орлогын албан татвар ногдуулах гурван тэрбум төгрөгийн босгыг зургаан тэрбум болгож нэмжээ. Өөрөөр хэлбэл 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлогод 10 хувь, зургаан тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлогод 600 сая төгрөг, дээр нь тухайн жилийн орлогод 25 хувиар нэмж татвар ногдуулна гэж заасан байна.

Ардын засгийн өргөн барьсан реформыг УИХ дэмжвэл  бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөх чадвар сайжирч, татвар төлөхтэй холбоотой гарах зардал буурах гэж Ч.Хүрэлбаатар сайд үзэж байгаа аж.  Үнэхээр ч эдийн засагт реформ болох Татварын багц хуулийн шинэчлэлийг хаврын чуулган завсарлахаас өмнө баталж чадвал татвар төлөгч хүн болгоны хувьд МАН-аас өгч буй  наадмын том бэлэг болох нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж