Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ 14 хоногийн өмнө 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдэд хэмжих хэрэгслээ баталгаажуулах, зарж байгаа бүтээгдэхүүний сав боодол, хэмжээнд анхаарч зохих стандартын дагуу болгох үүрэг өгсөн байдаг. Энэ дагуу нийслэлийн мэргэжлийн хяналт болон стандарт хэмжил зүйн төв хамтран 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчид гэнэтийн шалгалт хийв. Манай сурвалжлах баг шалгалтын хүмүүстэй хамт улсын бүртгэлийн ерөнхий газрын замын урдах хэсгээс эхлэн хэд хэдэн газраар оров. Хадаас, хар цаас гэх зүйлсийг худалдаалдаг дэлгүүрээр ороход өмнө тавьсан шаардлагыг биелүүлээгүй ямар ч баталгаа байхгүй жин хэмжүүрээр иргэдэд үйлчилж байв.
Зүй ёсны шаардлага үүргийг биелүүлээгүй байсан учир НМХГ-ын улсын байцаагч нар торгуулийн хуудас бичиж, зөрчлийн хуулиар арга хэмжээ авахыг сануулав. Байцаагч нар хэд хэдэн барилгын худалдаа эрхлэгч дэлгүүр, бөөний төвөөр ороход хоёр газар нь 14 хоногийн өмнө тавьсан шаардлагыг биелүүлсэн хэмжих хэрэгсэл жингээ баталгаажуулсан байв. Бусад газруудын хувьд жингээ баталгаажуулаагүй, сав боодол нь шаардлага хангахгүй, савласан бүтээгдэхүүн савласан хэмжээндээ хүрэхгүй зэрэг дутагдал их илэрсэн юм. Шалгалтын явцтай холбоотойгоор НМХГ-ын стандарт хэмжил зүйн хяналтын ахлагч байцаагч Г. Отгонсүрэнгээс зарим зүйлсийг тодрууллаа.
-Шалгалтын явцад зарим аж ахуй нэгж өмнөх тавьсан шаардлага биелүүлээгүй байх шиг байна?
-НМХГ-ын дэд даргын баталсан удирдамжийн дагуу 100 айл барилгын худалдаа эрхлэгчдэд хэмжих хэрэгслийн баталгаажилтыг шалгаж явна. 14 хоногийн өмнө шалгалт явуулж зохих үүрэг өгсөн ч зарим аж ахуй нэгжүүд шаардлага хангаагүй тохиолдол байна. Шалгалт эхлэхээс л хэд хэдэн аж ахуйн нэгжүүд биелүүлээгүй байна. Гэхдээ зарим аж ахуйн нэгжүүд биелүүлсэн харагдаж байна. Өмнө нь 27 аж ахуйн нэгид шаардлага өгсөн.
-Шалгалтын явцад гарч байгаа гол зөрчлүүд?
-Гол гарч байгаа зөрчил нь дутуу савлагаатай бүтээгдэхүүнүүд байна. Мөн хэмжих хэрэгсэл нь баталгаагүй байна.
Зөрчил гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдэд ямар арга хэмжээ авах бэ?
-Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээг өнөөдрөөс эхлээд авч эхэлнэ. Өмнө нь шаардлага л өгсөн байгаа.
Энэхүү шалгалтыг Стандарт хэмжилзүйн төвөөс тухайн газар болон НМХГ хамтран жин хэмжүүрээр савласан бүтээгдэхүүнийг шалгаад явахад ихээхэн дутагдал илэрүүлсэн. БНХАУ-аас импортоор орж ирдэг 30 кг-ын замаскийг хэмжиж үзэхэд уутан дээрээ 30 кг гэсэн боловч яг үнэндээ 24 кг байв.
Мөн 15 кг-аар савласан замасктай бүтээгдэхүүнээс хоёрыг сонгон хяналтын жин дээр тавьж үзэхэд нэг нь 14,6 нэг нь 14,2 байгаа нь жиндээ хүрэхгүй байв. Энэ байдалтай холбоотойгоор шалгалт хийж буй Стандарт хэмжил зүйн төвийн механик лабораторийн мэргэжилтэн А.Галбадрахаас иргэд юуг анхаарч болох талаар тодруулахад, ‘Иргэд, хэрэглэгч нар зөвхөн барилгын материал гэлтгүй бүх савлагаатай бүтээгдэхүүний сав боодол дээрх хэмжээг эхэлж нягталж хараад үйлчлүүлж байгаа газрынхаа хэмжих хэрэгсэл дээр үзэх хэрэгтэй. Хэрвээ хэмжээндээ хүрэхгүй, дутуу байвал иргэд мэргэжлийн хяналтын газар хуулийн байгууллагад хандах бүрэн эрхтэй юм.
Шалгалтын ажил цаашдаа үргэлжлэх бөгөөд нийтдээ 300 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлсэн байгаа юм байна.
Н. Ганбат