Хорих 461-р ангид саатуулагдаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын бие муудаж хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн талаар бид мэдээлсэн.
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангийн эмч нарын комисс тавдугаар сарын 23-ны өдөр хуралдаж С.Баярын биеийн байдал хүндэрсэн тул Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Энэ асуудлаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгалан өнгөрөгч долоо хоногт “С.Баярын ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан, алхаж чадахгүй хэвтэн, эмчлүүлж байгаа. Ерөнхий эрүүл мэндийн байдал сайнгүй байсан. Тиймээс шаардлагатай эмчилгээг цаг хугацааны дагуу хийж байна” гэсэн хариултыг өгсөн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар С.Баярын биеийн байдал сайжирсан эсэхийг тодруулахад тус эмнэлгийн Эмчилгээ хариуцсан орлогч дарга н.Ганзориг “Биеийн байдал тогтворжиж байгаа. Би өөрөө хариуцаад үзлэг хийгээгүй болохоор энэнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй. Дан ганц тулай биш, өөр олон өвчин хүндэрсэн байдалтай манайд ирсэн” гэж мэдээллээ.
Хамгийн сүүлд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг хорихгүйгээр байцаах санал гаргасан ч шүүх түүнийг нь хүлээж аваагүй юм. Одоогоор С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцэх шүүх хурлын тов гараагүй юм. Мөн эмнэлгийн дарга маргааш /2018.05.31/ С.Баярын биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн албан бус мэдээлэл байна.
Э.Ариун