Д.Жигжиднямаа: “Улаанбаатар төмөр зам”-ын шинэчлэлд 260 сая ам.доллар шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

Д.Жигжиднямаа: “Улаанбаатар төмөр зам”-ын шинэчлэлд 260 сая ам.доллар шаардлагатай

Д.Жигжиднямаа: “Улаанбаатар төмөр зам”-ын шинэчлэлд 260 сая ам.доллар шаардлагатай

Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, А.Ундраа, Ж.Эрдэнэбат нартай хамтран Зам , тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн өнөөдөр /2018.05.30/ зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, нийт 800 гаруй зочид төлөөлөгчид оролцож салбарынхаа тулгамдсан асуудалд дуу хоолойгоо хүргэж байна.

Зөвлөгөөнийг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 80 жилийн түүхтэй төмөр замын салбарын түүхэн замнал, салбарын бодлого, өнөөгийн байдал, ололт амжилт, тулгамдаж буй асуудал болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлсэн үгэндээ “ Гадаад хамтын ажиллагаанд таатай орчин бүрдэж байна. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар хэд хэдэн удаа уулзаж Монголоор дайрсан эдийн засгийн коридорыг бий болгохоор тохиролцсон. Мөн гурван улсын тээврийн сайд нар уулзаж асуудлаа хамтран хэлэлцдэг болсон, тээврийн салбарын хамтын ажиллагаа, ялангуяа төмөр замын тээврийг хөгжүүлэхэд ихээхэн үр дүнгээ өгнө гэж үзэж байна гэдгийг тэрбээр онцлов.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа:

-“Улаанбаатар төмөр зам”-ын тулгамдсан гол асуудал нь хөрөнгө мөнгө, техник технологийн шинэчлэл, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Энэ жил нэвтрүүлэх чадварынхаа дээд цэгт хүрэх гээд байна. Ирэх жилд үүнээс илүү ачаа тээвэрлэхэд хүндрэлтэй болно. Мөн орчин үеийн удирдлагын систем оруулах зэрэг тулгамдсан асуудал олон бий. Олон жил мартагдсан, хаягдсан техник бүгд муудсан. Тэдгээрийг шинэчилж солих хөрөнгө оруулалт шаардлагатай . Эхний удаад 260 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.

ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур “ Төмөр замын салбарын бодлого, эдийн засгийн коридорууд, хуулийн шинэчлэл” сэдвээр илтгэл тавив.

Тэрбээр тус илтгэлдээ “Салбарын хуулийг шинэчлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Одоогийн мөрдөж буй хууль 2007 онд батлагдсан. 2010 онд төрөөс төмөр замын тээврийн  талаар баримтлах бодлогыг баталж шинээр олон мянган км төмөр зам барих маршрут, чиглэлийг баталсан. Шинээр төмөр зам барих зохицуулалт 2007 оны хуульд байдаггүй. Мөн тээвэрлэлтийн эрхзүйн харилцааг зохицуулсан заалт байдаггүй учраас шинээр боловсруулж буй хуулийн  төсөлд үндсэн гурван чиглэлээр шинэ бүлэг болгож нэмэхээр төлөвлөж байна. Тухайлбал, төмөр замын салбарын аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг өмнө нь нийтээр дагаж мөрдөх журмаар зохицуулдаг байсан бол  шинэ хуульд энэ талыг  тусгаж өгөх зайлшгүй шаардлагатай байна. Мөн төмөр замын тээвэрлэлттэй холбоотой эрхзүйн харилцааг зохицуулах асуудал тулгарч байна” гэв.

“Монголын төмөр зам’ ТӨХК-ийн захирал Б.Цэнгэл: 

-“Монголын төмөр зам’ ТӨХК 2008 онд Засгийн газрын шийдвэрээр байгуулагдаж байсан. 2010  онд УИХ-аас төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан. Тус баримт бичигт Монгол Улс өөрийн гэсэн төмөр замын бүтэцтэй болох тухай тусгасан байдаг. Улмаар шинэ төмөр зам гэдэг нэр өгч тус төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр  үе шат нь 1100 км орчим зам, хоёрдох үе шат нь 900 км зам барихаар тусгасан. Гурав дахь үе шат нь баруун аймгууд руу чиглэсэн 3600 орчим км төмөр зам барьж байгуулах. Ингэхдээ төмөр зам барих концессын эрхийг манай компанид олгосны дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2010 оноос эхэлсэн. 2014 онд бүтээн байгуулалт түр зогссон. Нийт 52 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус төмөр замыг барьж дуусгах нь компанийн тулгамдсан асуудал болж байна. Ойрын хугацаанд хийж дуусгах  тооцоолж байгаа. Засгийн газраас Тавантолгой төслийг хөдөлгөх хувилбарыг УИХ-дах МАН-ын бүлэгт танилцуулсан. Удахгүй холбогдох эрх бүхий байгууллагуудаар хэлэлцэгдэн нааштай шийдвэр гарах байх. Төслийн 30 хувьд нь IPO гаргаснаар дөрвөн тэрбум ам.доллар босгоно гэж үзэж байгаа. Тус хөрөнгийн тодорхой хувийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах хувилбар яригдаж байгаа. Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг гүйцээн барихад  нийт 600-700 сая ам.доллар шаардлагатай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж