Хуурамч шатахууны талаарх шалгалтын дүгнэлтийг хэн нуугаад байна вэ гэхээр

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

Хуурамч шатахууны талаарх шалгалтын дүгнэлтийг хэн нуугаад байна вэ гэхээр

Хуурамч шатахууны талаарх шалгалтын дүгнэлтийг хэн нуугаад байна вэ гэхээр

Шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэртэй ярилцлаа.


-Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын дарга Лю багийн Эрдэнэчулуун “Хуурамч шатахуун байхгүй” гэсэн цочир мэдэгдэл хийсэн. Эндээс яриагаа эхлэх үү?

-2017 онд Ашигт малтмал, Газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг гарч нефтийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг,  найруулдаг компаниудад шалгалт хийсэн. Энэ шалгалтанд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас Эрчим хүч, Хэмжил зүйн хэлтсийн дарга А.Бямбадорж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Мөнхболд, Б.Золжаргал нар орсон. Эдгээр байцаагч нартай уулзахад “Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын зүгээс нефтийн нэмэлт бүтээгдэхүүн боловсруулдаг, зардаг компаниуд болох “Трансгайд”, “Хар мөрөн импекс”, “Петролиум  продакшн”, “Ай Си Ай Си”, “Трафигура” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааг зогсоох санал шалгалтын ажлын хэсэгт хүргүүлсэн” гэж мэдэгдсэн. Шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтэнд ч эдгээр санал тусгагдаад явж байгаа юм. Гэтэл Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун гэв гэнэт гарч ирэн эрх мэдлээ урвуулан ашиглаж хэвлэл мэдээллийнхэнд буруу мэдээлэл өгсөн. Тэр ч бүү хэл “А-80 дээр октан нэмээд Аи-92 болгодог олон улсын технологи байдаг. Дизель түлш дээр керосин нэмдэг” гэх мэтчилэн ярьсан. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Стандартын 5.5.4-т “Бензин импортлогч, борлуулагч нь бензинд октаны тоо нэмэгдүүлэгч болон бусад чанар сайжруулагч нэмэлт нэмж, хольж болохгүй” гээд заачихсан. Дизелийн түлш дээр ч ялгаагүй 5.3-т “Түлш импортлогч, борлуулагч нь түлшинд чанар сайжруулагч нэмэлт нэмж, хольж болохгүй” гээд заачихсан. Эдгээр заалтуудыг мэддэггүй юм уу, хэн нэгэн буруу мэдээлэл өгсөн үү, эсвэл нөлөөнд орсон уу бүү мэд. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын дарга Л.Эрдэнэчулуун Ерөнхий газраасаа зөрж хариуцлагагүй мэдэгдэл хийснийх нь төлөө АТГ болон Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахаар болсон.

-2017 оны Ашигт малтмал, Газрын тосны газар, МХЕГ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хамтарсан шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг яагаад ил болгохгүй байгаа юм бэ?

-Нийтдээ 18 хүний бүрэлдэхүүнтэй маш том ажлын хэсгийн шалгалтын дүнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хүлээн зөвшөөрсөн. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрынхан ч адил байр суурьтай байгаа юм. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлт юун дээр гацав гэхээр Ашигт малтмал, Газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр гэдэг хүн дээр дарагдчихсан. Энэ нөхөр юу гэдэг вэ гэхээр “Би энэ шалгалтын ажлын хэсгийг ахлаагүй учраас дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэдэг. Яагаад вэ гэхээр уг шалгалтын ажлын хэсгийг ахлаж байсан Л.Раднаасүрэн халагдчихсан юм байна. Тэр хүний өмнөөс гарын үсэг зурахгүй гээд байна л даа. Тэгээд өөр хүнд өгөөч гэхээр “Энэ ажлын хэсгийн дүгнэлтэд итгэхгүй байгаа учраас би өөрөө явж шалгана” ч гэх шиг. Хэрвээ бид асууж сураглаагүй бол жил дамнасан энэ шалгалтын дүнг  дараад өнгөрөх байж. Нэг том толгойлсон орлогч угшил нэгтэй, чиг ойролцоо салбарынхандаа итгэхгүй  гэхэд  “Төрийн залгамж чанар”-аас илүүтэй өөр  нандин холбоо  дээрхи компаниудтай байгаа юу гэх хардлага төрүүлснийг нуух хэрэггүй  болов уу. Нөгөөтэйгүүр төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байна уу гэсэн сэтгэгдэл төрсөн.

-Тухайлбал…

-Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны удирдлагууд “Стандартын бус шатахууныг зогсоохын тулд Гаалийн болон онцгой албан татвар авъя” гэсэн саналаа Сангийн яаманд хүргүүлсэн юм билээ. Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээс татвар авахад жилдээ 60 тэрбум төгрөг олно. Энэ мөнгөөр юу юу хийж болохыг та бүхэн төсөөлж байгаа байх. Гэтэл энэ талаар Сангийн яамныхан маань амаар зөвшөөрдөг ч ажил хэрэг болгохдоо хойрго хандаад байгаа харагдлаа. Уг нь төрийн сан хөмрөгийг арвижуулахын төлөө тэнд юу гарав гээд сэртэс хийж байх учиртай биз дээ.

-Хуурамч шатахуун гэж нэрлэх нь зөв үү?

-Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын ажилтнууд иймэрхүү үг цухуйлгаж байна лээ. “Хуурамч шатахуун” гэдэг үгийг хэн хэлсэн бэ гэхээр эрдэмтэн, докторууд болон эрдэм шинжилгээний лабораторийн ажилтнууд хэлсэн юм. Маниас өмнө 2010 онд энэ талаар мэдэгдэл хийж байсан Уул уурхайн яамныхан хэлсэн байдаг. Гүүгэлдээд үзчих л дээ. Химийн ухааны эрдэмтэн, докторуудтай хэл уран зохиолын багш авгай нэг их ч маргаад хэрэггүй болов уу. “Стандартын бус”, “Найрка”, “Коктайл” гэх мэтчилэн нэрлэж болно.  “Нисдэг бор морийг нь идээд ир гэсэн үү, нисдэггүй бор морийг нь идээд ир” гэсэн үү гэдэг шиг импортлогч нарыг Аи-92 аваад ир гэсэн болохоос нефтийн нэмэлт бүтээгдэхүүн хольж сэгсрээд аваад ир гэж хэлээгүй л байхгүй юу.

-Иргэдийн зүгээс хуурамч шатахуун зарж байгаа ШТС-ыг зарла гэсэн шаардлага тавиад байна л даа?

-Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунаас эхлээд эсэргүүцэлтэй их тулгарч байна л даа. Бид иргэний эр зориг гаргаад эх үүсвэр, үүр уурхай болсон “Трафигура” компанийн охин аж ахуйн нэгжүүдийг зарласан. Энэ компанийн тухай товчхон хэлэхэд 54 улсад салбартай, хөгжиж байгаа улс орнуудад нефтийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж зардаг. 1988 оноос Эрдэнэт үйлдвэрээс зэс авч байснаа одоо Оюутолгойгоос баяжмал авч оронд нь нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээр хийсэн “коктайл”-аар дайлж байх жишээтэй. Манай холбоо жижиг жараахайтай нь бус үндэстэн дамнасан, улс төрийн хамгаалалтад байдаг бүлэглэлтэй модон сэлмээр байлдаж байгааг хэлэх хэрэгтэй.

-Та бүхнийг дэмжиж байгаа төрийн байгууллагууд байна уу?

-Ний нуугүй хэлэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс эхлээд хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тэдний зөвлөгөөг авсан. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар хүртэл дэмжиж тодорхой бичиг баримт гаргаж өгсөнд талархаж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчилэн “Нефть боловсруулах үйлдвэр барих хүртэл тэмцэнэ”.  Энэ их зовлон бэрхшээл, хүнд суртал, авлигажсан байдал “Нефть боловсруулах үйлдвэр” барихаас нааш шийдэгдэхгүй. Согтуу орос өвгөн гэрийнхээ гадаа нефть нэрээд сууж байхад бүхэл бүтэн Монгол Улс чадахгүй байна гэж байхгүй. Хамгийн багадаа  нэг сая тонн газрын тос БНХАУ -руу цутгаж байхад 1,5 сая шатахууны хэрэглээтэй тусгаар Монгол  Улс хувин сав санжгануулаад нефтийн шавхруу гуйх инээдэмтэй биш гэж үү. Цаашдаа газрын тос олборлоогүй хэрнээ үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгосоор байх уу. Үйлдвэрлээд сүйд болсон зүйл байхгүй шүү.  Баахан нефтийн нэмэлт бүтээгдэхүүн авч ирээд хольж сэгсэрдэг юм билээ. 2018 онд Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой шинэчилсэн журам гарчихсан байхад үндэстэн дамнасан компаниуд хуучнаараа л “дургиж” явах жишээтэй. Тэгээд ч Монгол Улсад хэрэгжихгүй хууль, журам гаргах хэрэг байна уу даа гэмээр.

-Дахиад шалгалтын ажлын хэсэг гарсан гэсэн. Та бүхэн орсон уу?

-“Гурилтай бол Доржийнхоос мах зээлээд сайхан цуйван хийж идэх юмсан. Даанч түлээгүй” гэдэг шиг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын мэргэжилтнүүд, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан маань “Шалгалт хиймээр байна. Даанч ч төсөв байдаггүй. Та бүхэн Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яаманд хэлээд өгөөч” гэх жишээтэй. Харин Ашигт малтмалын Газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Бид төсөв хөрөнгөө гаргаад биечлэн шалгана. 2017 оны шалгалтын ажлын хэсэгт итгэхгүй байна” гэснийг юу гэж ойлгох вэ. Таалагдаагүй шалгалтын дүнг зарладаггүй, өөрөө ажлын хэсэг гарган  шалгана гэдэг дарга даамлууд байна шүү цаагуур чинь.

-Танай холбоонд жолооч нар хандаад эхэлсэн тухай сонссон шүү?

-Монголчууд дэлхийн стандартад нийцсэн машин тэрэг унадаг. Тийм атлаа стандартын бус, найруулсан шатахуун хэрэглээд байж болохгүй байгаа юм. Том оврын машинаар тээвэр хийдэг уул уурхайн компаниуд, Ланд круйзер-200, Лексус-570 маркийн болон бусад авто машинтай иргэд хандаад эхэлсэн. Тэдний гомдлыг судлах, мэргэжлийн дүгнэлт гаргах талаар нэлээдгүй ажилтай сууж байна даа. Эцэст нь хэлэхэд хуурамч шатахууныг оруулж ирдэг гаалийнхан, хамгаалдаг албан тушаалтнууд  үнэнд гүйцэгдэж эхэллээ. “Өглөө” кино дээр “Бишээ бүүр цаад эздийг нь” гэдэг шиг хуурамч шатахууны үйлдвэрлэгч нарын цаана өмгөөлдөг, хамгаалдаг өндөр албан тушаалтан “Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яаманд ч бий. Гаалийн байгууллага бүр зүрх сэтгэлээрээ холбоотой гэдэг нь тодорхой болсон. Эцэст нь хэлэхэд үнэний эрэлд бидэнтэй хамт явсан, дэмжсэн хэвлэл мэдээллийнхэн, бусад хүмүүст хэлэхэд “Бид ялахад” ойрхон байна.

Д.БАТБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж