Засгийн газар болон Ерөнхийлөгчийн зүгээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох эсвэл 80 хувьд нь олгох тогтоолын төсөл УИХ-д өргөн барьсан. Өнгөрсөн долоо хоногт чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж, Засгийн газраас өргөн барьсан хүүхэд бүрт бус 80 хувьд олгох тогтоолыг баталсан юм. Энэ үеэр гишүүд хүүхэд бүрт олгоно, олгохгүй гэж маргасан. Ялангуяа, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар чуулганы танхимд хэрүүлийн алим шидэлцсэн. Тиймээс News агентлаг VS буландаа тэдний эсрэг, тэсрэг байр суурийг онцолж байна.
Ч.Хүрэлбаатар
Сангийн сайд
УИХ хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох шийдвэрээ гаргачихлаа. Хамгийн гол нь мөнгөндөө байгаа юм биш. Жил хагасын өмнө Монгол Улсын гадаад өрийн төлөлтөд эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болж, хандив хүртэл цуглуулж байсан. Улмаар ОУВС-аас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаа даван туулахад туслахыг хүссэн. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд, Япон, БНСУ, БНХАУ тэргүүтэй улсуудын хөнгөлөлттэй зээлүүд орж байгаа. Анх хөтөлбөрийг авахдаа Японы Жайка, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хүүхдийн мөнгийг 60 хувьд буюу зөвхөн зорилтот бүлэгт олгохоор тохиролцож, бодлогын баримт бичгүүд дээр гарын үсэг зурсан байдаг. Өнөөдөр эдийн засгийн сэргэлт ажиглагдаж, зээлийн хүү бууж, эхнээсээ Монгол Улс өрнөөс салаад эхэлсэн байна. Энэ эерэг хандлагыг бид цаашдаа үргэлжлүүлэх шаардлагатай. Гэтэл хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгох энэ санал ОУВС-ийн хөтөлбөрийг зогсоох эрсдэлд хүргэж байгаа юм. Хүүхдэд хайртай, хайргүй гэх асуудлыг сөхөж ярьсан. Гэхдээ бид улс орныхоо төлөө гэсэн том агуулгаар нь харж, асуудалд хандах хэрэгтэй.
Ж.Мөнхбат
УИХ-ын гишүүн
Анх хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгоно гэсэн шийдвэрийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар гаргаж байсан. МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэж олонх болсон. Өнгөрсөн 2017 оны долдугаар сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүүхдийн мөнгийг ялгаварлахгүйгээр бүгдэд нь олгоно гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр төсвийн хууль зөрчсөн гэж үзээд тэр Засгийн газрыг огцруулж байсныг та бүхэн мэднэ. Өнөөдөр бол хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шаардлагагүй. Хүсэлт гаргасан бүх хүүхдэд өгөхөд л болох асуудал. Энэ мөнгө тухайн өрхөд хэрэгтэй гэж үзвэл авна гэсэн үг. Ингэснээр нийт хүүхдийн 85-90 хувьд нь хүүхдийн мөнгө олгох юм. Жишээлбэл, долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олговол 12.9 тэрбум төгрөг шаардлагатай гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн. анай Засгийн газрын үед нөхцөл байдал өөр байсан. Одоо бол нийт хүүхдийн 20 хувийг нь орхичихож байна. Манай Засгийн газрын үед ОУВС-тай яриа хэлэлцээ эхлүүлэхэд хэцүү байсан. Эдийн засгийн үзүүлэлт хасах нэг хувь руу орчихсон байсан. Харин өнөөдөр бол өөр. Хэрэв ОУВС-ийн хөтөлбөр зогсох байсан бол яагаад 80 хувьд нь олгоё гэсэн шийдвэрийг өнөөдөр гаргаж байгаа юм. ОУВС “Танай Засгийн газрыг заавал албадахгүй. Та нар ерөнхий хэлэлцээрийнхээ хүрээнд явж болно” гэсэн. Тиймээс улс төр, эдийн засгийнхаа дотоод нөхцөлдөө тааруулаад шийдвэр гаргах боломж бүрэн байна.
Холбоотой мэдээ