Засгийн газрын хуралдаан болж байна. Хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер нар ‘Иргэдийн төсөв-2018’ товхимол хэвлэгдэн гарсан талаар мэдээлэл хийлээ. ‘Иргэдийн төсөв-2018’-ыг сонирхсон бүх иргэд Сангийн яамнаас үнэ төлбөргүй авч болох нь.
“Иргэдийн төсөв-2018” товхимлыг Сангийн яамны санаачлагаар, АНУ-ын Засгийн газрын санхүүжилт, дэмжлэгээр Монгол Улсын 2018 оны батлагдсан төсвийн мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор Монгол, Англи хэлээр бэлтгэн гаргажээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ‘Иргэдийн төсөв-2018’ гэдэг номыг бэлэн болголоо. Энэ бол зөвхөн ном биш. Энэ бол 2019 оны төсвөөс эхлэн төсвийг боловсруулах, батлах, хяналт тавихад иргэдийн оролцоог бүрэн хэмжээгээр хангах зорилготой. УИХ-аар баахан төсөв баталдаг. Баахан тоо ярьдаг. Өөр мэдээлэл байдаггүй. Хаана ямар нэгэн хөрөнгө оруулалт хийсэн тухай яригддаг. Тэгвэл татвар төлөгчдийн мөнгө юунд зарцуулж байгаагаа тодорхой тавьж өгсөн. Тухайлбал, нийт хүүхдэд зориулсан 12 бодлого хэрэгжүүлж байна. Нийт 1.5 их наяд төгрөгийн төсвөөр хэрэгжиж байна. Төсвийг энгийн ойлгомжтой хэлбэрээр иргэдэд хүргэж байна. Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас Монгол Улсын төсвийн ил тод байдалд үнэлгээ өгсөн байдаг. Одоогоор дэлхийн 100 орноос 46 дугаарт жагсаж байна. Дунджаас хоёр тоогоор дээгүүр явж байна. Гэхдээ бид цаашид төсвийг зүй зохистой зарцуулахад яах аргагүй ард иргэдийн оролцоо их чухал.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П. Микаллер ‘Монгол Улс ад анх удаа танилцуулагдаж байгаа Иргэдийн төсөв-2018 арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Энэ бол илүү ил тод, дипломат зарчмыг хэрэгжүүлэхэд Монгол Улс дахин нэг томоохон алхам хийлээ. АНУ-ын Сангийн яамны зөвлөх ноён Жон Бартоны удирдсан багийнханд Монгол Улсын Сангийн яамнсанхүүгийн ил тод байдлыг хангах, төсвийг иргэдэд илүү ойлгомжтой хэлбэрээр хүргэх хүсэлтэй байгаагаа танилцуулсан. Ингээд АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтэс ноён Жон МакДаниелийн удирдлага дор АНУ-ын Төрийн департаментаас дэмжлэг авч энэхүү товхимолыг Сангийн яамтай хамтран бүтээгээд байна. Төсвийг ил тод болгох нь хамгийн чухал. Сангийн яам Төсвийн зарлагын чиглэлээр маш хариуцлагатай үйл ажиллагаа явуулсан. Энэхүү товхимол нь Засгийн газрын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгож, энэ дагуу нь хариуцлага ярихад ихээхэн ойлгомжтой болгож байна. Энэ үйл хэргийг эхлүүлж ажил хэрэг болгосон Ч.Хүрэлбаатар сайдад баяр хүргэж байна. АНУ-ын Засгийн газар төр засгийн үйл ажиллагааг ил тод болгохыг шийдвэртэйгээр дэмждэг. 2013 онд бидний байгуулсан хоёр талын Ил тод байдлын хэлэлцээрт тусгаснаар Монгол Улсын аливаа улс төрийн үйл явц, түүний дотор хууль тогтоох болон зохицуулах үйл явцад ил тод байдлыг чухалчлах тал дээр байнга хамтарч ажиллаж ирсэн. Татварын хуульд өөрчлөлт оруулахад иргэдийн дунд олон хэлбэрээр хэлэлцүүлэг явуулсан нь ил тод байдлын үйл явц хэрхэн үр дүнтэй явж байгааг харууллаа. Ил тод байдлыг цаашид чухалчилснаар Монгол Улс ардчиллаа улам бэхжүүлээд зогсохгүй гадаадын хөрөнгө оруулагч, компаниудыг Монголд авчирч чадна’ хэмээлээ.
Т.НОМИН