Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож байгаа багуудыг цувралаар танилцуулж байна. Энэ удаа Перугийн шигшээ багийг онцлов.
- Дасгалжуулагч: Рикардо Гарека
- Шигшээ багийн ахлагч: Альберто Родригес
- Шигшээ багтайгаа хамгийн олон тоглосон: Роберто Паласиос 128 тоглолт
- Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Роберто Герреро 32 гоол
- ФИФА-н чансаа: 2018 оны тавдугаар сарын байдлаар 11
- ДАШТ-нд оролцсон байдал: 1970, 1978, 1982 онуудад оролцсон
- ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1970 онд хэсгээсээ гарч байсан
Орос хүрэх замд:
Перугийн шигшээ баг Өмнөд Америкийн бүсээс Бразил, Уругвай, Аргентин, Колумбын араас таваар гарсан. Чилийн шигшээтэй оноо тэнцсэн бөгөөд +1 гоолоор плэй-оффын нэмэлт тоглолтонд оролцох эрх авсан. Ингээд нэмэлт тоглолтоо Далайн орнуудын бүсийн Шинэ Зеландын шигшээ багтай хийж хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2-0 харьцаатай хожиж 36 жилийн дараа буюу 1982 оноос хойш анх удаагаа дэлхийн аваргад оролцох эрхтэй болсон.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
Аргентин дасгалжуулагч энэ сарын 15-нд шигшээ багаа 24 тамирчинтай зарлаад байна. Эдгээр тоглогчдоос нэг тоглогч гэртээ үлдэж 23 тамирчин Орос руу ниснэ. Харин шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан Х.Герреро шигшээ багтаа багтаж чадаагүй. Түүний талаар таагүй мэдээлэл гарч байсан бөгөөд давж заалдсан ч заргаа авч чадаагүй тул дэлхийн аваргад оролцох эрхгүй болсон.
- Хаалгач: П.Гальесе (Мексикийн Веракрус), К.Каседа (Депортиво Мунисипаль), Х.Карвальо (УТК)
- Хамгаалагч: А.Родригес (Колумбын Атлетико Хуниор), М.Трауко (Бразилын Фламенго), Л.Абрам (Аргентины Велес Сарсфилд), К.Рамос (Мексикийн Веракрус), Л.Адвинкула (Мексикийн Лобос БУАП), А.Сантария (Мексикийн Пуэбла), А.Корсо (Университарио), М.Араухо (Альянса Лима), Н.Лойола (Мельгар)
- Хагас хамгаалагч: Р.Тапиа (Нидерландын Фейеноорд), С.Пенья (Испаний Гранада), П.Уртадо (Португалын Витория Гимарайнш), Э.Флоренс (Данийн Ольборг), К.Куэва (Бразилын Сан-Пауло), П.Акино (Мексикийн Лобос БУАП), В.Картахена (Мексикийн Веракрус), Й.Йотун (АНУ-ын Орландо Сити), Э.Поло (АНУ-ын Портленд Тимберс)
- Довтлогч: Ж.Фарфан (Оросын Локомотив), А.Каррильо (Английн Уотфорд), Р.Руидиас (Мексикийн Монаркас Морелия)
ДАШТ-ний хэсэг:
Перугийн шигшээ баг ДАШТ-ний С хэсэгт Франц, Австрали болон Данийн шигшээ багуудтай багтсан. Хэсгийн эхний тоглолтоо Данийн шигшээ багтай хийнэ. Перугийн шигшээ багийн хувьд хэсгээс гарах магадлалтай. Үүний тулд Данийн багийг заавал хожих ёстой. Данийг хожсон тохиолдолд хэсгийн сүүлийн тоглолтоо Австралийн шигшээ багтай хийнэ. Францыг эс тооцвол Перугийн шигшээд нөгөө хоёр баг нь тийм ч хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй болов уу.
Түлхүүр тоглогч:
Бразилын Сан-Пауло клубын 26 настай хагас хамгаалагч Кристиан Куэваг Перугийн шигшээ багийн шилдэг тоглогчийн нэгээр зүй ёсоор нэрлэж байна. 2017 оны Бразилын хөлбөмбөгийн дээд лигийн оны шилдэг тоглогчоор шалгарч, мөн ондоо билэгдлийн шигшээд багтаж байсан шилдэг тоглогч юм. Перугийн шигшээ багийн шилдэг довтлогч Х.Герреро энэ удаагийн ДАШТ-нд оролцох эрхгүй болсон тул хагас хамгаалагч К.Куэва шигшээ багийнхаа гол “хөзөр” байх болно. К.Куэва дэлхийн аваргын сорилго тоглолтуудын хүрээнд шигшээ багийнхаа төлөө дөрвөн гоол оруулсан.
Б.БЯМБАБАЯР