Хоол хүнс хэзээнээс дэлхий дээрх хүн төрөлхтний амин чухал хэрэгцээ байсаар ирсэн билээ. Манай гараг дээрх 7 тэрбум хүний цөөн хувь нь цагаан, ногоон хоолтон бөгөөд дийлэнх нь хүнсэндээ мал амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн хэрэглэж байна. Дэлхийн нийт худалдаа, бараа эргэлтийн ихэнх хувийг манай өмнөд хөрш эзэлж, хятад улс нь сүүлийн жилүүдэд бүх төрлийн худалдааны гол бүс болоод байгаа билээ. Шинэ Зеланд, Австрали, Уругвай улсын мах, махан бүтээгдэхүүн хятадын томоохон рестораны гол нэрийн хоол болж байгааг та анзаарсан байх. Тэгвэл хятадууд жилд дунджаар 7,000,000,000 (долоон тэрбум) тахиа, 600,000,000 (зургаан зуун сая) гахайг хоол хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд үүнээс гадна олон зуун тонн далайн гаралтай бүтээгдэхүүн, хонь үхрийн мах хэрэглэдэг гэдэг тооцоог “E-Commerce” Интернет худалдаа сэдвээр хичээл заадаг багшийн хичээл дээр дурьдагдаж байна. Шууд хиллэдэг манай улсын хувьд 1 тэрбум 400 сая хүн амтай БНХАУ-ын зах зээлд өөрийн нэрийн мах махан бүтээгдэхүүнийг зарж ашиг олох олон боломж байсан хэвээр л байна. Уламжлалт мал аж ахуйн орон атлаа бид энэ төрлийн экспортын асуудалд дэндүү хойрго хандаж байна. Олон улсын чанар стандартын дагуу махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж хөршдөө зарах боломжоо бид даруйхан ашигламаар санагдах юм.
Тэдэнд бараа бүтээгдэхүүнээ яаж зарах вэ?
БНХАУ-д интернэт худалдаа хурдацтай хөгжиж байгаа бөгөөд бидний гол борлуулалт ч энэ сувагаар явагдах нь зүйтэй юм. Тус улсад интернэтээр гэрийн шаахайнаас хоол хүнс, цахилгаан хэрэгсэл гээд бүх зүйлээ худалдан авах боломж нэгэнт бүрджээ. Сүүлийн үеийн тооцоо судалгаанаас харахад 800 сая гаруй хэрэглэгч интернэтийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг, тэдгээр хэрэглэгчийн 500 гаруй сая нь (E-Commerce) интернет худалдаа хийж бараа бүтээгдэхүүн зарж бас худалдан авч байна.
Хүргэлт үйлчилгээний асуудалд
Тэд сүүлийн таван жил тээвэрлэлт, логистикийн үйлчилгээний чанар, стандартыг шинэ шатанд гаргаж чаджээ. Тухайлбал бидний гол сонирхож буй мах махан бүтээгдэхүүнийг худалдан борлуулах зах зээлд хөргөлттэй тээврийн үйлчилгээ нэвтэрчихсэн бөгөөд бүр 24 цагийн дотор Хятадын нэг захаас нөгөө зах хүрэх боломжтой аж. Тэгэхээр манай махыг хятадын өнцөг булан бүрт суугаа сая сая хүмүүс худалдан авч, хүнсэндээ хэрэглэж боломжтой гэсэн үг юм. Хятадууд зөвхөн хятад даяар интернэт худалдааны түгээлтийг хийгээд зогсохгүй ирэх 5-10 жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт 72 цагийн дотор бараа, бүтээгдэхүүнээ хүргэх өндөр зорилт тавин ажиллаж байгаа гэнэ. Ийм л их боломж дунд бид ухаалаг тоглогч болж монгол махыг үнэ хүргэж, уул уурхайн сүрд дарагдсан хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбараа өөд нь татах гарцыг хамт хаймаар…
Миний санал гэвэл махыг уурын аргаар боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгож жижиглэнгээр нийлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Харьцуулан хэлэхэд бэлэн гоймон шиг савлаад идэж хэрэглэхэд бэлэн болгоод хүргэх хэрэгтэй гэсэн үг. Ингэж эцсийн бүтээгдэхүүн болгож чадвал нэг кг махны үнэ дээшилж ашиг нэмэгдэнэ гэсэн үг.
Иймд бид энэ салбарыг өөрчлөх, шинэчлэхэд хамтран ажиллахаас эхлээд яаралтай төрийн бодлогоор салбарын бизнесийг дэмжих шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр малчид нь малаа эрүүлжүүлэх, түүнд нь хяналт тавьж, хариуцлагажуулах, хэрэв зөрчвөл өндөр торгууль ноогдуулах шаардлага бий болжээ. Цаашлаад бүтээгдэхүүнээ эцсийн болгох, чанар стандартыг нэвтрүүлэх, цахим худалдааг хөгжүүлэх, тээвэр логистикийн ухаалаг сүлжээ, түгээлт, хяналт мониторинг бий болгох гээд олон ажлыг хийх шаардлагатай байгаа. Ингэснээр бид махны экспортоороо асар их мөнгө олох боломжтойгоос гадна ажлын байрыг нэмэгдүүлж эдийн засагт эргэлдэх мөнгөний урсгал нэмэгдэж гадны хөрөнгө оруулалт бодитоор бий болж Монголын хөрсөнд шингэх нь дамжиггүй.
Хүн бүр үүнийг ярьж, ажил хэрэг болгохын төлөө танай, манай нам, чи би гэж хэрэлдэлгүй нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран ажиллах хэрэгтэй байна. Тэд биднийг анзаарах завгүй хурдтай хөгжиж хэрэглээ нь өсөн нэмэгдэж байна.
Тайваний Нанхуа их сургуулийн Төрийн удирдлагын мастерийн ангийн оюутан
Ш.Отгон-Өлзий 2018 оны 5 дугаар сарын 29.