Нам чинь “хагарч” байна гэнэ, У.Хүрэлсүх дарга аа. Зангидсан гар шиг нэгтгэж чаддаг, тийм үүрэг хүлээдэг байсан таныг дарга болчихоод байхад яагаад “хагарах” болов. Улсын “цөм” нийслэлдээ, дийлэнх хүн ам төвлөрч, үүнийгээ дагаад МАН манай улсын нам, нийслэлийн нам мэт том харагдаж буй. “Хөөрүү улстөрч өөртөө том” гэж С.Баяр ах чинь намжирдаад авсан шиг МАН том байна. Их айлын “зовлон”, “үртэй айлын аяга эмтэрхий” гээд өмөөрөөд байвал сэжим олдоно. Гэвч энэ намыг “эс”-ийн түвшинд нь хүртэл дарга ах нартаа зангидаж өгсөн таныг удирдагч болчихоод байхад яахин зориглож “хагаралдаж” зүрхэлнэ вэ, гишүүд чинь.
“Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх л хэцүү” гэдэг энэ. Ерөнхий сайд хийгээд улсаа хөгжүүлэх төрийн бодлого зангидаж явах хооронд тань албан тушаалаар өлссөн залуус “гэдсэндээ хөлөө жийлцэж” нийслэлийн хэмжээнд, дараа нь төрийн хэмжээнд задлахаар шийдсэн бололтой. Уг нь Ерөнхий сайд, МАН-ын дарга болмогцоо л Хотын дарга, Нийслэлийн намын хороогоо “өөрийн хүн”-ээр солиогүй нь эв эеэ хичээсэн түүний алдаа байж мэднэ. МАН-ын нэр хүндийг гутаасан “33 ба 32” гэдэг тоог мартуулахыг хүссэндээ энэ багтай гар нийлж ажиллахаар хичээсэн ч цаашид залгамж холбоо яриад ажиллахад хэцүү болох бололтой.
Төрийн ордонд УИХ-ын бүлэг нь дотроо талцаж, Хангарьд ордны үүдэнд нам нэгт залуус Нийслэлийн намын хорооныхныг эсэргүүцэн жагсах энэ үйл явц юуг харуулав. Ерөөсөө л албан тушаалын төлөө УРАГШАА! Уг нь У.Хүрэлсүх гэдэг хувь улстөрч ийм эсэргүүцэл, тэмцэлд яг тохирдог “баатар” мөн. Харин өөр рүү дайрахад хэрхэн хамгаалалт хийх талаар ямар нэг “түүх” үгүй учраас сонирхон харах л үлдлээ. Хамгаалалт хийнэ гэдэг нь хэн нэгнийг өмөөрч толгойдоо бүч уяад жагсахаас өөр. Тэр тусмаа хэн нь хэний талд вэ гэдгийг ялгахад хэцүү нэг намынхны хувьд бүр ч амаргүй.
Энэ цаг мөчид удахгүй болох Нийслэлийн МАН-ын Бага хуралд шат шатны төлөөлөгч нарыг оролцуулах санал гаргаж, тэр нь эсэргүүцлийн жагсаал болон үргэлжилж бараг цаг тутамд нэг намын хоёр тал уралдан хэвлэлийн бага хурал зарлацгааж байна.
Ер нь Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хуралд яагаад заавал суух болов. Нийслэлийн намын хорооны даргыг сонгох сонгууль өнөөх л “хайрцаглагдсан” хар хороор дүүрэн аргаар явагдах вий гэсэн болгоомжлол тэнд яваа. Намаа ингэж харагдаж байхад Намын дарга огт мэдээгүй явна гэж үгүй. Тэнд Намын дарга хамгийн том оролцоотой, бүхнийг далдаас удирдаж буй.
Харин төв талбайг жагсан гэтэлж Хангарьд ордноос Тусгаар тогтнолын ордон хүртэл муу муухайгаа дуудалцан тэмцэл өрнүүлэхэд хүртлээ байдал хурцадсан нь У.Хүрэлсүх намаасаа “холдсон”-ы шинж. Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүх нам дотроо “хүйтэн дайн”-тай нүүр тулсан бол Засгийн газрын хувь заяанд ч сайнгүй. Учир нь өчүүхэн ч атугай ялалт урам төгс давшилт дагуулах нь ойлгомжтойг цэргийн хүний хувьд сайн мэдэж, улстөрчийн хувьд мэдэрч буй биз ээ.
Ийм “хөөрхөн дажин” байгаа дээр нь эв зүйгээ ололцсон нь өлзийтэй биз ээ. Намын дарга, Ерөнхий сайд гэдэг ийм ачаа үүрч, тийм “дайсантай” учруулдаг байх нь гэдгийг тэрбээр яс махандаа шингэтэл мэдэрч яваа биз ээ. Үе үеийн намын дарга, Ерөнхий сайд нар үүнийг янз бүрээр илэрхийлсэн, даван туулсан байдаг. АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг л гэхэд “Би нэг өндөг атгаад яваа. Энэ өндгөө хагалчихгүй шиг дараагийн хүнд өгчих юмсан” хэмээж байв. Гэхдээ нам доторх “найзууд” нь өнөөх нандин өндгийг нь хагалж өгсөн л дөө. Яг л “карма” шиг, яаж энэ эрх мэдэлд хүрсэн тийм замаар эрх мэдлээ алддаг нь бараг л нотлогдсон “теорем” болж дээ. “Намаа цэгцлэх”-гүйгээр оршин тогтнох амаргүй. Хэн нэгэнд найдалгүй өөрийн гараар зангид, өөрийнхөө төлөө ажилла, У.Хүрэлсүх ээ!