МАН-ын бүлэг өчигдөр /2018.05.29/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс ШХАБ-д элсэн орох нь зөв юм гэсэн байр суурийг илэрхийлэх болсон. Харин Монгол Улсын хувьд ШХАБ-д элсэхээс илүүтэй идэвхитэй ажиглагчийн статус хадгалсаар ирсэн юм.
Ингээд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлээд, санал хураалт явуулалгүй тарсан байна. Сануулахад, өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын гадаад бодлого, ШХАБ, Евро Азийн эдийн засгийн холбоонд нэгдэх эсэх гэх мэт олон асуудлыг ний нуугүй ярилцахаар төлөвлөөд байна. Ээлжит бус чуулган Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд оролцох юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн тайланг сонсч байна. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалдаг билээ.