Эмэгтэйчүүдийн дипломат клубын 20 жилийн ойн арга хэмжээ болов

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн дипломат клубын 20 жилийн ойн арга хэмжээ болов

Эмэгтэйчүүдийн дипломат клубын 20 жилийн ойн арга хэмжээ болов

Гадаад харилцааны Яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клуб /ЭДК/ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой 2018 оны тавдугаар сарын 29-нд тохиож байна. Энэ өдөр ЭДК нь ойгоо тэмдэглэх арга хэмжээг Монголын Үндэсний дизайнеруудын холбоотой хамтран “Туушин” зочид буудалд зохион байгуулав. Тус арга хэмжээнд УИХ-ын зарим гишүүд, Гадаад харилцааны яамны удирдлага, Улаанбаатар дахь гадаад орны ДТГ-уудын тэргүүн нар гэргийн хамт, дипломат ажилтнууд , ТББ-уудын төлөөлөл болон ЭДК-ын гишүүд оролцов.

Эмэгтэйчүүдийн дипломат клубын тэргүүн С.Онон ойн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус клубээс явуулсан үйл ажиллагааг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүдийг танилцуулав.Тэрээр тус клубыг үүсгэн байгуулсан ахмад дипломат Б.Базарханд , тэргүүлэгч гишүүнээр олон жил ажилласан эмэгтэйчүүд болон гишүүдийн өгөөмөр сэтгэл, идэвхи зүтгэл, хүч чармайлтыг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ЕДК-ын гишүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв. Тэрээр тус клубын оруулсан хувь нэмрийг үнэлж хэлэхдээ, улс орныхоо түүх, соёлыг гадаадынханд сурталчлан таниулах, залуу дипломатуудад өөрийн туршлагаасаа хуваалцах, эмзэг бүлгийнхэнд, нэн ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдэд боломжийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр явуулж ирсэн үйл ажиллагааг нь онцлон тэмдэглэв.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ЭДК-ын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан, клубын үйл ажиллагаагаар дамжуулан гадаад харилцааг хөгжүүлэхэд идэвхи зүтгэлтэй ажилласан ЭДК-ын тэргүүлэгчдэд ГХЯ-ны Хүндэт өргөмжлөл, “Хүндэт дипломатч” тэмдгийг гардуулан өгөв.

ЭДК-ын ойн арга хэмжээний хүрээнд манай залуу дизайнеруудын бүтээсэн үндэсний хувцасны орчин үеийн загваруудын “Нүүдэлчдийн уран сэтгэмж” үзүүлэлт болсон ба түүнд Улаанбаатар дахь гадаад орны ДТГ-уудын ажилтнууд, гадаадын дипломатуудын гэргий нар болон ГХЯ-ны залуу дипломатууд загвар өмсөгчөөр оролцов. Мөн түүнчлэн залуу дизайнеруудын болон ЭДК-ын гишүүдийн уран бүтээлийн үзэсгэлэн, “Нюанс” хамтлагийн тоглолтыг энэ үеэр зохион байгуулав.

Ойн арга хэмжээний хүлээн авалтын үеэр ЭДК-ын тэргүүн С.Онон “Ачлалт хүүхдүүд” ТББ-аас хэрэгжүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвийн нэг өрөөг тохижуулах төсөл, мөн түүнчлэн Дорноговь аймгийн Сайншанд сумын “Ургах наран” 11 дүгээр цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай тоног төхөөрөмж худалдан авах төслийг тус тус хэрэгжүүлэхэд ЭДК-аас санхүүгийн дэмжлэг үзүүлэх батламж бичгийг гардуулан өгөв. Эдгээр төслийг ЭДК жил бүр Улаанбаатар дахь гадаад орны ДТГ-ын оролцоотойгоор зохион байгуулдаг “Сайн санааны олон улсын өдөрлөг”-ийн үеэр цуглуулсан хандивын мөнгөөр санхүүжүүлэх ажээ.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж