Харин өнөөдөр “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон юм. Түүнд эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. Хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Хосбаяр даргалж, улсын яллагчаар Ш.Баярбилэг, Д.Болормаагийн өмгөөлөгчөөр Ц.Монгол, Б.Наранхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Золбоо, хохирогчийн өмгөөлөгч Б.Билэгсайхан, шүүгдэгч Б.Болормаа нар оролцов. Улсын яллагч “Зууны мэдээ” сонины 2010 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 267 дугаарт “Мон-Уран”-ны Б.Наранхүү өсвөр насны охидыг садар, самуунд уруу татсан хэргээр шалгагдаж эхэллээ” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Цагдаагаас өгсөн мэдээллээр Б.Наранхүү биш Гүрдоржийн Наранхүү гэдэг хүн энэ хэрэгт шалгагдаж байгаа. Гүрдоржийн Наранхүү нь гадаад руу зугтсан бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байгаа. Тиймээс Б.Болормаа “Мон-Уран”-ны Б.Наранхүүгийн нэр төрийг гутаах зорилгоор гүтгэсэн учраас Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т зааснаар яллагдана” гэлээ. Харин шүүгдэгч Б.Болормаа “Нийтлэлээ албаны болон албан бус хоёр эх сурвалжаас авсны үндсэн дээр бичсэн. Түүнээс биш Б.Наранхүүг гүтгэх, гутаах зорилго, санаа байгаагүй” гэв. Үүний дараа Улсын яллагч Б.Болормаад дөрвөн сар баривчлах ял оноох саналтай буйгаа хэлэв. Шүүхийн хэлэлцүүлгийн дараа шүүгч Ч.Хосбаяр шийдвэрээ танилцуулав. Тэрээр “Өсвөр насны охидыг уруу татсан хэрэгт “Мон-Уран”-ы Б.Наранхүү ямар ч холбогдолгүй болох нь нотлох баримтаар тогтоогдлоо. Гэхдээ сэтгүүлч Д.Болормаа өсвөр насны охидыг садар, самуун уруу татсан мэдээллийг бичих үедээ аль Наранхүү холбогдсон нь тодорхойгүй байсан. Тиймээс сэтгүүлч эх сурвалжийн мэдээлэлийн дагуу, хэн нэгнийг гүтгэх зорилгогүйгээр мэдээлэл бичсэн учраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Тиймээс Б.Болормаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа” гэсэн юм.
Харин өнөөдөр болсон уг Шүүх хуралдааны дараа “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн өмгөөлөгч Б.Билэгсайхан, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Золбоо нар 16.30 цагт хэвлэлийн бага хурал зарласан юм. Б.Наранхүүгийн өмгөөлөгч Б.Билэгсайхан хэвлэлийн хурлын үеэр “Шүүх хоёр утгатай шийдвэр гаргалаа. Сэтгүүлчийн гаргасан мэдээлэл Б.Наранхүүтэй ямар ч холбоогүйг тогтоосон. Гэхдээ сэтгүүлч нийтлэлээ гаргахдаа Б.Наранхүү эсвэл Г.Наранхүү байсныг мэдээгүй учраас санаатай гутаасан гэж үзэхгүй гэсэн шийдвэр гаргалаа. Энэ бол шүүх буруу жишиг тогтоож байгааг харууллаа. Бид давж заалдана. Мөн Ерөнхийлөгчид хандана” хэмээн мэдэгдэв.