З.Алтай: С.Баярыг "Баярын найзууд" л хориулчихлаа шүү дээ

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

З.Алтай: С.Баярыг "Баярын найзууд" л хориулчихлаа шүү дээ

З.Алтай: С.Баярыг  "Баярын найзууд" л хориулчихлаа шүү дээ

Сэтгүүлч З.Алтайтай ярилцлаа. Тэрбээр УИХ-ын гишүүн асан, Элчин сайд асан, “25 дугаар суваг телевиз”-ийн захирал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн мөн боловч өөрийгөө сэтгүүлч гэдгээр дуудуулахдаа хамгийн дуртай гэсэн юм.


-Сэтгүүлч байснаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, улмаар Элчин сайдаар томилогдон эдүгээ сэтгүүлч, телевизийн захирлаараа ажиллаж буй эрхэмтэй ярилцаж байна. Ингэхэд та дээрх тодотголын алинд нь илүү элэгтэй вэ. Хамгийн огцруулж чаддаггүй, “асан” болдоггүй нь сэтгүүлч л юм даа?

Та намайг улстөрч гэж цоллох гээд байна уу даа. Би улстөрч биш шүү дээ. УИХ-д дөрвөн жил суусан минь улс төрийн ажил мөн боловч би “улстөрч” гэж цоллуулмааргүй байна. Одоо УИХ-д анх удаа сонгогдоод ажиллаж байгаа нөхөд ч “би улстөрч” гэхээр өмнөөс нь ичдэг юм. Хэнийг улстөрч гэх юм бэ. Та улстөрч мөн үү, биш үү. Аз эзээр сонгогдож дөрвөн жил УИХ-д суугаад “салхи шуурганаар” орж гарсан бүхнийг улстөрч гэх үү. Тэд “Би улстөрчийн хувьд…” гээд ярих нь надад бол ичмээр санагддаг. Жинхэнэ улстөрч гэдэг бол улс төрийн тогоонд олон жил чанагдчихсан, Лүндээ мэтийн хүмүүс “би улстөрчийн хувьд” гээд яривал зөв. Хэн түүнийг улстөрч биш гэх юм бэ. Надархуу хүнийг улстөрч гэж нэрлэвэл ч… мөн болоогүй байна даа. Одоо бол би зөвхөн сэтгүүлч, дугаар хорооны иргэн. Энэ чинь амар шүү дээ.

-Бас Монголын ууган “чөлөөт телевизийн” захирал…?

-Захирал ч гээд байх юу байхав дээ. Хүний амьдралд дугаар хорооны иргэн байх шиг сайхан “албан тушаал” байхгүй. Цүл палхийсэн гэнэтийн их ашиг орлого хийчхээд үүнийгээ л идэж хэрэглэнэ, бусдын амьдрал надад хамаагүй гэж сууж болохгүй. Гэхдээ “Эй, эрх чөлөө гэдэг эрхэм үг” гэдэг хамгийн үнэн шүү. Өглөө бүр нарыг харж, нарандаа талархаж байх минь хамгийн сайхан. Энэ амьдралаас илүү ихийг хүсэх шунах зүйлгүйгээрээ би маш жаргалтай байна. Амралтын өдрүүдэд би зуслангийн модон байшингаа тордож мод тарьж байгаа. Хөлсөө цутгуулан газар шорооны ажил хийж, ус зөөгөөд бие махбодын хувьд тухайн үедээ жаахан ядрах ч тэр ажил надад мөн ч их таашаал өгч байна. Би хөдөлж байна. Өөрийнхөө төлөө ажиллаж байна.

-Та тэгээд яагаад Элчингээр явчихсан юм бэ. Бүр “шагналын” гэмээр улс оронд томилогдсон?

-Гүй ээ, яахав дээ…Би ч бас өөрийгөө дипломатч гэж хэлмээргүй л байна. Албан тушаал нь л Элчин сайд нэртэй юм байгаа биз. Ер нь хүн амьдралд боломж байхад юм юм үзчих л хэрэгтэй шүү дээ. Надад тийм боломж олдсон. Урьд нь би үүргэвч үүрээд баахан улс орноор бадарчилсан. Дараа нь төрийн ажил үүрэг гүйцэтгэж гадаад харилцааны ажил хийх нь сонирхолтой болохоор л явсан. Миний томилогдсон орны хувьд ноу хау, хүний төлөөх нийгэм байгуулж байгаа төрийн бодлогоороо алдартай. Норвеги, Дани, Шведээс хүн яавал сайхан амьдардаг юм бэ, нийгмийн чиг баримжаагаа яаж авдаг юм бэ. Улс төр нь яаж “явдаг”, улстөрч нь ямар байдгийг хэн нэг нь мэдэх ёстой. Энд нууц гэж байдаггүй юм байна. Хамгийн энгийн гаргалгаатай. Тэнд төр нь иргэдээ баяжуулах гээд байгаа ч юм алга. Хэт их баяжих гээд байгааг нь татвараараа боомилчихдог юм байна. Тайван амгалан байлгая. Эрүүл хүнс, эрүүл байгаль…Өөр юу хэрэгтэй юм бэ. Төр нь үүний л төлөө, хүний төлөө л ажилладаг юм байна.

-Ингээд эх орондоо ирлээ. Утааны эсрэг 132.5 тэрбум төгрөг зарцуулчихжээ. Утаа хэвээрээ. Эрүүл байгалийн төлөөх асуудал эрүүгийн шүүхээр шийдэгдэх жишээний. Төрийн бодлого зөвхөн цаасан дээр, эсвэл аман ярианы хэмжээнд байна. Ямар санагдав?

-Магадгүй, зөвхөн монгол хүн л бусад орныхноос илүү эх орноо чин сэтгэлээсээ хайрладаг эх орондоо л аз жаргалыг эдэлдэг байх. Утаатай ч гэсэн Монгол минь сайхан. Би ямар харь гаригаас ирсэн биш. Бахархмаар, дэмжмээр юм их байна. Сайхан байшин барилгуудтай, худалдаа үйлчилгээний төвүүд нэмэгдэж, ёстой “лайтай, лайтай” гэмээр болж. Үүнийг засаг хийгээгүй шүү дээ.

Бидэнд муу хэлүүлдэг бизнесийнхэн л хийсэн. Өнөөх “луйварчин”, “оффшорчин” чинь л хийсэн. Тэднийг харааж зүхэж кайф авлаа гээд хөгжсөнгүй. Тэд үүнийг өөрсдийнхөө төлөө хийгээгүй. Бидэнтэй урд хойноо ороод л бурхан болно. Хотоо, улсаа хөгжүүлсэн үр шимийг нь муу хэлж байгаа хүмүүс л хүртдэг. Өр зээлийн, татварын, хуулийн, улс төрийн дарамт дунд нэг тоосго ч гэсэн өрж хийж бүтээж байгаа тэр хүмүүст би үргэлж талархдаг. Цаашид хөгжлөө ийм загвараар явуулж болохгүй ээ, найзууд аа. Үүнийгээ шинэчлэхгүй бол юуг ч өөрчилж чадахгүй.

-Тантай нэг парламентад сонгогдон ажиллаж байсан Ш.Сайхансамбууг “Үнэн ба зөв” намыг санхүүжүүлж байна гэх болж. Өөрөө бол би ард нь биш дунд нь байгаа гэдэг юм. Таныг бие даагч гишүүний хувьд олон нийт ихээхэн итгэж найдаж, магадгүй урам хугарсан гэдэг юм. Таны хувьд улс төрийн шинэ хүчний талаар ямар бодолтой явдаг вэ. Санасан, зорьсон төлөвлөгөө байна уу?

-Одоо ээлжилж эрх бариад байгаа намынхан энэ бүлэглэл, бүл цүлээр нь “мөнгө хусдаг”, нэгнийгээ харилцан барьцаалсан гинжин холбоо энэ бүх байдлаа өөрчлөхийг хүсэхгүй. Энэ бол нэг төрлийн өвчин. Залуус гарч ирэх тэмүүлэлтэй байна.

Гэвч “намын ах нар” нь тэднийг “Та нэр хэн юм бэ, хэдийн тоо вэ” л гэж байгаа. Тиймээс гурав дахь хүчин гарч ирээсэй, хийгээсэй гэж асар их хүсдэг. Гэхдээ тэр нь хэн юм бэ. Шинэ хүчин гаргах боломжийг тэд хааж чадна шүү дээ. ХҮН нам гэж горьдлого төрүүлсэн нам байлаа. Яаж дотор нь “мина” тавьж дэлбэлснийг харсан биз дээ.

Наадуул чинь нураах, дэлбэлэх, тагнах, чагнах, хэрэг үүсгэж хорих, айлгах, рекет хийхдээ гаршсан хүмүүс. Хэзээ ч шинэ хүчин бий болохыг дэмжихгүй. ХҮН дээр бид алдсан. Одоо “хэн бэ” гэдэг маш чухал. Миний бодлоор хэзээ ч хэрэгт холбогдож байгаагүй, улс төрийн хар хоронд хутгалдаагүй, магадгүй манийн үеийн хэдэн нөхөд арай л юм үзсэнээрээ залуустайгаа хамтраад олуулаа биш, цөөхүүлээ эхлээд үзвэл яадаг бол. Олон хүн нэгтгэх тусмаа тагнуул туршуул тавих, “мина” тавьдаг аргад нь амархан орно. Бужигнуулаад л эхэлнэ. Тиймээс хашир байх ёстой. Маш хашир үзэх ёстой. Жишээ нь, хуучин Улс төрийн товчоо шиг есөн хүнтэй байхад болно. Тэнд зөвхөн бодлогоо л төлөвлөдөг. Дэргэдээ судалгаа шинжилгээний, бодлого төлөвлөлтийн чамбай хэдэн залуустай бодлогын нам л байхад болох болов уу. Хамгийн гол нь нээлттэй байна.

-Тэр есөн хүн нь яадаг байх вэ?

-Бодлого тодорхойлно. Тэгээд 13 сайдаа танилцуулаад явна. Эрүүл мэндийн, Хууль зүйн сайд байхыг эхнээсээ шулуухан танилцуулаад, хэн нэгийг нь ийм “но”-той, тэр нь болохгүй хүн байна гэж сонгогчдоос санал бодлоо илэрхийлэхэд өөр цэвэр хүнээр солиод тэр Засгийн газрыг, түүний бодлогыг танилцуулаад явдаг байх тийм схем байж болох юм. Түүнээс биш хүнээ нэг нэгээр нь магтаж сонгогдсон хойно нь одоо сайдын суудал хуваарилна гэж бужигнахаар бодлогоо хэрэгжүүлэхэд алдаа гараад байна. Яагаад энэ салбарын сайдад тэр тохирохгүй, хүлээж авахгүй гэж яриад, нулимаад, итгэл үнэмшилгүй болоод байна вэ. Анхнаасаа сонгуулиас өмнө Засгийн газраа бүрэлдэхүүнтэй нь, мөрийн хөтөлбөртэй нь танилцуулаад, энэ салбарыг тэр удирдана гээд сонголтыг нь хийлгэвэл ямар бол гэдэг бас сонин. Үүний төлөө хөрөнгө мөнгө зарахгүй, мянган машин цуглуулаад туг бариад явах шаардлагагүй. Хүн ойлгоно шүү дээ, юу яриад хэнийг танилцуулах гээд байгааг. Тэгээд сонголтоо хийг л дээ. Энэ гарцыг нээх, тэгээд хашир ажиллах л чухал болоод байна.

-Тагнах, чагнах гэснээс хуучин кадрын хувьд таныг хэр тагнаж чагнаж, чангалж байв. Гуч гаруй жилийн өмнөх “Цаг үе, залуучууд” нэвтрүүлгээс эхлээд л тэсрэлт эхэлсэн байх?

-Байсан, байсан. Бүр 1986 оноос гэхээр ойлгомжтой шүү дээ. Ганцхан намтай, үздэг ганцхан телевизтэй, хэцүү үе. Хэн нэг нь дуугарах л байсан. Би ч зоригтой, мундагтаа биш. Оросын “Горбачёв ах”-ын буянаар л өөрчлөн байгуулалтын салхи салхилж нийгэм өөрчлөгдөж, анхны ардчилсан, чөлөөт телевиз мэндэлж байхад бол эвгүй л байсан. Манай “Энхбаяр ах” чинь “Хаан” байлаа шүү дээ. Урдаас нь ганц “хуцдаг” нь 25 дугаар телевиз байв. Нухчин дарах үүрэг янз бүрийн хэлбэрээр ирнэ, надад хилс хэрэг тулгаж эгээтэй л шоронд хийчхээгүй. Айлгана, дарамтална, амыг нь хамхина, үүнийгээ сайн хийдэг хүмүүс шүү дээ. Одоо ч энэ механизм нь хэвээрээ. Намайг тэр үед эвгүй хэргээр шууд ял тулгаж ачих гэж байсан.

-Ямар хэрэг тулгаж байсан бэ?

-Түүнийг хэлээд яах вэ дээ. Тун эвгүй. Улс төрийн чанартай муухай хэрэг.

‘Энэ хэний өшөө авалт вэ гэдгийг С.Баяр өөрөө л мэднэ’

-Улс төрийн шалтгаанаар хэрэг тулгах байдал тасралтгүй үргэлжилж байна. Жишээ нь, таныг гишүүн байхдаа өгсөн “С.Баяр найздаа урам хугарлаа” гэдэг  гарчигтай ярилцлага тань анхаарал татаж байлаа. Гэтэл өнөөдөр С.Баяр найз тань хоригдон шалгагдаж, бие нь муудаж түүнд мөн л эвгүй хэрэг тулгаад байна. Уг нь Оюутолгойн гэрээний тухайд бол та ч тэр гэрээг батлах зөвшөөрлийг өгөх хуралдаанд суусан, тийм үү?

-Тийм шүү дээ. Оюутолгойн гэрээний тухайд түүнд хэрэг тулгаж байгаа бол би ч хамт шалгуулах, хоригдоход бэлэн байна. Найз бол найзаараа л байх хэрэгтэй шүү дээ. Урам хугарсны тухайд бол Засгийн газраа байгуулахад үнэхээр гоё хүлээн зөвшөөрөгдсөн команд байгуулах эрх нь өөрт нь байсаар байтал элдвийн шахалт ч байсан биз, тааруухан баг бүрдүүллээ л гэж урам хугарсан хэрэг.

Миний одоо харамсч байгаа зүйл гэвэл С.Баяр шиг хүн энэ цаг үед Англид Элчин сайдаар ажиллаж байсан бол хөрөнгө оруулалт татах, хүний арга эвийг олох, зангаргатай төлөөлөлтэй байх гээд аль ч талаараа Монголд л хэрэгтэй байсан юм болов уу.

Ялихгүй шалтгаар янаглан хорлох нь буруу. М.Энхсайхан ч мөн адил манай толгой эдийн засагч гэдэгтэй нь хэн ч маргахгүй. Одоо УИХ, Засгийн газарт байгаа нөхдөөс төө илүү хүн. Энэ бүхний цаана улс төрийн өшөө авалт л яваад байна гэж би боддог. Цаашдаа ч ийм цусан өшөө авалт үргэлжлэх байх. Нам доторх олигархуудын тэмцэл л иймдээ тултал хурцадсан байна. С.Баярыг өнөөдөр хэн шоронд хийлгэв. Хийлгэдэг боссууд нь С.Баярын найзууд л байна шүү дээ. Найзаа гэж бодоод заавал торны цаана суулгалгүй шалгаж болох л байсан. Тиймээс би С.Баярыг “С.Баярын найзууд” л хорилоо, улс төрөөс сүнсгүй арчиж хаях бодлогоор ажиллалаа гэж бодож байна.

-Хамгийн сүүлд та С.Баяртай хэзээ, яаж уулзсанаа дурсвал…?

-Олон жил уулзсангүй. Шведэд байхдаа л хамтдаа хооллож жаахан ярилцсан. Түүнээс хойш уулзсангүй, утсаар ч ярьсангүй. С.Баярыг яагаад хорьсныг би одоо болтол мэдэхгүй, ойлгохгүй байгаа. Яачихсан юм бэ, тэр. Оюутолгойн гэрээг батлуулсантай холбоотой гэвэл “Найзууд аа, би хүртэл тэр үед УИХ-д байсан юм шүү. УИХ-аар хэлэлцэж батлаад “Ингэж л явуулахаас өөр арга алга” гээд шийдсэн. Хам хэрэгт татагдаж хамтдаа ял хүлээ гэвэл хөтлөлцөөд шоронд ороход бэлэн байна. Яахаараа тэр үед “болж байна” гэж хамтдаа гар өргөж батлалцчихаад өнөөдөр нэгийгээ золигт гаргачхаад бусад нь баярлаад, архи уугаад, гадуур дэмий яриад яваад байгаа юм бэ гэдгийг чинь би ойлгохгүй байна.

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн…энгийнээр бол гэнэт баяжсан гэж хардаад байгаа юм аа даа. Ингэхэд Баяр найз чинь хэр бэлтэй эр вэ. “Төрийн хүн” гэхэд арай л баян гэх юм билээ?

-Чамд үнэнээ хэлэхэд би С.Баярын гэрт ганц ч удаа орж үзээгүй. Найз гэдэг мөртлөө хаана амьдардгийг нь ч мэдэхгүй. Зайсан хавьцаа л юм гэсэн. Түүнийг баяжсан гэдэгт ч итгэдэггүй.

-Долоон хаусны тухайд ядаж сэтгүүлчийн хувьд сонирхоогүй гэж үү?

-Охин нь АНУ-ын иргэн гэж би сонссон. Францад үл хөдлөх хөрөнгийн худалдааны мэргэжлээр суралцаж төгсөөд АНУ-д энэ чиглэлээрээ нэгэн компанид ажилладаг гэж сонссон. Монголд ч энэ чиглэлээр ажилладаг, энэ чиглэлийн бизнесийн томоохон бөгөөд найдвартайд тооцдог болоод удаж байна. Тэр охин нь ч гэсэн С.Баяр биш охин нь хувь хүн. Гэтэл аав нь “гай таараад” нэг байшингийнх нь гадна оччихсон байхад зургийг нь дарчхаад улстөржүүлээд байгаа ч юм уу, би мэдэхгүй. Ямар ч байсан тэр байшингуудыг нь С.Баярынх гэж нотолсон баримт алга. Ингэж хардаж болох уу. Нотолгоогүйгээр шоронд хийчхээд, “нэг л юм олно доо” гэж хайдаг байж болохгүй. С.Баяр өөрөө их шазруун хүн. Эргэлт авахгүй, хэнтэй ч уулзахгүй гэж байгаад “шоронд босоогоороо үхэх вий” гэж хүртэл айж л байна. Бие муутай, тэгсэн хэрнээ шазруун. Хэн, ямар учраас намайг суулгаад ийм байдалд хүргэв гэдгийг тэр өөрөө гайхалтай сайн мэдэж байгаа. Энэ хэний өшөө авалт вэ гэдгийг С.Баяр өөрөө л мэднэ. 

-Тавантолгой болон бусад томоохон төслийг хөдөлгөхөд нүдэнд нь шорон, гарт нь гав тэмтрэгдэж байхад яаж шийдвэр гаргах болж байна аа?

– У.Хүрэлсүхэд итгэж байна. Хийхээс өөр арга байхгүй найз аа. Маргааш, нөгөөдөр яах вэ гэдгийг бодож ажил хийх нь утгагүй. Тиймээс ирээдүйгээ бодоод энэ төслүүдийг хөдөлгөхөөс өөр аргагүй. Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг шалгаад нэг мөр шийдвэр гаргаасай гэж бодож байна. Үнэхээр улс орныг хохироосон гэмт үйлдэлтэй бол тэд шийтгэлээ хүлээх ёстой. Үгүй байгаад хорьсон бол нэрийг нь цэвэрлэж, гудамжаар бүтэн амьсгалж, хүний нүүр бардам харахаар болтол нь олон түмэнд зарлах хэрэгтэй. Тэд хулгайч, луйварчин биш л юм бол айж хургалгүй алхах хэрэгтэй юм байгаа биз дээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд “Дуусдаггүй яриа” яагаад гацсаныг асууж болох уу. Оролцогчид ч, үзэгчид ч кайфтай байсан энэ нэвтрүүлэг цаашид үргэлжлэх болов уу?

-Энэ нэвтрүүлгийн гол нь оролцогчдодоо байлаа. Нэг клуб маягийн хүмүүсээс бүрдсэн байсан. Л.Гантөмөр, Н.Батбаяр, Д.Энхбат, О.Чулуунбат агсан гээд өөр өөр өнцгөөс хардаг, боддог, сэтгэдэг тийм команд байсан учраас энэ нэвтрүүлэг хүнд хүрдэг байсан. Ш.Сайхансамбуу практик талаасаа цүл пал гээд амьдралд ойрхон ярина. Д.Энхбат маш логиктойгоор алсаас ургуулж, харьцуулна. О.Чулуунбат агсан банк санхүүгийн талаар биднийг дагуулахгүй. Н.Батбаярын сэтгэлгээ асар сонин, дээр нь хөдөлмөрч. Манай Л.Гантөмөр дуугүй чагнаж байснаа “түгхийтэл” ганц үг хэлэхдээ жинтэйг нь яана. Заавал эргэлзүүлнэ. Ийм баг цугласан учраас тэр нэвтрүүлэг сонирхолтой. 2020 онд сонгуульд өрсөлдөнө гэсэн хэдэн хүн цуглуулаад яриад суувал утгагүй. Тиймээс товчхондоо чанар бодож нэвтрүүлгээ зогсоосон. Би ч гадагшаа явчихсан болохоор  өөр арга байгаагүй.

-Гуч гаруй жилийн өмнө чөлөөт ардчилсан телевиз “төрүүлж” байсан тантай өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө ярина гэдэг амаргүй. Гэхдээ л өнөөдрөө, маргаашаа ярихаас аргагүй. Өнөөдөр та хэдэн телевизтэй өрсөлдөж байна, ямар цаг үед вэ гээд бодохоор сонирхолтой?

-Энэ бол манай төрийн бодлогын алдаа. Эдгээр хувийн телевизүүдийн “босс” нь хэн бэ гэдгийг хар даа. Дандаа манай “атаманууд” байгаа шүү дээ. Хоёр нам хуваагаад авчихсан. Хамгийн балиар нь тэд “МАН төдөн телевизтэй болчхож. Манайх хоёроор дутуу байна”, “Алив хоёр телевиз нэмчихье” гэх маягаар хэвлэл мэдээллийг “алж байна”. Суваг солих бүрт нэг асуудлыг өөр өөрөөр мэдээлээд байхад яаж үнэн бодитой мэдээлэл авах юм бэ. Хэвлэл мэдээлэл хэзээ эрх чөлөөтэй байдаг юм бэ? Энэ эрх чөлөөг эдэлье гэвэл санхүүгийн хувьд эрх чөлөөтэй бай, найзууд аа л гэмээр байна.

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж