Талбайн теннисний энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн Парист үргэлжлэн явагдаж байна. Өнгөрөгч ням гаригт эхэлсэн тэмцээнд энэ цагийн дэлхийн шилдэг теннисчид бүгд оролцож байгаа билээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж байгаа АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нарын шилдэг теннисчид эхний өрсөлдөгчөө хожиж, хоёрдугаар тойрогт үлдээд байна. Өчигдөр болсон тоглолтуудаас дээрх хоёр теннисчний тоглолт олны анхааралд байсан юм. Серена Чехийн Плишковатай тоглож, 7:6, 6:4 –өөр хожиж, шилдэг 64-д үлдлээ.
Тэгвэл тус тэмцээнд 25-т эрэмбэлэгдэн тоглож буй Мария Шарапова Нидерландын Р.Хогенкамптай тоглож, 6:1, 4:6, 6:3-аар буулган авч дараагийн тойрогт шалгаран үлдэж байна.
Францын нээлттэй тэмцээн эхлэхээс өмнө олны анхааралд байсан Серена Уильямс, Мария Шарапова нар эхний өрсөлдөгчөө хожиж, шилдэг 64-т багтлаа. Тэд хоёр, гуравдугаар тойргийн өрсөлдөгчөө хожвол дөрөвдүгээр тойрогт тоглох юм. Өнөөдрөөс эхлэн хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэлж, шилдэг 32-т багтах теннисчид эхнээсээ тодорч эхэлнэ.
Парист эхэлсэн энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн зургадугаар сарын 10-ны өдөр өндөрлөнө.