“Би хөдөө гадаа их явдаг болохоор хэрийн зүйлээс сэжиглэж цээрлээд байдаггүй л дээ. Дөрвөн жилийн өмнөөс зун хөдөө очихоор хамар битүүрч, нулимс гоождог боллоо. Хотын угаарт байсаар байгаад цэвэр агаарт гарахаар ингэж байна гэж бодоод явсан юм. Харшил байж магадгүй гэж хүн хэлэхээр нь сорил тавиулаад харшилтай гэдгээ мэдсэн дээ” гэж ярих Б.Ган-Эрдэнэ зөвхөн ургамлаас харшилтай байснаа даамжирсаар нарны харшилтай болсон гэдгээ хуучлав.
Хавар, зуныг ирж яваа сайхан цаг хэмээн бэлгэшээдэг. Моддын дунд шувуудын жиргээ сонсч амарч тухлахыг хүн бүр юу юунаас илүү хүсэх нь мэдээж. Харин харшлын өвчтэй, тэр тусмаа ургамлын тоосны харшилтай хүмүүс зуны дэлгэр цагт илүү их “зовдог” гэхэд хилсдэхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурдсанаар дэлхийн хүн амын 20 хувь нь ямар нэг зүйлээс харшилтай байдаг бол сүүлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр байгаа гэжээ.
Харин Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн 2016 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогдсон байна. Судлаач эмч нарын хийсэн судалгаанаас харахад голдуу ургамлын тоосноос харшлах тохиолдол их байгааг онцолжээ. Харшлын гаралтай өвчнөөр шаналж яваа хүмүүсийн 24-30 хувь нь ургамлын тоосноос харшилсан байна. Улаанбаатар хотод харшил үүсгэдэг 31 овгийн 76 зүйлийн 120 төрлийн ургамал байгааг судалж тоосжилтын үе нь дөрвөөс арваннэгдүгээр cap хүртэл үргэлжилдэг болохыг тогтоожээ.
Харшлыг илрэх шинжээр нь дөрөв ангилдаг. Түүний дотроос доорх хоёр ангилал нь Монголд түгээмэл тохиолддог байна.
- Шууд илэрдэг харшлыг нэгдүгээр зэргийн харшил гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд харшил үүсгэгч биед орсноос тав, арван минутын дараа найтаах, нулимс гоожих зэргээр биед хариу урвал шууд илэрнэ. Шууд алерги нь шарилж, ургамлын тоосонцор, шавьж хорхойн хор, хүнсний зарим бодис, эмийн үүдэлтэй байдаг. Мөн харшил нь хөгцний тоосонцор, гэрийн тэжээмэл амьтны үс ноос, тоосны хачиг, резинэн материалиас үүсч болно.
- Харшлын урвалын хамгийн хурц хэлбэр бол анафилатик шок юм. Ихэнхдээ хүн өөрт таарахгүй эм хэрэглэх, зөгий зэрэг элдэв амьтанд хатгуулж хазуулсны дараа үүсдэг. Анафилатикийн шоконд орсон үед арьс гэнэт маш ихээр загатнан, амьсгаа боогдож артерийн судасны даралт огцом буурдаг байна. Ингэж шоконд орсон үед яаралтай тусламж авахгүй бол амь алдах аюултай гэнэ.
Дэлхий нийтээрээ харшлын эмгэгтэй тэмцэж байгаа ч өндөр үнэтэй эм бэлдмэлүүдийг үргэлж хэрэглэж, улмаар эдийн засгийн дарамтад ордог тул хувь хүн өөрөө л болгоомжтой бас өвчнөө сэдрээхгүй байхад анхаарч, хоолны дэглэм, эмчийн зөвлөгөөг дагаж мөрдөх хэрэгтэй.
ХАРШИЛТАЙ БОЛ ЮУГ АНХААРАХ ВЭ?
Хүний дархлаа сулрах тусам харшил даамжирдаг. Мөн хоол хүнс, сэтгэл санааны байдал ч нөлөөлдөг байна.
1. Стресст өртөх
2. Дарс хэтрүүлж хэрэглэх
Согтууруулах ундааны зүйлс нь харшлын шинж тэмдгийг 3 хувиар нэмэгдүүлдэг. Жишээ нь, харшлын улмаас үүссэн нус гоожих, нүд улайх зэрэг шинж тэмдгүүд ихэснэ.
3. Эмээ амжиж уухгүй байх
4. Ор дээрх тоос
Ор дээрх тоос шороо нь харшил хүндрэх шалтгаан болно. Учир нь, ор дэвсгэрийн даавууны шороо тоос гүйцэд цэвэрлэгдэхгүй байх нь орондоо орсон хойно хамар битүүрэх шалтгаан болдог. Тиймээс даавуугаа гүйцэд цэвэрлэхийн тулд халуун усанд угаах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, угаалгын машиныхаа градусыг нь нэмэх хэрэгтэй юм.
5. Ургамлаас шалтгаална
Харшлын 75 хувь нь ургамлаас үүдэлтэй байдаг гэдгийг мэргэжилтнүүд баталсан байна. Харшил хүндрэхээс сэргийлэх үүднээс гэрийн таримал ургамлыг аль болох гадаа байлгавал сайн.
6. Харшлын эмээ тасалдуулах
Харшлын эмний үйлчлэлийг сайн хүртэх арга нь орой унтахаасаа өмнө эмээ уух явдал. Шөнө эм таны биеэр гүйж маргааш өдөр таны хамар битүүрч, нус гоожихгүй байх болно.
7. Усан бассейнд сэлэх
Харшлыг хүндрүүлэгч нь усан бассейн бус харин усанд байгаа хлор юм.
8. Тамхины утаа
Тамхины утаа хажууд байгаа хүмүүстээ хичнээн их хортой болох талаар хүмүүс ярьдаг. Гэхдээ харшилтай хүмүүс илүү их мэдрэмтгий байдаг.
9. Орой усанд орох
Гэр чинь шороо тоостой бол байнга зовоох болно. Гэртээ цэвэрлэгээ хийж амжихгүй бол унтахынхаа өмнө усанд орж байгаарай.
Э.Бурам