Улсын хэмжээнд төрөх эмнэлгийн хүрэлцээ муу, ачаалал ихтэй байдгаас улсын эмнэлэгт хүндрэлтэй төрсөн эх гурав хоноод, хэвийн төрсөн эх нэг хоноод л эмнэлгээс гарч байгаа. Үүнээс улбаалан нярайн шарлалт буурахгүй байх зэрэг олон асуудал үүсч, улмаар нярайн эндэгдэлд ч нөлөөлж болзошгүйг эмч нар хэлж байна.
Дөнгөж төрсөн эхчүүд, хүүхдүүд, цаашлаад эх барих эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор Хан-Уул дүүрэгт барих 300 ортой IV амаржих газрын барилгын ажил 2010 онд эхэлсэн ч санхүүжилтээс шалтгаалан царцсан.
Төлөвлөгөөний дагуу тус барилга 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдаж, 2013 онд ашиглалтад орох ёстой байж. Гэвч нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор барилгын ажил зогссон байна. Ингээд дахин барилгын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтаар “Томо бюлдинг” компани шалгарч, 25 тэрбум төгрөгөөр барилгыг барьж, ашиглалтад оруулахаар болсон юм. Олон жил дуншсан барилгын ажил 2017 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд одоогоор 60 орчим хувийг гүйцэтгээлтэй. Гэвч барилгын ажилд дахин асуудал үүссэнийг гүйцэтгэгч “Томо бюлдинг” компани мэдэгдлээ. Учир нь, барилгын зураг нь 2010 онд зурагдсан тул эмнэлгийн одоогийн шинэ стандартад нийцэхгүй байгаа юм байна. Тухайлбал, мэс заслын өрөөний тохижилт өнөөгийн стандартад нийцэхгүй байгаа тул хэсгийн буюу В блокийн барилгын зургийг өөрчлөх, хүчил төрөгчийн шугам сүлжээний тоо гэрээнд тусгагдаагүй байгаагийн зэрэгцээ хүчил төрөгчийн Ж блокийн байр, гадна талбайн тохижилт зэрэг нь зурагт байхгүй, эсвэл ажил гүйцэтгэх гэрээнд тодорхой тусгагдаагүй байгаа тул эдгээр асуудлыг шийдвэрлэхэд дахин санхүүжилт шаардлагатай байгаа юм байна.
“Томо бюлдинг” компани барилгын ажлыг 34 хувьтай байхад нь хүлээн авчээ. Түүнээс хойш барилгын дүүргэлт, дээврийн ажлыг дуусгаж, дотор болон гадна шугам сүлжээ, гадна талбай, өрөлт, хаалга, цонх суурилуулах ажлыг гүйцэтгэж байгаа юм байна.
2019 оны наймдугаар сард барилгыг хүлээлгэж өгөх ёстой
Энэ талаар “Тома бюлдинг” компанийн захирал Л.Отгонбаяраас тодруулахад “Нэмэлтээр хэчнээн төгрөг шаардлагатай нь одоогоор тодорхой болоогүй байна. Ийм ажил, асуудал гараад ирлээ гэдгийг захиалагч тал Үндэсний хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд тавьж байна. Бид төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа бөгөөд дээрх асуудал шийдэгдвэл ирэх оны I улиралд барилгыг хүлээлгэн өгөх боломжтой. Гэрээ ёсоор 28 сарын дотор буюу 2019 оны наймдугаар сард барилгыг хүлээлгэн өгөх ёстой юм” гэлээ.
Нэмэлт санхүүжилт шаардлагагүй
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хэдийгээр Үндэсний хөгжлийн газар харьяалагдаж байгаа ч энэ нь эрүүл мэндийн салбарын барилга. Бид энэ барилгыг найман жил хүлээсэн. Эх, хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой маш чухал объект тул бид гүйцэтгэлийг чанарын өндөр төвшинд хүлээж авах хүсэлтэй байгаа. Мөн нэмэлт санхүүжилт шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн юм.
Түүнчлэн дулаан болон цахилгаан нь барилгын зурагт тусгагдсан ч амьдрал дээр хэрэгжихэд хүндрэлтэй байгаа юм байна. Төрийн орон сууцны корпораци (ТОСК) тус барилгыг дулааны шугам сүлжээнд холбох бол Эрчим хүчний яам цахилгааны асуудлыг шийдвэрлэх аж. Эдгээр асуудал бүрэн шийдэгдвэл барилга ирэх оны I улиралд ашиглалтад орж, олон ээж тайван амаржих боломж бүрдэх юм.
Тиймээс ойрын хугацаанд Эрүүл мэндийн яам, Үндэсний хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төв, барилгын анхны зураг төслийн ажлыг гүйцэтгэгч талууд, “Томо бюлдинг” компани, мөн шугам сүлжээ, цахилгааны эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэхэд хамааралтай ТОСК, Эрчим хүчний яам зэрэг холбогдох газрууд хамтран хуралдаж дээрх асуудлыг шийдвэрлэх гэнэ.
Эцэст нь онцлоход, найман жил хүлээж буй энэ барилгын үйл ажиллагаатай олон дарга, гишүүн, сайд нар очиж танилцаж, ашиглалтад оруулна гэдэг ч өнөөг хүртэл дуншсаар байгаа энэ барилгыг ирэх онд ашиглалт оруулна гэсэн хүлээлт эхчүүд гэлтгүй хэн хүнд л бий. Барилгын гүйцэтгэгч компани нь санхүүжилт шаардлагатай гэхэд Эрүүл мэндийн сайд нь төсөв нэмэх шаардлагагүй гэх эсрэг байр суурь илэрхийлснийг нь харахад төрөх эмнэлгийн хувь заяа ирэх жил ч тодорхойгүйгээр царцах вий гэсэн болгоомжлол үлдээснийг ч энд тодотгоё.