Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.05.30/ болно. Хуралдаанаар хэд хэдэн томилгооны асуудлыг хэлэлцэх бололтой. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын /ЗГХЭГ/ тэргүүн дэд дарга Ш.Солонгыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, орны хүнийг томилох юм. Ш.Солонгын хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон билээ.
Харин ЗГХЭГ-ын дэд даргаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланг томилж, одоогийн албан тушаалаас нь чөлөөлнө гэсэн мэдээлэл байна.
Үүнээс гадна “Оюутолгой” ХХК-ийн төлөөлөл удирдах зөвлөлийн нэг гишүүнийг томилж магадгүй юм. Тус компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Алтаннар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн онд өгч, энэ оны гуравдугаар сард чөлөөлсөн билээ. Тиймээс түүний орны хүнийг Засгийн газар томилох юм. Одоогоор энэ албан тушаалд хэд хэдэн хүн нэрээ сойж байгаа бололтой. Тэр дундаас ‘Эрдэнэс Монгол’ компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Түмэнцогт, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин нар хамгийн өндөр магадлалтай байна.