"Монгол Улс "ШХАБ”-д элсэх цаг нь болсон"

Хуучирсан мэдээ: 2018.05.29-нд нийтлэгдсэн

"Монгол Улс "ШХАБ”-д элсэх цаг нь болсон"

"Монгол Улс "ШХАБ”-д  элсэх цаг нь болсон"

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсэх эсэх асуудал улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж эхэллээ. ШХАБ-ыг энгийнээр тодорхойлбол, Олон улсын Засгийн газар хоорондын байгууллага юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс ШХАБ-д элсэн орох нь зөв” гэсэн байр суурь илэрхийлэх болсон. Харин Монгол Улсын хувьд ШХАБ-д 2004 оноос хойш идэвхтэй ажиглагчийн статус хадгалсаар ирсэн. Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, Нийгэм судлалын сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаяртай “Монгол Улс ШХАБ-д элсэн орох нь зөв үү” гэдэг сэдвийг хөндөн ярилцлаа.

-Юуны түрүүнд ярилцлагынхаа эхэнд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын үйл ажиллагаа чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-ШХАБ анх 1996 онд Шанхай хотод “Шанхайн тав” нэртэйгээр Төв Азийн бүс нутагт хилийн маргааныг цэгцлэх, цэргийн сөрөг төвлөрлийг багасгах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх үүднээс байгуулагдсан түүхтэй. Ялангуяа ОХУ, Хятадын гол оролцоотойгоор үүсгэн байгуулагдсан. 2001 онд Узбекистан улс ШХАБ-д гишүүнээр элссэнээр “Шанхайн зургаа” бус ШХАБ болж өргөжсөн. 2001 оны есдүгээр сарын 11-ны үйл явдлын дараа ШХАБ терроризмын эсрэг тэмцэх, салан тусгаарлахын эсрэг үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Үүний хүрээнд цэргийн хээрийн сургуулилт явуулж жижиг дайны хэмжээний сургуулилтуудыг ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулж ирсэн. Манай улсын хувьд ШХАБ-д 2004 онд ажиглагч гишүүн орноор элссэн. Тухайн үед ОХУ-д ШХАБ-ыг улс төр, цэргийн аюулгүйн байдлын чиглэлээр илүү гүнзгийрүүлэх бодлого давамгайлж байсан. Харин Хятад улсын хувьд эдийн засгийн интеграци бүтэц рүү илүү хөгжүүлэх гэсэн бодлогууд явагдаж байсан. 2015 онд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын 2025 он хүртэлх 10 жилийн стратегийн баримт бичгийг гаргасан. Тус баримт бичигт “ШХАБ бол цэрэг, улс төр, аюулгүй байдлын байгууллага эсвэл улс орны бүрэн эрхээс дээгүүр тавигддаг интеграцийн байгууллага болж хөгжихгүй” гэдэг байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Үүнээс хойш ШХАБ бүтцийн хувьд жигдрэх, зүгшрэх шат руугаа орсон гэж тодотгож болно. Хоёрдугаарт, 2014 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин манай улсад айлчлаад удаагүй байх үеэр мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин айлчилсан.

Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талын дээд түвшний уулзалт болсон. Энэ үеэр ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев хэлсэн үгэндээ “Бид ШХАБ-ын ажиглагч гишүүн орнуудтайгаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх үзэл баримтлалаа боловсруулна” гэж хэлсэн байдаг. Үүнээс хойш дөрвөн жил өнгөрөхөд ШХАБ ажиглагч орнуудтайгаа хамтын ажиллагааны үзэл баримтлал гаргаагүй. Удалгүй Дмитрий Мезенцев ч ажлаа өгч түүний оронд Рашид Алимов ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон.

Өнөөдөр олон улсын харилцааны олон туйлт шинэ дэг тогтолцоо бүрэлдэн тогтож байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын эдийн засгийн сэргэлт, БНХАУ-ын үсрэнгүй хөгжилтэй уялдсан олон улсын харилцааны олон туйлт шинэ дэг тогтолцоо юм. Энэхүү шинэ дэг тогтолцооны татах хүчний гол төвд нь Монгол Улс байрлаж байна. Нэгэнт бид бүтцийнх нь төвд байгаа бол энэхүү бүтцэд нь оролцож олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд олон талт гадаад бодлого явуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монголыг тойрч байгаа бүс нутгийн байгууллагуудын дунд орж ажиллах шаардлага тулгарч байна.

-ШХАБ-д нэгдэн орсноор бие даасан гадаад бодлогоо алдах буюу Хятад, ОХУ-ын нөлөөлөл нэмэгдэнэ гэх болгоомжлол байдаг л даа?

-Олон улсын харилцаа олон туйл руу шилжиж байгаа энэ үед манай улс ШХАБ-д элсэн орж олон талаар мэдээлэл авах, солилцох, цаашлаад Монгол Улс олон улсын байр сууриа бэхжүүлэх зэрэг давуу тал бий болно. ШХАБ-ын зорилго, үйл ажиллагааны чиглэл нь ч өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, цэргийн эвсэл, улс төр, аюулгүй байдлын байгууллага болохгүй гэдгээ албан ёсоор зарлачихсан. Түүнчлэн хамгийн их хилийн маргаантай Бүгд Найрамдах Энэтхэг улс, Пакистан улс 2017 онд ШХАБ-д гишүүнчлэлээр элссэн. Энэтхэг улсыг Ази, Номхон далайн хамгийн ардчилсан орон гэж үздэг. Яагаад гэвэл тэрбум 300 сая гаруй хүн амтай Энэтхэг улсын 800 сая хүн олон намын системээр сонгууль өгдөг. Ийм улс дэлхийд Энэтхэгээс өөр байхгүй. Тус улс ШХАБ-д элссэн нь маш чухал нөлөө үзүүлсэн. Тухайлбал, ОХУ, БНХАУ-ын байр суурийг нэлээд саармагжуулах тал ажиглагдаж байна. Хоёрдугаарт, Энэтхэг бол манай улсын гуравдагч хөрш буюу оюун санааны хөрш гэж тодотгодог. Саяхан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж манай улсад айлчлах үеэрээ дээрх байр сууриа ч илэрхийлсэн.

-Монгол Улс 1990 оноос хойш гуравдагч хөршийн бодлоготой болсон. Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа бий гэх хардлага ч судлаачдын дунд байдаг.

-Тийм ээ, үүнийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэд ШХАБ-ыг Өрнөдийн, НАТО-ийн эсрэг байгууллага гэж ярьдагтай холбоотой. Гэтэл өнөөдөр ШХАБ цэргийн эвсэл болоогүй, болох ч үгүй гэдгээ зарлачихлаа шүү дээ. Манай улс ШХАБ-д гишүүнээр элсэхдээ яагаад элсч байна вэ гэдэг зорилго, байр сууриа дэлхий дахинд маш тодорхой тайлбарлах ёстой. Тэгж чадвал гуравдагч хөрш орнууд ойлгоно. Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтонтой уулзсан. Монгол Улсыг ШХАБ-д элсэх эсэхийг АНУ тандсан байсан. Энэ үеэр Монгол Улсын гадаад бодлогын байр суурийг хүндэтгэнэ гэдгээ илэрхийлсэн удаатай.

-Монгол Улс ШХАБ-д элсэх бус, төвийг сахих ёстой гэдэг байр суурь өнгөрсөн хугацаанд давамгайлж ирсэн. ШХАБ-ын ажиглагч Монгол Улс  хэрэв ШХАБ-д жинхэлбэл ач холбогдол нь юу  вэ?

-Өнгөрсөн 14 жил Монгол Улс ШХАБ-д хангалттай ажиглагч орон байлаа. Энэ хугацаанд ШХАБ-ын үйл ажиллагаа нь ч зүгширч үндсэндээ стратеги бодлогоо маш тодорхой зааж өгсөн. Дээр хэлсэнчлэн цаашдын 10 жилийн үйл ажиллагааныхаа стратегийн зорилт, зорилгоо 2025 он хүртэл баталчихсан. Энэ нь бидэнд маш чухал. ШХАБ-д элсэх нь улс төрийн өндөр ач холбогдолтой. ШХАБ-д манай улс элссэнээр магадгүй ОХУ, БНХАУ-тай гурван талт хамтын ажиллагааны төслүүд идэвхжихэд нөлөөлөх талтай. Бид сүүлийн хэдэн жил ОХУ-д нэр хүндээ алдсан. Хэлсэндээ хүрдэггүй, худлаа ярьдаг, ажлаа явуулдаггүй, улстөрждөг, Засгийн газар нь тогтворгүйгээс үүдэж бодлого нь байнга өөрчлөгддөг зэрэг эдгээр асуудалд тодорхой алхам хийнэ гэсэн үг. Цаашлаад Монгол Улсын олон улсын харилцаа эрс өөрчлөгдөнө. Мөн Монгол Улс идэвхтэй гадаад бодлогоо явуулах шаардлага бий болно. Бүс нутгийн бүтцийн байгууллагууд руугаа идэвхтэй оролцож эхэлнэ гэсэн үг.

-Таны хэлсэнчлэн, манай улс ШХАБ-ын өргөжин тэлэх үйл явц, хөгжил дэвшил, цаашдын төлөв байдлыг 14 жил анхааралтай ажиглан харж байна. Тэгвэл энэ хэвээр ажиглагч орон байх нь ямар сөрөг талтай юм бэ?

-Бид зожигорч, зугтааж, улам бүр хайрцаглагдан, төвийг сахиад байвал тэр хэрээр сөрөг талтай. Олон улсын харилцаа, геополитикийн орчин ихээхэн өөрчлөгдөж байна. Монгол Улстай холбоотой асар том мега төслүүд Монголыг тойрч ОХУ, БНХАУ-руу Монголын оролцоогүйгээр шууд явж байна. ОХУ-ын эдийн засаг бүхэлдээ Алс Дорнод руу чиглэгдсэн. Ийм алтан боломж дор Монголын геополитикийн ач холбогдол аяндаа өсч байна. Ийм нөхцөлд бид ШХАБ-д элсэхэд хожно.

Гэхдээ маш үе шаттайгаар, тодорхой судалгаа, эрсдэлийн үнэлгээгээ хийснийхээ дараа ШХАБ- д элсэх нь зөв юм. Цаашид олон улсын чиг хандлага ч ШХАБ-д нэгдэх төлөвтэй байна. Улс төр, эдийн засгийн итгэлцлийг гүнзгийрүүлэхэд ШХАБ чухал ач холбогдолтой.

– ШХАБ-д элсэхийн тулд юуг анхаарах нь зохистой вэ?

-ШХАБ зөвшилцлөөр шийдвэр гаргадаг. Тиймээс бид тодорхой чиглэлүүдэд өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх шаардлага тулгарна. Дээр хэлсэнчлэн эрсдэлийн үнэлгээгээ тодорхойлох нь чухал. Тухайлбал, ШХАБ-д гишүүн болсны дараа ямар нөхцөл байдал үүсэх үү, Монголоос гарах хүчин чармайлт, бусад гүрнүүдийн хандалт ямар байх энэ бүхэнд урьдчилсан дүгнэлт гаргахыг эрсдэлийн үнэлгээ гэж хэлж байгаа юм. Нөгөө талдаа олон улсын байгууллагад 14 жил ажиглагч гишүүн байна гэдэг хангалттай хугацаа. ШХАБ-д элсэх цаг нь  болсон.

-Ер нь Монгол Улсын нэр хүнд олон улсад хэр байна вэ?

-Олон улсын тавцанд Монгол Улсын гадаад бодлого сайн үнэлэгддэг. Гэхдээ байнга төвийг сахих нь хоёр хөршид болгоомжлолыг бий болгосон. Хоёр хөрштэйгөө стратегийн түншлэл тогтоочхоод төвийг сахиад байх нь бусад улс орны ч гайхшралыг төрүүлнэ. Ялангуяа урд хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай атлаа ШХАБ-д элсэхгүй байх нь логикийн хувьд утгагүй ойлголт юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж