Л.Мөнхбаатар: Хүүхдэд оногдуулах ялд болгоомжтой хандах ёстой

Хуучирсан мэдээ: 2018.05.29-нд нийтлэгдсэн

Л.Мөнхбаатар: Хүүхдэд оногдуулах ялд болгоомжтой хандах ёстой

Л.Мөнхбаатар: Хүүхдэд оногдуулах ялд болгоомжтой хандах ёстой

УИХ-д нэр бүхий гишүүд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан тус төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатараас дараах тодруулга авлаа.


-Энэ хуулиар ямар асуудлыг зохицуулахаар тусгасан бэ?

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Дэлгэрсайхан болон миний бие санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барилаа.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүүхдэд оногдуулсан ялыг тэнсэн харгалзах, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж 1-3 жил хянан хүмүүжүүлэх, хязгаарлалт тогтоох зэрэг арга хэмжээ авч болохоор заасан байдаг.

Энэ нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн буюу буюу 6 сараас 5 жил хүртэл ял шийтгүүлсэн 14-18 насны хүүхдэд хамаарч, хүнд гэмт хэрэг буюу  2-оос дээш жил  хорих ял шийтгүүлэхээр заасан хүүхдэд хамаарахгүй байна.

Энэ хуулийн төслөөр хэргийн хөнгөн, хүндээс үл хамааран 14-18 насны хүүхэд анх удаа  гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж хязгаарлалт тогтоох болон  хорих ялыг тэнсэн харгалзаж 1-3 жил хүртэл хугацаагаар хянан харгалзан арга хэмжээ авахаар тусгасан.

-Практикт яг ямар асуудал үүсээд энэ энэ хуулийг төслийг боловсруулах болов?

-Тухайлбал, Эрүүгийн хуулийн 17.1-ийн 2-т хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгай хийсэн тохиолдолд хохирол харгалзахгүйгээр 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь хорих ялын хугацаанаас шалтгаалан хүнд гэмт хэрэгт хамаарч байна.

Тухайн гэмт хэргийн төрлөөс хамаарч гэмт хэргийг хөнгөн, хүнд гэж ангилах нь харьцангуй байж болно.

 14 настай хүүхэд сумын төвийн жижгэвтэр дэлгүүрээс чихэр, жимс гэх мэтийг хулгайллаа гэхэд хохирлын хэмжээ буюу хулгайлсан зүйлийн үнийн дүнг үл харгалзан бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хулгай хийсэн тул уг хүүхдийг хүнд гэмт хэрэг хийсэн гэж үзэж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж байна. Гэтэл нөгөө хүүхэд магадгүй 10000 төгрөгийн чихэр хулгайлсан байдаг.

Гэмт хэрэг хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг боловч ял шийтгэл өөрөө бас хүмүүжлийн зорилготой байдаг. Насанд хүрээгүй, бие, сэтгэхүйн хувьд бүрэн төлөвшөөгүй хүүхдийн анх удаа үйлдсэн  гэмт хэрэгт оногдуулах хорих ял шийтгэлийг эдлүүлэхдээ насанд хүрэгчдээс илүү ялгаатай хандах ёстой гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан.

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжээд удаагүй, сайн, муу нь хараахан мэдэгдээгүй байна. Хуульд ийм богино хугацаанд өөрчлөлт оруулах нь хэр зохимжтой вэ?

-Мэдээж, хууль тогтвортой үйлчилснээр түүний хэрэгжилт, хуулийн үр нөлөө сайн байна. Хууль хэрэгжсэнээр уг хууль нийгэмд үр нөлөөгөө өгч чадаж байгаа эсэх, зохицуулалт нь зөв байсан эсэх нь харагдана.

Эрүүгийн хууль 2017.07.01-ний өдрөөс эхлэн хэрэгжээд 1 жил арай болоогүй байна. Энэ бол хуулийн үр нөлөөг дүгнэх хангалттай хугацаа биш хэдий ч бараг 1 жил орчим хугацаанд энэ хуулийг хэрэглэсэн байна. Энэ хугацаанд иргэдээс ч санал хүсэлт ирүүлж байна.

Гэхдээ нэгэнт хуульд өөрчлөх шаардлагатай тодорхой асуудал байна үзсэн тохиолдолд түүнийг заавал амьдрал дээр дахин дахин шалгаад байлгүйгээр өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна. Нэн ялангуяа Эрүүгийн хууль бол тодорхой хувь хүний эрх, эрх чөлөөг хязгаарладаг хууль учраас хэрвээ уг хуульд буруу зүйл орсон бол нэн даруй засах ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж