Монгол Улсын их сургуулийн /МУИС/ оюутны зөвлөлөөс өнөөдөр /2018.05.29/ “Монгол нюьс” –ын байранд хэвлэлийн хурал хийв.
Оюутнуудын зүгээс МУИС-д дүнгийн болон дипломын наймаа байна гэдгийг онцлов. Хичээл зүтгэлээрээ сурч түүнийхээ хариуд зохих дүнгээ авч байхад зарим нь дүнг худалдаад авч байгаа явдлыг эрс эсэргүүцэж байгаа юм.
БСШУСЯ-ын хяналт шалгалтын дүнгээр 2013 онд 2 дүн, 2014 онд 221 дүн, 2015 онд 74 дүн, 2016 онд 70 дүн, 2017 онд 27 дүнг тус тус зассан байна. Мөн МУИС-ийн оюутнуудын дундах “нэгдэл групп”-д МУИС-ийг төгсөхөд тусална гэсэн зар тавигдаж байгаа нь дүнгийн наймаа байгааг тодорхой харуулж байгаа гэж тэд хэлэв.
Дээрх асуудалтай холбоотойгоор Оюутны холбоо нь МУИС-ийн захиргаа болон удирдлагуудад албан бичиг шаардлага хүргүүлсэн байна. Энэ сарын 22-нд хүргүүлсэн албан бичгийн хариуг 25-нд өгчээ. Албан бичгийн хариуд МУИС-ийн одоогийн удирдлага, бүтцээс өмнөх асуудал байна гэсэн хариуг өгчээ. Оюутнуудын тавьж буй шаардлага нь хэн нэгэнд хариуцлага тооцож дахиж дүн засах асуудлыг бүрэн зогсоохыг шаардаж байгаа юм.
МУИС-ийн оюутны холбооноос МУИС доторх өөр хууль бус үйлдлүүдийг тодорхой баримттайгаар дэлгэн үзүүлж байв. Үүнээс дурдвал 2004 онд оюутан О нь МУИС-д элсээд улмаар 2014 он хүртэл 10 жил дүйцүүлэн суралцаад төгссөн байдаг. Энэ нь МУИС-ийн дотоод журмыг зөрчсөн, МУИС-д суралцах дээд хэмжээ долоон жил байдаг. Хэрвээ долоон жилийн дотор амжилттай суралцаж чадахгүй бол МУИС-д сурсан нь үнэн болно гэсэн цагаан хуудас өгдөг. Сургуулиас чөлөө авах дээд хугацаа хоёр жил байдаг аж. Гэтэл дээр дурдсан баримт нь суралцагчийн дотоод журмын 4.11.12-д заасан заалтыг зөрчсөн гэдгийг дэлгэж байв.
МУИС-ийн оюутны холбоо, оюутан конгрессын тэргүүн Н. Мандах: МУИС-д АТГ-аас дүнг засдаг асуудлыг анхаарч ажиллахыг зөвлөсөн байдаг. Гэтэл энэ байдал засрахгүй үргэлжлэх юм бол оюутнууд бид дараагийн тэмцлийн арга хэмжээг авах болно. Оюутнууд бидний хамгийн том эрх ашиг бол зөвхөн үүн дээр нэгдэж байгаа. Бидний үйл ажиллагааг дэмжиж 400 оюутан гарын үсгээ зурсан. Цаашдаа ч нэгдэх байх. Оюутан бидний шаардлагыг биелүүлэхгүй бол цаашдаа жагсаж өлсөхөд ч бэлэн гэлээ.
Н.ГАНБАТ