МУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн дэргэдэх “Математик-Хэрэглээ төв” зургаадугаар сарын 4-8-ны хооронд “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар” зохион байгуулах гэж байна. Энэ талаар бид МУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн багш, дэд профессор Н.Пүрэвцогттой ярилцлаа
-Та бүхний зохион байгуулах гэж буй “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар” –ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-МУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн дэргэд 2010 онд “Математик-Хэрэглээ төв” гэсэн судалгааны төв байгуулагдсан юм. Энэ судалгааны төв нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн олон талт асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдэх, математикийн онолын судалгааны үр дүнг практик хэрэглээнд нэвтрүүлэх, практик хэрэглээнээс үүсэн гарч буй асуудлуудыг шийдвэрлэх замаар эргээд математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилготой юм. Бид байгуулагдсан цагаасаа хойш үйлдвэрлэлийн практикт тулгамдсан төрөл бүрийн асуудлууд дээр ажиллаж байна. Тухайлбал, бид “Орон нутгийн хөгжлийн мөнгийг оновчтой хуваарилах”, “Хүний нөөцийн оновчтой хуваарилалт”, “Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн хүдрийн гарцыг нэмэгдүүлэх” зэрэг ажлуудыг дурдаж болно.
Бидний үйл ажиллагааны бас нэг хэсэг бол сургалт байдаг. Бид оюутнуудаас гадна аж ахуйн нэгж, хувь хүн байгууллага хамт олонд математик, статистикийн судалгаа, шинжилгээний арга зүйн талаар сургалт зохион байгуулдаг. Бид Монгол улсад анх удаа “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар” (Study group on Math for Industry)-ийг зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь сургалт, судалгаа болон аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хослуулсан цогц үйл ажиллагаа юм.
-“Үйлвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар” гэдэг яг юу гэсэн үг вэ?
Ийм семинарыг анх 1968 онд Оксфордын их сургууль дээр зохион байгуулсан бөгөөд үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүд математикийн салбарын эрдэмтэдтэй хамтран тухайн үйлдвэрлэлд тулгамдсан асуудлыг шийдэхийг оролдсон юм. Өнөөдөр аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орнууд энэ семинарыг яг энэ хэлбэрээр нь зохион байгуулж байна. Тухайлбал дэлхийд хамгийн томд тооцогдох Европын судалгааны семинарын 140 дэх семинар нь зургаадугаар сарын 4-8-ний өдрүүдэд Португаль улсад зохион байгуулагдахаар болоод байна. Үүнтэй төстэй үйл ажиллагааг бид Монгол Улсдаа анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ удаад банк санхүү, мэдээллийн технологи, уул уурхай, ХАА-н салбарын компаниудын тодорхой асуудлууд дэвшүүлэгдээд байгаа бөгөөд тэдгээр асуудлууд дээр МУИС, МУБИС, ШУТИС, МГТИС зэрэг их сургуулиудын багш, оюутнууд хамтран ажиллаж математикийн онол, аргачлалыг хэрэглэн боломжит шийдэл гаргаж өгөх юм.
Семинарын хөтөлбөр нь Оксфордын загварын дагуу боловсруулагдсан ба Даваа гаригт байгууллагууд өөрсдийн асуудлаа дэвшүүлэн танилцуулах бол нийт оролцогчид судалгааны багуудад хуваарилагдан Мягмараас Пүрэв гаригт уг асуудлууд дээр хамтран ажиллана. Сүүлийн өдөр буюу Баасан гаригт судалгааныхаа үр дүнг хэлэлцүүлдэг уламжлалтай.
-Судалгааны баг ямар хэсгээс бүрдэх вэ?
-Судалгааны багт нэг талаас мэргэжлийн ангийн оюутнууд, нөгөө талаас тэдгээрийг чиглүүлэх мэргэжлийн багш нар, гуравдагч талаас үйлдвэр, аж ахуй нэгжүүд оролцоно. Судалгааны багийг коллежийн төвшний, мэргэжлийн төвшний гэж хоёр ангилдаг. Коллежийн төвшний гэдэг нь голдуу оюутанд чиглэсэн үйл ажиллагаа болдог. Оюутнуудыг бие даалган судалгаа хийлгэх, тэд нарын мэдлэг, туршлагыг дээшлүүлэх, харилцан нэг нэгнээсээ суралцахад ач холбогдол нь оршиж байгаа юм. Харин мэргэжлийн төвшинд гэвэл тухайн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцон асуудлын шийдлийг эрэлхийлнэ гэсэн үг. Бидний зохион байгуулж буй семинар нь мэргэжлийн төвшнийх бөгөөд академик талаасаа дээр дурьдсан сургуулиудын багш нар болон мэргэжлийн ангийн оюутнууд оролцохоор төлөвлөгдөж байна.
-Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинарын ач холбогдол юунд оршиж байна вэ?
Судалгааны баг нь математикчид болон аж үйлдвэрийн салбаруудын хооронд технологи, мэдлэг дамжуулах үндсэн зорилготой, олон улсын эрдэмтэд болон аж үйлдвэрийн салбарынхны дунд нэр хүнд бүхий үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, нэг талаас аж ахуй нэгж, үйлдвэрлэгчид, компани, бизнес эрхлэгчд тулгамдаж буй асуудлаа бидэнд танилцуулах юм. Харин мэргэжлийн баг тухайн асуудлыг нь математикийн шинжлэх ухааны тусламжтайгаар судлах, шинжилгээ хийх, боломжит шийдлийг олж өгөхийг зорино. Энэ нь тухайн байгууллагын дэвшүүлсэн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, шинжилгээ хийх, үйлдвэрлэгчид болон их дээд сургуулийн эрдэмтэн, багш нарын хооронд цаашдын урт хугацааны үр бүтээлтэй хамтын ажиллагааг бий болгох, мөн математикийн онолын судалгаа үр дүнг практик хэрэглээнд нэвтрүүлэхэд өндөр ач холбогдолтой.
-Ирэх зургаадугаар сарын 4-8 хооронд семинар болох юм байна. Энэ семинарт оролцож, үйлдвэрлэлийн зардлаа бууруулах сонирхолтой бизнес эрхлэгчид хэрхэн хамрагдах вэ?
-Бизнес эрхлэгчид өөрсдийн тулгамдсан асуудлаа тодорхойлоод бидэнд шууд хандахад болно. Гэхдээ өөрсдөө математикийн хэлээр бодлого болгон тавих гэж санаа зовох хэрэггүй. Үүнийг манай судалгааны баг хийх болно гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Дашрамд хэлэхэд энэ семинарыг анх удаа зохион байгуулж байгаа учраас компаниудаас ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй бөгөөд бидний үйл ажиллагааны зардлыг зохион байгуулагч тал хариуцаж байгаа юм. Өөрөөр хэлвэл бид үнэ төлбөргүйгээр тодорхой асуудлууд дээр ажиллаж өгнө. Иймээс зардлаа багасгаж, үр ашигтай ажиллахыг хүссэн, шинэ санаа, шинэ төрлийн үйл ажиллагааныхаа төлөв байдлыг үнэлэн тодорхойлох болон өөрийн үйл ажиллагаанд тулгамдаж буй математик тооцооллоор шийдвэрлэх боломжтой төрөл бүрийн асуудлууд байгаа бол бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байгаа юм. Энэхүү судалгааны семинарт хамрагдсанаараа үйлдвэрлэгчид тулгамдаж буй асуудлынхаа боломжит шийдлийг тодорхойлж авахаас гадна мэргэжлийн ангийн оюутнуудад компаниа сурталчлах, ирээдүйн боловсон хүчнээ сонгон авах боломж бүрдэнэ. Энэ бүх үйл ажиллагаа нь монголынхоо хөрсөнд буй асуудлыг монголдоо, хамтран шийдэх боломжийг эрэлхийлсэн үйл ажиллагаа болохыг хэлэхэд таатай байна. Энэхүү семинарт оролцох нь танай байгууллагын хувьд шинжлэх ухаанчаар асуудлаа шийдэн үйл ажиллагаагаа эрхлэх нэгэн төрлийн шийдлийн хэлбэр бөгөөд мөн үйлдвэр аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн багш нартай хамтран ажиллах, оюутан залуусын мэдлэгээ тэлж практик ур чадвар эзэмшихэд тус дөхөм болж буй явдал юм. Бид байгаль, нийгэм, инженер технологийн төрөл бүрийн асуудлуудыг авч үзэн, тулгамдсан асуудлыг тань математикийн шинжлэх ухааны онол, арга, загваруудаар судлан шинжилж боломжит шийдлийг олж өгөхийг зорих болно.
-Судалгааны ажил оюутнууд нэг талаасаа хамрагдана гэдгийг та дээр дурдсан. Энэ нь оюутнуудад ямар үр өгөөжтэй вэ?
-Бидний зохион байгуулах семинар бол мэргэжлийн төвшнийх байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн мэргэжлийн ангийн бакалавр магистр докторын төвшний оюутнууд тухайн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаач багш нартай хамтран ажиллах юм. Ингэснээр оюутнууд багаар ажиллах үйл ажиллагаанд суралцан, тухайн салбарын эрдэмтэн багш нараас туршлага судалж, бодит асуудал дээр тулгуурлан шинэ мэдлэг олж авах үр өгөөжтэй.