БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Гүйжөү мужид 47 үндэстний 40 сая гаруй иргэн амьдарч байна. Тэдний дунд монгол үндэстэн ч бий.
Өтгөн их ойн дунд орчин үеийн шийдлийг харуулсан уран барилгууд сүндэрлэх нь сүрдмээр.
Газар бүрт бүтээн байгуулалтын ажил ундрах бөгөөд уул нурааж зам, барилга, гүүр барьсан нь олонтаа. Энэ нь тал нутаггүй өндөрлөг бүсэд оршдогтой холбоотой аж. Хот суурин, сум, тосгон хаана ч амьдарсан битүү ойтой. Дэд бүтэцгүйн бэрхшээл сум болон тосгонд нь гарахгүй. Зам бүхэн Ромыг зорино гэдэг шиг хатуу хучилттай зам бүр айл бүрийн босгонд хүргэнэ.
Мужийн удирдлагууд, тосгоны иргэдийн ярьж буйгаар энэ бүс нутагт хатуу хучилттай авто замыг айл бүрт хүргэснээр хөгжлийг хурдасгажээ. Эхлээд замаа тавьдаг харин залгуулаад үйлдвэрлэл болон ахуйн хэрэглээний усыг шийддэг. Нэг ёсны дэд бүтцийг цогцоор нь ийн шийдэж өгснөөр алс бөглүү тосгонд ч хүн амьдрах бололцоотойн зэрэгцээ үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх боломж нөхцөлөөр хангагддаг.
Тосгон, сум бүрт интернетийн сүлжээ тавигдсан тул захын ногоочин, тахиачин хүнсний нарийн ногоо, өндөгний борлуулалтад санаа зовох зүйлгүй. Интернетээр хэрэглэгчийнхээ захиалгыг аваад л бүтээгдэхүүнээ нийлүүлнэ. Энэ бол ердөө жишээ.
Хэрэглэгч, үйлдвэрлэгчийг хооронд нь холбосон цахим худалдааны өргөн сүлжээг мужийн хэмжээнд байгуулсан байх агаад орон нутгаас муж руу, мужаас улсад гэсэн сүлжээгээр борлуулалт хийгддэг. Ингэснээр тариаланчид намар нь хураан авсан ургацаа жилийн турш борлуулах бололцоо ч бүрджээ.
Байгалийн асар их баялагтай ч сүүлийн жилүүдэд Гүйжөү мужид хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нөхөрлөл хоршоо, томоохон компаниуд ихэвчлэн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллах болсон байна. Нэг талдаа экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хүнсний аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж байгаагийн зэрэгцээ үйлдвэрлэгчид өндөр ашиг хүртэх боломжийг нэмэгдүүлэх болжээ.
Тэр дундаа ядуу иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд түлхэц өгч байгаа аж. Үүний үр дүнд сарын 2890 юаниас доош орлоготой амьдралаа чадан ядан залгуулж байсан иргэд нь одоо 10 мянган юаниас дээш орлоготой болж, амьжиргаа нь дээшилж байна.
Мөн орлого багатай айл өрхийн хүүхдийг ирээдүйд аж амьдралаа аваад явах суурьтай болгохын тулд монголчуудын хэллэгээр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургадаг.
Тодруулбал, Би же хот дахь Чиан ши тосгоны ажил мэргэжлийн сургуульд өнөөдөр 6000 гаруй хүүхэд суралцаж байна. Тэдний 1000 гаруй нь орлого багатай өрхийн хүүхдүүд. Тэдэнд төрөөс жилд нэг суралцагчид 3980 юанын тэтгэлэг олгодог. Суралцах хугацаандаа тэд эзэмшиж байгаа мэргэжлээрээ захиалга авч, орлого олох боломж бас бий.
Гурван жилийн хугацаатай суралцдаг бөгөөд сувилагч, гоо сайханч, авто машины засварчнаас эхлээд тогооч, нарийн боовчин, гоо сайханч, үсчин зэрэг төрөл бүрийн мэргэжил эзэмшиж байна.
Гүйжөү мужийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.3 сая иргэн ядуу амьдардаг. Тэдний орлогыг өсгөхийн тулд төрөөс системтэйгээр бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Ингэхдээ дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч ‘Алибаба’ зэрэг группүүдыг татан оролцуулсан байхын зэрэгцээ тэдгээр нь ч ядуу иргэдийг хөдөлмөр эрхэлж, орлого олдог арга ухаанд сургах томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм.
Тодруулбал, “Алибаба“ ядуурлыг бууруулах зорилтот хөтөлбөрийнхөө хүрээнд хөдөө орон нутагт 10 тэрбум юанийн хөрөнгө гаргаж дэмжлэг үзүүлж байна. Taobao-аар дамжуулан тариалан эрхлэгчдэд газар тариалангийн зээл олгодог.
Мөн инновацийн чиглэлээр 100 гаруй компанид, блокчэйн болон үйлдвэржилтийн автомат системд хөрөнгө оруулалт хийж байгаа ажээ.
Гүйжөү бол байгаль цаг уурын нэн таатай уур амьсгалтай бүсэд оршдог. Өвөлдөө дулаан, зундаа сэрүүн байх тул ‘Сэрүүн хот’ гэж нэрлэх нь бий. Мөн Хятадын ‘Эрдэнэсийн уурхай’ гэж ярилцдаг. Учир нь тус муж усны нөөцөөр бүх Хятадын хэмжээнд зургаад, нүүрсээр тавд, фосфороор нэгд бичигддэг бөгөөд 128 төрлийн орд илэрчээ. Гэвч одоо байгалийн баялгаас илүүтэй инновац, шинжлэх ухаанд суурилсан аж ахуй хөгжүүлж, илүү их ашиг хүртэхэд бүх нийтээр чармайж байна.
Нэг үгээр илэрхийлбэл, байгалийн асар их баялаг, газар нутгийн онгон дагшин байдал, цаг агаар, хүн зоных ахуй амьдрал, өв уламжлал энэ бүхэн Гүйжөүг бүх Хятадын хөгжлийн халуун цэг болгож, үсрэнгүй хөгжилд хүрэх замыг нь мөн засаж байна.