“XXI зууны шинэ даяаршил ба хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2018.05.29/ Монгол Улсын Эрдмийн их сургуулийн ‘Эрдмийн ордон’-д боллоо. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Монгол Улсын Эрдмийн их сургууль хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт олон салбарын эрдэмтэд оролцож, илтгэл тавьснаас гадна өөрсдийн саналаа хэллээ. Мөн хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэд зөвлөмж гаргаж, төрийн байгууллагуудад хүргүүлэхээр болжээ.
“XXI зууны шинэ даяаршил ба хөгжил” сэдэвт хэлэлцүүлэгийн талаар Монгол Улсын Эрдмийн их сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаагаас дараах асуултад хариулт авлаа.
-“XXI зууны шинэ даяаршил ба хөгжил” сэдэвт хэлэлцүүлэгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өнөөдөр Монгол Улс даяаршлын үед оршин тогтох уу, эс оршин тогтох уу гэсэн асуудал яригдаж байгаа эгзэгтэй үед ирээд байна. Энэ үед бид яах аргагүй оршин тогтнохын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого гаргаж зөв явах ёстой. Энэ бодлогыг хэн гаргаж, хаана хийж, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуулт гарч байна. Шинжлэх ухаан нь онол практикаар батлагдчихсан системтэй мэдлэгийн асуудал юм. Энэ мэдлэгийг хийж яваа хүмүүс илүү бодитойгоор асуудалд хандана. Тийм учраас эрдэмтдийнхээ хүчийг ашиглаж, үнэн бодит мэдээлэл дээр үндэслэн төрийн бодлогоо хийгээд түүнийг зөв зүйтэй хэрэгжүүлэх явдал чухал байна. Тэгэхгүй бол даяаршлын энэ үед устах үгүй юу гэдэг асуудал яригдаад эхэлчихлээ. Үүнийг ч хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн, судлаачид ярьж байна.
-Хэлэлцүүлгийн үр дүнгээс зөвлөмж гаргаж төрийн байгууллагад хүргүүлнэ гэж байсан. Мөн дахин энэхүү сэдвээр хэлэлцүүлэг хийх үү?
-Өнөөдрийн хэлэлцүүлэг их онцлогтой боллоо. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газар, “Хөгжлийн төлөөх эрдэмтэд” Төрийн бус байгууллага болон Монгол Улсын Эрдмийн их сургууль хамтран хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтарлаа. Энэ бол өөрөө том ололт амжилт гэж үзэж байна. Хурлаас зөвлөмж гаргах ажлын хэсгийг гаргаж, төрийн байгууллагад хүргүүлнэ. Мөн сарын дараа дахин зөвлөлдөхөөр боллоо. Өнөөдөр Монголд эрдэмтэн, судлаачид цөөн байна. Тэднийг нэгтгэх хэрэгтэй.
-“XXI зууны шинэ даяаршил ба хөгжил” сэдэвт хэлэлцүүлэгийг Монгол Улсын Эрдмийн их сургуулийг түшиглэн зохион байгууллаа. Төгсөлтийн дараах судалгааны сургуулийнхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монголд судалгааны их сургууль гэсэн статустай гарч ирсэн анхны сургууль бол Монгол Улсын Эрдмийн их сургууль юм. Судлаач оюутныг бэлтгэх нь зайлшгүй шаардлага байна. Дэлхийд судалгааны бөгөөд төгсөлтийн дараах сургалтыг бэлтгэдэг их сургууль цөөн байдаг. Эдгээр их сургуулийг улс орон анхаардаг юм байна. Гэтэл манайд харамсалтай нь бодлого барьж байгаа газар нь төдийлөн ойлгодоггүй. Энд бэрхшээл гарч байна. Бид дэлхийд өрсөлдөх хэрэгтэй байдаг. Олон улсад гарч ажилламаар байна. Монголын боловсролыг гадаад зах зээл дээр гаргана гэсэн үг. Энэ тал дээр чухал зүйлийг хийхэд олон эрх зүйн нөхцөл, орчин бүрдүүлэх хэрэгтэй байна. Судалгааны их сургуулийн нэг гол үүрэг бол нийгэмд нөлөөлөх. Төрийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргах, энэ тал дээр ажилладаг. Эрдэмтэд нэгдэж чөлөөтэйгээр шинэ мэдлэгийг бий болгодог. XXI зууны хөдөлгөгч гол хүч бол их сургуулиуд болж байна. Яагаад гэвэл тэнд шинэ мэдлэг үүсэж байна. Тиймээс бид судалгааны их сургуулийг Монголд анхлан нээн ажиллаад эхэллээ.