Өнөө өглөө Техас мужийн Хьюстон хотын “Тоёота центр” ордонд НБА-н Өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын шийдвэрлэх 7 дахь тоглолт боллоо. Тоглолтын эхний хагаст талбайн эзэн Хьюстон Рокетс баг 54-43 харьцаатай тэргүүлсэн. Харин тоглолтын II хагаст зочин баг тоог ойртуулсан бөгөөд К.Дюрант 34 оноо авч багаа тэргүүлсэн бол С.Карри 27 оноо, 10 дамжуулалт, К.Томпсон 19 оноо, Д.Грийн 10 оноо, 13 удаа самбараас бөмбөг авсан нь ялалт байгуулах гол хөшүүрэг болсон юм. Ялангуяа самбарт Д.Грийн сайн тоглож багтаа боломжийг үүсгэж байсан. Харин талбайн эздээс Ж.Харден ажлаа сайн хийж байсан ч баг нь финалд шалгарч чадсангүй.
Ийнхүү цаг дуусахад 101-92 харьцаагаар зочин баг Голден Стэйт Уорриорс баг ялалт байгуулж 2017-2018 оны Өрнөд бүсийн аварга болж НБА-н фнналд шалгарлаа. Дорнод бүсээс Кливленд Кавальерс баг шалгараад байгаа бөгөөд хоёр баг 4 улирал дараалан финалд шалгарч байна. 2015, 2016, 2017 онд финалд шалгарахад Голден Стэйт Уорриоср баг 2015, 2017 онд ялалт байгуулж НБА-н аварга болж байсан бол Кливленд Кавальерс баг 2016 онд аварга болж байжээ.
Б.БЯМБАБАЯР