Сүхбаатарын талбайд өнөөдөр /2018.05.29/ Нийслэлийн МАН-ын гишүүд дэмжигчид жагслаа. Нийслэлийн МАН-ын бага хурал ирэх зургадугаар сарын 07-ны өдөр болох аж. Энэ хурлаар шат шатны төлөөлөгч нарыг оролцуулах санал тус намын гишүүдээс гарчээ.
Жагсаалд оролцож буй гишүүд, дэмжигчид “Нэг хүний эрх ашгийн төлөө нийт намын гишүүдийн эрхийг зөрчихийг эсэргүүцэж байна” гэж үзэл бодлоо илэрхийлж байв.
Энэ тухай МАН-ын нэгэн гишүүн ийн хэлэв. “Энэ жагсаалын гол зорилго нь Нийслэлийн МАН-ын удирдлагууд намын дүрмээ барьж ажиллах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Нам бус шийдвэрүүд гаргаад нийслэлийн намын бага хурлыг явуулах гэж байна. Намын анхан шатны төлөөллийг хуралд оролцуулах боломжийг хаасан эрхийг зөрчсөн үйлдэл хийгээд байгаа юм. Үүнийг эсэргүүцэж шаардлага тавьж буй юм” гэлээ.
Үүний дараа МАН-ын гишүүд Хотын захиргааны гадна талд жагсаж Нийслэл хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод шаардлага хүргүүллээ. Тэд шаардлагын хариуг хүлээн автал тэмцэнэ гэдгээ илэрхийлэв. Энэ үеэр жагсаалд оролцогчдын байр суурийг сонсоход “Нийслэлийн МАН-ын бага хуралд анхан шатны төлөөлөгчөө шударга сонгоё гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа юм. Хотын дарга шаардлагын хариуг биечлэн авах ёстой” гэж иргэн Д.Оюунцэцэг хэллээ.
Э.Ариун