Н.Наранбаатар аа, цэнгэлдэхээсээ гарч сэтгэ!

Хуучирсан мэдээ: 2018.05.29-нд нийтлэгдсэн

Н.Наранбаатар аа, цэнгэлдэхээсээ гарч сэтгэ!

Н.Наранбаатар аа, цэнгэлдэхээсээ гарч сэтгэ!

Дэлхийд ганцхан дээлтэй наадам айсуй. Дэнж хотойтол монголчууд найрлаж, наадах нь ч мэдээж. Байшингаа булаацалдаад буруу харчихсан барс арслангийн хүчтэнүүд нь баруун зүүнээ магнайлах ч биз.

Наадам болоход сар гаруйхан хоног үлджээ. Наадмын шинэ сонин гэвэл Н.Наранбаатар найруулахаар болж гэнэ. Нээлтийн ёслол хоёр цаг орчим үргэлжлэх гэнэ.

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар наадмын нээлтийг ийнхүү гурав дахь удаагаа найруулахаар бэлтгэлдээ оржээ. Туслах найруулагч нь ‘Хувьсал’-ын Г.Цоггэрэл. Эрч хүчтэй залуу хүний хувьд түүнээс илүү ихийг хүлээж байсан ч, өнгөрсөн хоёр удаагийн наадмын найруулгаас харахад Төрийн соёрхолт Д.Сосорбарамын дэглэлтээс илүү гарсангүй. Шинэлэг санаа олсонгүй, нэг үгээр хэлбэл, нэмэгдэхүүний байрлал солигдсон ч нийлбэр дүнгийн өөрчлөлт наадмын нээлтэд лав харагдсангүй. Нэг ийм агуулга, дэглэлт, жүжиглэлттэй ёслол Д.Сосорбарам гуай найруулдаг л байсан.

Наадмын нээлт яагаад заавал үд орчим болдог, дээрээс шарж буй наранд дээлтэй хүмүүс хөлсөө гоожуулаад, хөглөрөөд явах ёстой юм бэ гэж үү? Мэдэхгүй, үүнийг найруулагчаас нь асуу.

Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг Н.Наранбаатар “Монгол орон мөнхөд бат оршиг” сэдвийн дор дэглэхээр төлөвлөж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшинд танилцуулжээ. Гэвч, түүний хөтөлбөрийнх нь нэрнээс харахад наадмын нээлтийг үзмээргүй сэтгэгдэл төрж байна. Яагаад гэвэл өнгөрсөн жилээс, түүний өмнөх жилүүдээс, бүр цаашлаад 96 жил тэмдэглэж ирсэн наадмын нээлтүүдээс найруулга нь ч, агуулга ч, шийдэл нь ч шинэчлэгдэхгүй нь.

Н.Наранбаатарын найруулсан анхны наадмын нээлтийн зураглал нь Хүннү, Ром гүрнээс эхлээд Эзэн Чингис хааны байлдан дагуулалт, Тулгар төрөөс тусгаар тогтнолоо бадраасан Богд хаант засаглалын үе хүртэл үүх түүхээ харуулахад чиглэгдсэн. Өнгөрсөн жилийн  наадмын нээлт өмнөхөөсөө төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд өөрийнх нь хэлснээр “Монголчуудын зүрхэнд орж, тархитай нь ярих” хэмжээний ёслол болоогүй.

Дэлхийд ганцхан дээлтэй наадам гэж омогшдог монголчуудын баяр наадмыг үзэхээр тив, дэлхийн жуулчид олноор ирдэг. Гэвч, үнэндээ манай Үндэсний их баяр наадмын нээлтээс тэд урлаг, спортын гоо сайхан, сэтгэлийн гоо зүйн таашаал авч чаддаг уу гэвэл бас л үгүй.  Тиймдээ ч зөвхөн гуйлгачин жуулчид нь Монголын наадмыг үзэхээр ирдэг нь худлаа ч юм биш.

Баяр наадмыг зохион байгуулах төсвийг төрөөс даадаг. Өнгөрсөн жилийн наадмын төсөв 2.7 тэрбум  төгрөг бөгөөд үүний 600 саяыг нь зөвхөн нээлтийн ёслолд зарцуулжээ. Ийм мөнгөөр морь, тэмээ хөтөлсөн драмын хэдэн жүжигчид ноёд хатдын хувцсаар гоёод цэнгэлдэх тойрч алхахыг, гавъяатай, гавьяагүй дуучид ам барьж хашгирахыг  жил бүр, наадам болгоноор үзмээргүй байна. Өнгөрсөн жилийн наадамд нийтдээ 3000, түүний өмнөх жил 1500 уран бүтээлч наадмын нээлтэд оролцжээ. Тэгвэл  “Пёнчан 2018” өвлийн XXIII олимпийн наадмын нээлтийн урлагийн тоглолтод  ердөө 2000  хүн оролцон байдаг.  Дээлтэй наамдын уран бүтээлчдээс даруй мянган хүнээр цөөн.

Наадмын нээлтийн дэглэлт Улсын драмын тайзнаа тавигдаж байгаа жүжгийн зохиолоос мэдээж найруулга, агуулгаараа тэс өөр байх ёстой. Үндэсний их баяр наадмаараа дамжуулан Монголоо сурталчилъя гэвэл комисс нь ч, найруулагч нь ч хандлагаа өөрчлөх ёстой гэсэн үг.

Уг нь уламжлал, домогтойгоо орчин үеийн техник, технологийг хослуулж, график дизайн, анимейшн ашиглаад гайхамшигтай сайхан, жинхэнээсээ дэлхийд ганцхан дээлтэй наадмаа дэнж хотойтол найруулж болмоор. Даанч, төсөв хүрэхгүй гэх үгийг найруулагч Н.Наранбаатар хэлэх байх л даа. Гэвч, шинэ санаа байгаа бол гоё нээлт дэглэж болно.Сэтгэл байвал сэрээгээр газар хагалж болно л гэдэг шиг.

Зүй нь, наадмын нээлтийг зөвхөн цэнгэлдэхийн үзэгчид, төр засгийн томчууд, улстөрчдөөр хязгаарлавал ямар ч төсөвтэй байлаа гээд яг хуучнаасаа ялгарч чадахгүй. Гадаадын жуулчид, дотоодын масст зориулж, Монгол наадмаа сурталчилгаа талаас нь харж хийхгүй бол Үндэсний баяр наадмын нээлт үзэгчгүй болж мэдэх нь. Ялангуяа орчин үеийн хүүхэд залууст морь мал унасан Чингис, Чингисийн хатад, баатрууд, Сүх жанжин, лам хуврагуудын үзүүлбэр, дуу хөгжим сонин биш. Үдшээр, өнгө өнгийн, нүд гялбуулж, уулга алдуулсан гэрэл дор, орчин үеийн шинэ технологи, шилдэг техник, шийдэл ашигласан  олимпын нээлт шиг наадмын ёслол үзмээр байна, Н.Наранбаатар найруулагч аа. Цэнгэлдэхээсээ гарч сэтгэ. АйТи ашигла.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж