Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2018.05.29/ цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү олон нийтийн анхаарлыг татсан хэргүүдийн талаар товч мэдээлэл өгөв.
Тэтгэвэрт гарсан цагдаагийн алба хаагч осол гаргажээ
Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны эцсийн буудал орчимд иргэн н.Наранчимэг нь энэ сарын 19-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож яваад ‘Прадо’ маркийн авто машиныг мөргөж, зам тээврийн осол гаргасныг Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтэст шалгаж байна. Осол гаргасан н.Наранчимэгийн хувьд 2007 онд цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан байжээ. Түүний согтолтын зэрэг 2.39 хувь байсан аж.
Хэргийн холбогдогчоос авлига авсан цагдааг АТГ-т шалгуулав
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч ахмад М нь Мал түүхий эд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн хэргийг шалгах явцдаа уг хэргийн холбогдогчоос авлига авсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага дотоод аудитын хүрээнд илрүүлэн АТГ-д хүргүүлэн шалгаж байна.
Гэртээ мариуханыг ургуулж байсан этгээдүүдийг баривчлав
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 2018 оны тавдугаар сард Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах төрлийн бодис оруулж ирэн тээвэрлэж худалдан борлуулсан, мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар тарьж ургуулсан 21 холбогдогчтой найман үйлдлүүдийг илрүүлэн, таслан зогсоож ажиллажээ.
Үүнд 2018 оны тавдугаар сарын 22-ны өдөр хар тамхины ургамал болох мариуханыг хууль бусаар гэртээ тарьж ургуулсан 23 настай Б, 28 настай Т нарыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж гэрээс нь их хэмжээний мансууруулах төрлийн ургамал хураан авсан байна.
Прокурор, өмгөөлөгч нар хар тамхины хэрэгт дахин холбогдлоо
Мөн 2018 оны тавдугаар сарын 25-ны өдөр 41 настай О,36 настай А, мөн 36 настай Т нарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэж байхад нь дайчлан баривчилсан. Шалгагдаж буй Т, А нар нь хуулийн байгууллагад ажиллаж байхдаа урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байжээ. Харин иргэн О нь хар тамхины гэмт хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг этгээд байжээ.
Э.Ариун