“Цаатан хүүхдүүд хамаатнуудтайгаа байгаа”

Хуучирсан мэдээ: 2018.05.29-нд нийтлэгдсэн

“Цаатан хүүхдүүд хамаатнуудтайгаа байгаа”

“Цаатан хүүхдүүд хамаатнуудтайгаа байгаа”

Баруун тайгад бүтэн өнчин хоёр хүүхэд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэдний тухай болон цаатан иргэдийн аж байдлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхзулаас тодрууллаа


Хүнсний наад захын хэрэглээгээ хангаж чаддаггүй байсан

-Цаа бугын ашиг бага тул цаатан иргэдийн амьжиргаа хүндрэлтэй байдаг. Тиймээс тэдэнд зориулан тэтгэмж олгодог болсон. Түүнээс хойш амьжиргаа, нөхцөл байдалд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Засгийн газрын тогтоолоор 2013 оноос эхлэн цаагаа маллаж байгаа цаатан иргэдэд зориулан насанд хүрэгчдэд баруун бүсийн амьжиргааны доод төвшинтэй дүйцэхүйц хэмжээний (185200 төгрөг), хүүхдэд түүний тавин хувьтай дүйцэхүйц мөнгөн тэтгэмжийг сар бүр олгох болсон. Хөтөлбөр таван жил хэрэгжээд ирэх сард буюу зургадугаар сард дуусгавар болж байгаа. Дээрх таван жилийн хугацаанд цаатан иргэдийн амьдрал, амьжиргаанд ямар өөрчлөлт гарсныг шалгахаар ажлын хэсэг ажиллаад ирлээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр тайгад цаагаа маллаад амьдарч байгаа иргэдийн амьдрал сайжирсан байна. Өмнө нь хүнсний наад захын хэрэглээгээ хангаж чаддаггүй байсан бол орлоготой болсноор (тэтгэмж) хүнсний хэрэглээгээ бүрэн хангаж байна. Мөн цаа бугын тоо толгой өссөн байна. Мөн ан хийж амьжиргааны эх үүсвэрээ хангадах нь буурсан.

-Хөтөлбөр хэрэгжихээс өмнө хэдэн цаа буга байснаас одоо хэд болж өсөөд байна. Мөн хэчнээн цаатан байна вэ. Тэдэнд тулгамдаж буй томоохон асуудал юу байна вэ?

-Баруун болон зүүн тайгад цаа маллан амьдарч байгаа 478 цаатан иргэн байна. Тэдний 148 нь хүүхэд. Сумын төвд ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байгаа бол бусад нь цаагаа маллан амьдарч байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр цаа бугын тоо 50 хувь нэмэгдэж, 2017 оны жилийн эцсийн тооллогоор нийт 2100 орчим цаа буга тоологдсон.

Цаа буга давжаарах хандлагатай байсан. Тиймээс хөтөлбөрийн хүрээнд цаа бугыг Тува зэрэг орны цаатай слекцид оруулах зэрэг ажлыг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас хийсэн. Мөн цаа бугын бэлчээр хомсдож байгаа. Цаа нь хөвдөөр хооллодог бөгөөд бэлчээр хомсдож байгаагаас байнга оторлох шаардлага тулгарч байна.  Тиймээс цаачид өвөл нэлээд өндөрлөг газар оторлож байна.

-Харьцангуй цөөн цаатан байна. Энэ нь цус ойртох эрсдэлтэй биш үү?

-Хүмүүс цаатангуудын дунд цус ойртолт их байдаг гэж ойлгодог юм билээ. Тийм биш. Одоогоор цаатан иргэдийн дунд сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй нэг ч иргэн байхгүй. Гэр бүл болох нь өөрийн дэгтэй. Гэр бүл болохдоо хамаатан биш, холын отгийн хүнтэй гэр бүл болдог.  

-Баруун тайгад бүтэн өнчин хоёр хүүхэд байна гэсэн. Тэд одоо хэнтэй амьдарч байна вэ?

-Цаатан иргэдийн дунд, гэр бүлд хүчирхийлэл гэж байдаггүй. Гэр бүлийн уур амьсгал дулаан, зөөлөн хүмүүс байдаг. Цаатан иргэд отог байдлаар хамаатан садантайгаа амьдардаг уламжлалтай. Тиймээс хүүхдүүд гэр бүлийн асаргаанд, эмээ, өвөө зэрэг хамаатан садантайгаа байгаа.

-Тэтгэмжийг цаашид үргэлжлүүлэн олгох уу?

-Яамны зүгээс цаатан иргэдийн уламжлалыг хадгалж үлдэх, цаатан иргэдийн амьжиргааг дордуулалгүй байх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ үүднээс хөтөлбөрийн үнэлгээг зургаадугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулах төлөвлөгөөтэй байгаа. Өөрөөр хэлбэл, тэтгэмжийг сунгах талаар Засгийн газарт санал тавихаар ажиллаж байна. Яамны зүгээс мал сүргийн зургаа дахь сүрэг болсон цаа бугыг маллан амьдарч байгаа иргэдийн амьжиргааг дордуулахгүй байх нь зүйтэй гэж үзэж байна.

 

Цаанаас нэг удаад 150-200 грамм сүү гардаг

-Тэтгэмж авахаас өмнө цаатан иргэд хэрхэн амьдардаг байсан бэ?

-Цаа бугыг дагнан маллах нь тун бага ашигтай. Цаанаас нэг удаад 150-200 грамм сүү гардаг. Тиймээс сүүг борлуулах боломжгүй, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулаад л дуусдаг. Мөн цааны арьс үнэ хямд. Харин годон хэсгийг нь түүнээс арай илүү үнээр борлуулдаг. Махаар нь хүнсний хэрэглээнийхээ талыг хангадаг. Зуны улиралд жуулчдад цаа бугаа унуулж бага зэргийн мөнгөн орлого олдог. Цаатан иргэдэд үүнээс өөр ямар ч орлого байдаггүй. Тиймээс өв уламжлалаа хадгалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор цаатан иргэдийн үйл ажиллагааг дэмжиж, цаагаа маллаж байгаа иргэдэд тэтгэмж олгох нь зөв гэж үзэж байгаа.

-Цаатан иргэд гэрэл, цахилгааны хэрэглээгээ хэрхэн хангадаг юм бол. Мөн мэдээллээ хаанаас авдаг вэ?

-Тэтгэмжтэй болсноос хойш цаатан иргэд нарын толь болон бусад төрлийн цахилгааны эх үүсвэр болсон хэрэгсэл ашиглах болсон. Зуны улиралд тайгын өндөрлөг хэсэгт гарсан үед цахилгаантай байх боломжгүй. Харин арай нам дор газар байгаа үед үүрэн телефоны утас ашиглах боломжтой. Зурагт, мэдээллийн хэрэгсэл ашиглах боломжгүй байдаг. Мөн тайгын бэлчээр өөр тул цаагаас өөр төрлийн мал өгсөх боломжгүй. Тиймээс тайгадаа цаагаа маллаад амьдардаг.  

-Сүүлийн үед мал маллах хүн ховордож байгаа. Зургаа дахь мал сүрэг болсон цааг маллан амьдарч байгаа иргэдийг “дайжуулахгүй” байх  тал дээр өөр ямар бодлоготой байна вэ?

-Цаа маллаж байгаа иргэдийн нийгмийн даатгалыг төрөөс дааж байгаа. Ингэснээр ээжүүд жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй болсон. Мөн дээр дурдсан тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохоор ажиллаж байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж