Улсын нэгдсэн төв эмнэлэгт /УНТЭ/ зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх нэрээр хүний амь хохироосон гэх асуудлын талаар Монгол Улсын Гавьяат эмч Л.Жамбалжав өнөөдөр /2018.05.29/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийн эхэнд ‘Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын ажил доголдож, зохион байгуулалт алдагдаж, эмч ажилтнуудын хариуцлага ихээр яригдах болсон. Эрүүл мэндийн салбарыг улстөржүүлсэн, зарим нэг хүмүүс албан тушаал, эрх мэдэл, нэр алдрын төлөө улайран зүтгэж, хууль зөрчин хүмүүсийн амь насыг хохироож байна” гэв.
‘Тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд УНТЭ-ийн эмч нар 64 настай өвчтөн Д гэдэг эмэгтэйд зүрхэнд нэмэлт судас суулгах мэс заслыг хийсэн. Өвчтний зүрх зогссоны дараа сэргээгүй. Өвчтөн эмнэлгийн ширээн дээр нас барсан. Мөн эдгээр өдрүүдэд 30 настай өвчтөн З гэх эмэгтэйд зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх мэс заслыг хиймэл цусны эргэлтийн аппарат ашиглан хуурай зүрхэн дээр хийсэн байна. Хагалгааны дараа өвчтөний бие хүндэрч зүрх нь зогссон. Маш харамсалтай хэрэг боллоо. Уг нь энэ мэс заслууд миний шавь нарын өдөр тутмын хийдэг ердийн хагалгаа юм. Хүнд өвчтэй хүн хагалгааны үед эсвэл дараа нь ч нас барах тохиолдол байдаг. Гэхдээ дээрх хоёр тохиолдол цэвэр эмч, эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж болохоор байна. Учир нь, мэс заслын дараа нас баралтын шалтгааныг задлан шинжилгээгээр нотолдог. Харамсалтай нь, эмч нар ямар ч задлан шинжилгээ, дүгнэлт хийлгүй ар гэрийн хүмүүс нь хүсээгүй гэдэг шалтгаанаар явуулсан нь гэмт хэргийн нотлох баримтыг санаатай нуун дарагдуулсан гэж хардаж байна’ хэмээн Л.Жамбалжав ярилаа.
Хэний зөвшөөрлөөр мэс заслын багийг бүрдүүлэв?
Монгол Улс зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлж болно. Мэс засал хийхийн өмнө Улсын гуравдугаар эмнэлэг болон нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд хамтран зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийнэ гэж хэвлэлийн хурал хийж байсан. Гэтэл зүрх шилжүүлэн суулгах хагалгаа бус өөр төрлийн хагалгаа хийсэн байгаа юм.
Гэхдээ яагаад зүрхний мэс заслын тасгуудад хэдэн сар дагалдсан ямар ч туршлагагүй бие дааж зүрхний хагалгаа хийж байгаагүй залуу эмчээр зүрхний хүнд хагалгааг гардуулав. Мэдээж залуу эмч мэс заслыг ганцаар дур мэдэж хийх ямар ч боломжгүй. Хэний зөвшөөрлөөр мэс заслын багийг бүрдүүлэв. Дутуу багажтай, өөр эмнэлгээс зарим багаж хэрэгсэл зөөж яаруу сандруу орчин бүрдүүлж хагалгаа хийх ямар шаардлагатай байсан юм бол?
Мэс засалд орохын өмнө өвчтөнтэй холбоотой шинжилгээг бүрдүүлж мэс заслын өмнөх дүгнэлт өгч, хагалгааны төлөвлөгөөг хэн боловсруулж мэс засал хийх шаардлагатай гэдгийг хэн тодорхойлж гарын үсэг зурж зөвшөөрөл өгчхөв. Задлан шинжилгээ хийгээгүй зэрэг олон асуудал анхаарал татаж байна.
Өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт зохион байгуулалт, хууль хэрэгжүүлэлт, мэргэжлийн удирдлага,мэргэжлийн багийн үйл ажиллагаа маш ихээр дутагдаж байна. Эцэст нь хэлэхэд мэс засал хийсэн ганц эмчийн алдаа бус эмнэлгийн тусламжийн зохион байгуулалтын алдаа юм. Иймээс Монгол Улсын Засгийн газар энэ асуудлыг анхааралдаа аван, холбогдох хууль хяналтын байгууллагууд арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.” гэв.
Э.Бурам