Тамхи шинэ үеийн сонголт биш
Дэлхийн тамхины эсрэг өдөр тавдугаар сарын 31-нд тохионо.
Франц улсын тамхичдын тоо өдөр ирэх тусам буурч байгааг Францын Нийтийн эрүүл мэндийн тэнхимийн 2016-2017 оны судалгаа харуулж байна. Ялангуяа өсвөр насныхан, бага орлоготой иргэдийн тамхи таталт буурсан нь сүүлийн арваад жилийн хугацаанд харагдаагүй үзүүлэлт юм.
Судалгааны гол зорилго тамхины эсрэг суртал ухуулга, сурталчилгаа болон тамхины эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ зэрэг нь тамхичдад үнэхээр нөлөөлдөг эсэхийг судлах байсан ба сүүлийн 5 жилийн хугацаанд Францад тамхичдын тоо эрс буурсан нь үүнтэй холбоотой гэдэг нь харагдаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд тус улсын засгийн газрын зүгээс тамхины үнийг нэмж, сар бүр тамхигүй өдрийг зохион байгуулж, тамхийг ямар ч нэр шошгогүй зарах, тамхи орлуулагч хэрэглэдэг хүмүүст нөхөн олговор олгох гэх мэт тамхины эсрэг арга хэмжээг авсан нь үр дүн үзүүлсэн гэж үзэж байна.
Судалгаагаар 2016 онд 18-75 насны иргэдийн 29.4 хувь нь тамхи татдаг байсан гэсэн бол 2017 онд энэ тоо 26.9 хувь болтлоо буурчээ. Хүн амын тоогоор авч үзвэл 2016 онд 13.2 сая хүн Францад тамхи татдаг байсан бол 2017 онд 12.2 сая болтлоо буурсан байна.
Харин дэлхийн улс орнуудын хувьд өнгөрсөн жилийн судалгаагаар сүүлийн арван жилийн туршид хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр тамхичдын тоо нэмэгдэж байгаа гэжээ.
Дэлхий даяар 10 хүн тутмын нэг нь буюу нийт 7 сая гаруй хүн тамхинаас үүдэлтэй элдэв өвчин тусч нас бардаг байна. Эдгээр хүмүүсийн тал нь Хятад, Энэтхэг, Америк, Орос улсуудад байгаа нь Ланкетийн судалгаа харуулжээ. Мөн энэ судалгаагаар хөгжингүй орнуудын тамхи экспортлогчид ядуу, буурай орнуудыг сонгон бүтээгдэхүүнээ нийлүүлдэг аж.
ДЭМБ-аас тамхины эсрэг сэдэвтэй зураг тамхинаас гарахад тусалдаг болохыг баталсан байна. Дэлхийн 78 улсын туршлагаас харахад зурагт хуудаснууд тамхинаас гарахад ихээхэн нөлөө үзүүлдэг болох нь батлагджээ.
T. ЗАНДАНМЯДАГ
Эх сурвалж: BBC