"Дагуул хотыг татварын бодлогоор дэмжинэ"

Хуучирсан мэдээ: 2018.05.29-нд нийтлэгдсэн

"Дагуул хотыг татварын бодлогоор дэмжинэ"

"Дагуул хотыг татварын бодлогоор дэмжинэ"

Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэв.

Хуулийн төсөлд:

  • Нийслэлийн удирдлагын зүгээс баримтлах бодлогын асуудлыг хуульчлах,
  • Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нийслэл хотуудын хөгжлийн загварыг нутагшуулах,
  • Мэдлэгт суурилсан өндөр технолгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих,
  • Нийслэлийн удирдлага зохицуулалтын үндсэн зарчим,
  • Оршин суугчдын эрх, үүрэг, хариуцлага зэргийг нэмж тусгажээ.

Мөн хэт төвлөрлийг сааруулах үүднээс дагуул хотын төвийг хөгжүүлэх, дагуул хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг зохицуулалт хийжээ. Ингэхдээ дагуул хотод барьж, ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөхийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлөх, дагуул хот, дэд төвүүдэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн албан татварыг хөнгөлөх, дагуул хотын оршин суугч, иргэдийн албан татварыг тодорхой хугацаанд тавин хувиар хөнгөлөх зэрэг заалтыг тусгасан байна.

————————————————————————–

Ингээд хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “дагуул хотод татварын хөнгөлөлт үзүүлснээр нийслэлийн төвлөрөл саарахгүй. Хамгийн гол дагуул хот дэд бүтэц муутай байна. Цаашид томоохон аж ахуй нэгж дагуул хотод үйлдвэрлэл явуулдаг болсон цагт ажлын байр бий болж, дагуул хот утгаараа хөгжинө. Тухайлбал, АПУ компани архины шилээ Налайх дүүрэгт үйлдвэрлэж, хайрцаг саваа Багануурт үйлдвэрлэдэг байж болно шдээ. Гэтэл дэд бүтэц хөгжөөгүй газар ийм хууль байлаа гээд хоосон цаас л болно” гэв.

Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж орж ирсэн зарим хууль татварын багц хуультай уялдахгүй байна. Тиймээс Засгийн газар энэ хуулийг эгүүлэн татна” хэмээн бухимдав.

Харин ажлын хэсгийг төлөөлж оролцсон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг жил хагасын өмнө өргөн барьсан. Тухайн үед татварын багц хууль орж ирээгүй байсан. Ер нь нийслэл хот өөрийн гэсэн татварын бодлоготой, эрх зүйн орчинтой байж хөгжинө. Энд нэг ч шинэ төрлийн татвар нэмээгүй, харин ч  дагуул хотуудад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгох асуудлыг тусгаж өгсөн. Энэ хуулийн төсөл бол миний хувийн асуудал биш” гэв.

Ийнхүү байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцээд, гишүүдийн гаргасан саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов.  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж