Г.Баасан “даргын” хэвлэлийн бага хурлын дараа АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээлэл хийх биз. Одоогоос таван сарын өмнө яг ийм үйл явдал болж АТГ-ын зүгээс байгууллагынхаа нэр хүндийг сэргээлгэхээр шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн билээ.
Энэ бүхэн олон нийтэд таалагдахаа болиод удаж байна. Нэг зорилгын төлөө, нэг байшинд ажиллаж буй энэ хоёр эрхэм зөрчилтэй асуудлаа зөвшилцөж, ширээний ард ярьж чадахаа больсны цаана улс төрийн шалтгаан бий. Үүний нэг нь АТГ-ын даргыг “солих” асуудал. Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг тодруулах санал асуулга гэгч шоу болоод өнгөрсөн. Тандалт гэхээсээ “Яг түүн шиг” шоу гэмээр нэгэнт томилохгүй нь тодорхой байхад яах гэж зохион байгуулж энэ салбарын зарим кадрыг ичээсэн, горьдоосон нь ойлгомжгүй.
Жишээ нь санал асуулгаар хамгийн олон санал авсан Д.Даваа-Очирт ямар ашигтай болоод хохиролтой юм бэ. Эсвэл горилж байсан заримыг нь “Чи л биш шүү” гэх дохио өгөх гэсэн бол заавал долоо хоног санал авч, хүмүүсийн регистрийн дугаарыг цуглуулах хэрэг байсан юм уу. АТГ-ын даргыг огцруулах гэж янз бүрийн хуулийн заалт шүүрч авч, элдэв тохироо хийж байгааг олон нийт харж буй. Харин эцсийн шийдвэр хаана гарах бол. Арай нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтэж буй С.Баяр, урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нар биш биз.
АТГ сайн ажиллаж байгаа гэж хэлбэл худлаа болно. Ерөнхий сайд аснуудыг барьж хорихоор ажлын үнэлгээ болдог хэрэг биш. Эсрэгээрээ барихгүй бол бүр муу ажиллаж байгаа гэсэн үг болох биз. Үүний зэрэгцээ арилжааны банкуудаас томоохон компаниудын гүйлгээний хуулгыг нэхэх зэрэг хууль бус шаардлагуудыг тавьсан талаарх мэдээлэл бий. Мөн Blue Sky Tower, Central Tower-аар орой үдэш “эргэлдэж” ажлаа “сайн” хийсэн тухай мэдээллийг шалгасан, шалгуулсан талууд хав дарчихаад байна.
АТГ-ын ОНЗ-ийн дарга Г.Баасангийн тухайд өөрийн үндсэн үүргээ АТГ-ын даргатай тэмцэх мэтээр ойлгосон бололтой хийдэг мэдээлэл нь нэг л үзүүртэй болж. Үнэн хэрэгтээ энэ зөвлөл хуулийн дагуу гуравхан чиг үүрэгтэй юм. Энэ нь, Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдгээрийн санал бодлыг төр, засаг, АТГ-т хүргэх, авлигын нөхцөл байдал болон авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөмж хүргэх гэсэн чиг үүрэгтэй. Түүнээс биш УИХ дахь сөрөг хүчин мэт тодроод томроод байх шаардлагагүй.
АТГ-ын даргыг огцруулах эсэх бол Г.Баасангаас шалтгаалахгүй том тохиролцооны асуудал болчихоод байгаа. Чөлөөлөх тухайд бол хуулийн заалт хэрэглэнэ. Хангалтгүй ажилласан гэж үзвэл огцруулна. Үүнийг улс төрөөс ангид зөвхөн алдаа дутагдлын хэмжээнд авч үзэх бараг л боломжгүй болчихож. Өмнөх дарга Н.Ганболдыг чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс нь хойш 21 хоногийн дотор хэлэлцэн шийдэх байтал хоёр гурав хоногт шийдсэн байх аа. Харин Х.Энхжаргалын “За яахав ээ” арай л удаан үргэлжилж байна. Гэхдээ энэ бол төрийн тусгай байгууллага. АТГ-ын дарга нь Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаатай. “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын талаар Улсын Их Хуралд, бусад албан хаагчийн талаар Авлигатай тэмцэх газрын даргад 48 цагийн дотор мэдэгдэнэ” гэж хуульд заасан байдаг. Энэ “гарц”-аар бол Г.Баасан дарга Х.Энхжаргал даргыгаа баримт нотолгоотой нь УИХ-д мэдүүлж хариуцлага тооцуулах ухаан сийлсэн байж болох юм. Гэвч Х.Энхжаргал Г.Баасангаар халуулах гээд л Ерөнхийлөгчийн “оролдлого”-ыг ч тэвчин өнөөдрийг хүрээгүй нь лавтай.
Цаашид АТГ-ын тухайд мэдээ сонсохдоо Х.Энхжаргал, Г.Баасан нарын маргаан мэтгэлцээний тухай лав сонсмооргүй байна. Учир нь АТГ-т үүнээс өөр хийх ажил хавьгүй их. Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэс нь ч Г.Баасангийн мэдээллийг няцаахаас өөр дорвитой ажил хиймээр л байгаа байлгүй. Энэ мэт улиг үлгэрийг сонссоор нэг бол Х.Энхжаргалыг, Г.Баасантай нь хамт АТГ-ын байшингийн гадна гаргах, эсвэл АТГ-ыг татан буулгавал намжих нь гэдэг дүр зураг л харагдаж байна. Ямартай ч энэ хоёр лав “нэг саванд” багтахгүй нь.
Өнөөдөр Г.Баасан дарга хэн нэгний зараалаар “Чонотой бүжиглэгч” мэт гайхалтай дүрийг бүтээж шударга үнэний дуу хоолой мэт харагдаж болох ч үүний цаана ямархан хор гүйж буйг “туршлагатай тэмцэгч”, “улстөрч” хүний хувьд гадарлаж байгаа нь лав. Гэхдээ “Чоно хорддоггүй юм шүү дээ. Түүнийг хор өгч ална гэвэл гонж” гэлцдэг юм билээ. Анчдын л үг л дээ…