Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар өмгөөлөгчийнхөө хамтаар хар тамхины хэрэгт дахин холбогджээ. Тодруулбал, 2018 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчимд тэд авто машиндаа мансуурсан байдалтай байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид саатуулжээ.
Тэд саатуулагдах үеэдээ хар тамхи хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон аж. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэднийг батлан даалтад гадуур шалгаж байх үед энэ хэрэг дахин үйлдэгджээ. Сэжигтнүүдээс шээсний дээж авч шинжлэхэд мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэх ба хэргийн газраас ICE буюу метафетамин хураан авсан аж.
Одоогоос гурван жилийн өмнө Х.Тамир, Б.Амарбаясгалан нар нь хар тамхины хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан байдаг.
Тодруулбал, 2015 онд Х.Тамир, Б.Амарбаясгалан нар мөс авчруулахаар хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж байсан Б.Сүхбаатар гэгчийг БНХАУ-ын Эрээн хот руу явуулж, түүнийг Чойр өртөөнд ирэхэд нь тосч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Тэднийг хар тамхи худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдаж байсан билээ.
Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноосон юм. Гэвч дахин давж заалдаж хэрэг нь прокурор луу шилжсэн байжээ.
Хэвлэлүүдийн онцолсноор Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн төрсөн дүү аж.
Дуучин Эгшиглэн хар тамхины хэрэгт холбогджээ
Албан эх сурвалжийн мэдээллээр С.Чулуунбаяр нь дахин хар тамхины хэрэгт холбогдсон нь энэ бөгөөд түүнтэй хамт дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа мөн хамт шалгагдах болжээ. Тэднийг тавдугаар сарын 4-5-нд шилжих шөнө баривчилсан ч буцаан сулласан юм байна. Одоогоор тэднийг гадуур байцааж буй аж.
С.Чулуунбаяр өмнө нь буюу 2016 онд хар тамхины хэрэгт холбогдож ял эдэлж байсан юм. Тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сард хар тамхи хэрэглэж байгаад цагдаагийн алба хаагчдад баригдсан байдаг.
С.Чулуунбаяр 38 настай бол Т.Болортуяа 29 настай аж.
Э.Ариун