Үндсэн хуулийн Цэц /ҮХЦ/-ийн шинэ гишүүдийн томилгооны асуудлаар хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.
-ҮХЦ-ийн гишүүнд Ерөнхийлөгчөөс Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарын нэрийг дэвшүүлсэн бол УИХ-аас Монгол Улсын гавьяат хуульч Ш.Солонгын нэрийг дэвшүүлж, УИХ-аар хэлэлцэн баталлаа. Хуульчид харин энэ томилгоог эсэргүүцэж, хэлэлцүүлэг хүртэл зохион байгууллаа?
-ҮХЦ-ийн гишүүдийн томилгоо бүр маргаан дагуулж ирсэн. Гэвч энэ удаагийн томилгоо шиг хэл ам, маргаан өмнө нь гарч байсангүй. Хуульчдын хувьд урьд өмнөх томилгоонуудыг ч эсэргүүцсээр ирсэн. Энэ удаагийнх урьд урьдынхаас дордсон томилгоо боллоо.
Үндсэн хууль болон ҮХЦ-ийн тухай хуульд тодорхой гурван шаардлагыг тусгасан байдаг. Нэгдүгээрт, насны хязгаар, хоёрдугаарт ял шийтгэлгүй байх гэж. Дээрх хоёр заалтын хувьд хөдөлшгүй, обьектив заалт учраас нэр дэвшигчдийн хувьд хангахгүй байх шаардлага биш. Гурав дахь буюу хамгийн чухал шаардлага нь “Улс төрийн болон хууль зүйн өндөр мэргэшилтэй байна”гэж заасан байдаг. Тэгтэл ҮХЦ-д томилогдсон гишүүдэд дээрх шаардлагыг хангасан хүн нэг ч байхгүй гэж хуульчид үзэж байгаа. Үндсэн хуульд заасан мэргэшсэн гэдэг заалтыг үг зүйн утгаар нь тайлбарлая гээд Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь, бусад тайлбар толийг харахад “Мэргэжил” гэдэг нь аль нэг салбараар сургууль төгсөж мэргэжил эзэмшсэн, тэр талаар судалгаа хийдэг байх гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл “Мэргэшил” гэдэг нь тухайн чиглэлээр илүү гүн гүнзгий судалсан байхыг хэлнэ гээд тайлбарлачихсан байгаа юм. Гэтэл ҮХЦ-ийн гишүүдэд томилогдсон дээрх хүмүүс мэргэшсэн байтугай мэргэжлээрээ ажилласан нь ч ховор. Тухайлбал, Ц.Нанзаддоржийн тухайд 1987 онд Эрхүүгийн Улс ардын аж ахуйн сургуулийг ХАА-н чиглэлээр төгссөн. Хожим 2007 онд МУИС-ийн Хуулийн оройн анги төгссөн. Энэ хооронд хуульч, эрх зүйч мэргэжлээр огт ажиллаагүй компанийн менежер, захирал, төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, дарга зэрэг албан тушаалд 30 гаруй жил ажилласан. 2016 онд ‘Бод’ хуулийн фермд хуулийн зөвлөхөөр ажилласан байгаа юм. Өмгөөлөл болон бусдад хуулийн зөвлөгөө өгөх туршлагагүй хүнийг ҮХЦ-ийн гишүүнд томилно гэсэн урьдчилсан төлөвлөгөө байсан болов уу гэж би хувьдаа харж байгаа. Ингэхдээ хуульчаар ажилласан гэх шаардлага хангуулахын тулд сүүлд хуулийн фермд ажиллаж нэр зүүсэн байгаа юм.
Г.Туулхүүгийн хувьд 1990-1998 оны хооронд Дархан хотод шүүгчээр ажиллаж байсан юм билээ. Гэхдээ яг ямар чиглэлээр шүүгч хийсэн нь тодорхойгүй. Мөн бизнес эрхэлж, ШШГЕГ-т ажиллаж байсан. Түүнийг хуульчаар ажилласан гэж үзэх мөн л боломжгүй. Ялангуяа Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн гэж хэлэхэд бүр ч холдоно. Шүүгчээр ажиллаж байлаа гээд энэ нь Үндсэн хуулиар мэргэшсэн гэсэн үг биш юм.
-ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Солонгын тухайд гишүүдийн хүндэтгэлийг ихэд хүлээсэн гэдэг нь тэдний чуулган дээр хэлсэн үгнээс тод харагдсан л даа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Ш.Солонго бол бүх Засгийн газарт ажиллаж байсан өргөн хүрээний мэдлэгтэй хүн. Засгийн газраас гаргаж буй хууль, шийдвэрүүдийн гол үндэс нь Ш.Солонгын гараар дамждаг. ҮХЦ-д очоод маш сайн ажиллана гэдэгт итгэж байна” гэж хэлж байсан.
-ҮХЦ-ийн гишүүнээр томилогдсон Ш.Солонго 30 гаруй жил ЗГХЭГ-т референт, ахлах референт, хэлтсийн дарга, дэд даргын албан тушаалыг аль ч намын үед хийж ирсэн байдаг юм билээ. Гэхдээ УИХ-аар хэлэлцдэг ихэнх хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн байдаг. Гэтэл Засгийн газар ҮХЦ-ийн хяналтын объект.
Цэцэд очоод магадгүй өөрийнх нь боловсруулсан, батлахад нь оролцсон хуулиуд нь Үндсэн хууль зөрчсөн үгүй эсэх маргаан гарвал Ш.Солонго гэдэг хүний хувьд ашиг сонирхлын зөрчил гарна. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь боловсруулж, хянаж байсан хууль нь Үндсэн хууль зөрчсөн байна уу гэдэг асуудалд хүрвэл зөрчил үүснэ гэсэн үг. Энэ тохиолдолд мэдээлэл гаргагчийн зүгээс эсвэл ҮХЦ өөрсдөө энэ хүнийг цэцийн хуралдаанаас гаргахаас өөр аргагүйд хүрнэ.
Мөн нөгөө талаар сүүлийн 30 гаруй жил хууль боловсруулахад оролцсон хүн ҮХЦ-д очиход тэр цаг хугацаанд батлагдсан хуулиуд нь мэдээж хянагдана. Энэ тохиолдолд ҮХЦ-д очоод үндсэндээ хийх ажилгүй, Цэцийн ихэнх хуралдаанаас татгалзан гарч хоосон суудал бөглөх хэмжээнд ажиллана. Хоёрдугаарт, Засгийн газрын хууль боловсруулах ажилд оролцсон гэдэг нь Үндсэн хуулиар мэргэшсэн гэсэн утга биш. Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нартай харьцуулахад магадгүй мэргэжлийн мэт харагдаж байгаа боловч хуулийн шаардлага хангасан үгүй эсэх нь мөн л хангалтгүй.
-Үндсэн хуулийн манаач болсон ҮХЦ-ийг юунаас ч хараат бус, бие даасан байгууллага байх атал манайд үнэн чанартаа ҮХЦ гэдэг улс төрийн томилгоо болсон гэх шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Энэ удаагийн томилгоонд улс төрийн нөлөө орсон гэж та хэлэх гээд байх шиг байна л даа?
-ҮХЦ-ийн гишүүнээр УИХ-аас гурав, Дээд шүүхээс гурав, Ерөнхийлөгчөөс гурвыг томилно гэдэг нь тэнцвэртэй байдлыг хангах, эрх мэдлийн салаанд адил тэнцүү хүн оруулах гэсэн шаардлага болохоос биш өөрийн хүнээ оруулж цаашлаад наймаалах тухай асуудал огтхон ч биш. Гэтэл өнөөгийн хандлагаар миний гурван хүн байх ёстой, миний гаргасан шийдвэртэй холбоотой асуудал үүсвэл манай талын гурван хүн хамгаална, шаардлагатай тохиолдолд гурван хүнээрээ наймаалцгааж болно гэх ойлголт биш юм.
ҮХЦ-д өөрийн төлөөллийн хүнээ томилж, өөрт ашигтай байдлаар асуудлаа шийдүүлэхийн тулд ашиглаж байна уу гэж харж байгаа. Зөвхөн энэ удаагийн Ерөнхийлөгч ч биш өмнөх томилгоонуудад ч энэ байдал ажиглагдаж ирсэн. Энэ удаагийнх илүү дордсон учир хуульчдын зүгээс эсэргүүцээд байгаа юм.
-“Ниргэсэн хойно нь хашгирна” гэдэг шиг нэгэнт томилгоо хийгдсэн хойно эргэж харах, хууль зүйн гаргалгаа бий юу?
-ҮХЦ-д мэдээлэл гаргах эрх нь хуульчид болон иргэдэд бий. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Үндсэн хууль судалдаг, мэддэг хуульчид цуглан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Томилгоог эсэргүүцэж байгаа асуудлаар ҮХЦ-д хандаад үзье гэдэгт санал нэгдсэн. Гэхдээ бидний гаргасан эсэргүүцэлд ҮХЦ маргаан үүсгэж шийдвэрлэх магадлал нь тун бага. Яагаад гэвэл шинээр томилогдсон ҮХЦ-ийн гишүүд өнөөдрөөс ажлаа хүлээж авлаа. Цэцийн гишүүд нь өөрсдийнхөө дотор байгаа хүмүүсийг хамгаалаад авч үлдэх магадлал өндөр. Гэхдээ магадлал багатай гээд бүх зүйлтэй эвлэрч хүлцэнгүй байна гэсэн үг биш. Ядаж энэ удаад өөрсдийнхөө хүссэнээр шийдвэр гаргуулж чадахгүй гэхэд ард иргэд, хуульчид, мэргэжлийн хүмүүс шударга бус томилгоог эсэргүүцэж байна шүү гэдэг дохиог өгч дараа дараагийн томилгоонд анхааруулах санамж болох юм.
– Томилгоо хийгдэхээс өмнө эсэргүүцлээ хүчтэй илэрхийлж болоогүй юм уу?.
-Томилгооноос өмнө ч хуульчдын дунд яригдаж байсан. Ерөнхийлөгч санал болгох эрхтэй ч МАН-ын 65 гишүүн, АН-ынхантай нийлээд арай ч томилчихгүй байлгүй дээ гэсэн хүлээлт, итгэл байсан. Гэтэл томилгоо маш богино хугацаанд явагдаж өнгөрсөн. Цаг хугацааны хувьд боломж хомс байснаас гадна процессын алдаа гарсан.
-Ямар алдаа вэ?
-Үндсэн хуульд “Төрийн үйл ажиллагаа хууль дээдлэх, ардчилсан ёсны зарчмыг хангана” гэж заасан байдаг. Ардчилсан ёсны зарчим гэдэг нь олуулаа хэлэлцэж асуудлаа хэлэлцэхийг хэлнэ. Хэдий УИХ-ын 76 гишүүн ард түмнээ төлөөлж байгаа ч гэсэн зарим асуудлаар нийтийн саналыг авч шийдвэрлэх боломж нь байна гэсэн үг. Хоёрдугаарт, Нийтийн сонсголын тухай хууль гэж батлагдсан. Тус хуульд ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн, Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна гэж заасан байдаг. Мөн Нийтийн сонсголыг зохион байгуулахад ардчилсан ёс, хууль дээдлэх, талуудын оролцоог тэгш хангах, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангах, үр нөлөөтэй байх зарчмыг удирдлага болгоно. Сонсголд тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг заавал оролцуулах боломжийг хангахын тулд нийтийн сонсгол хийхээс 14 хоногийн өмнө нийтэд мэдэгдэнэ. Үүний дагуу оролцогч талууд өөрсдийн саналаа нэгтгээд оролцдог. Улсын их хурлаас томилогддог албан тушаалтныг томилохдоо сонсгол явуулах боломжтой.
Хэл ам дагуулсан дөрвийн дөрвөн хүнийг зэрэг томилж байхад сонсгол явуулах шаардлагатай байсан юм. Ялангуяа иргэдийн дунд төрийн өмчийг завшсан, хууль бусаар хөрөнгөжсөн гэх хардлага байгаа, мэргэшээгүй хүмүүс гэх шүүмжлэл их байхад тэр бүх эргэлзээ шүүмжлэлийг сонсгол явуулж тодруулах нь ардчилсан нийгмийн байх ёстой зарчим. Бусад улсад бол Дээд шүүх Цэцийн томилгоо дээр заавал сонсгол хийж, томилох эсэхийг 2-3 сар судалдаг.
-Цэцийн шинэ гишүүн Ц.Нанзаддоржийн хөрөнгийн тухай мэдээллийг та гаргасан байсан. Ц.Нанзаддоржоос бусад Төрийн өмчийн хорооны даргын хөрөнгө орлогын мэдүүлэг ил байдаг бол түүнийх байдаггүй гэх асуудлыг хөндсөн байсан л даа?
-АТГ-т ХОМ нь огт алга гэсэн хардлага байгаа юм. Ц.Нанзаддоржоос өмнө Төрийн өмчийн дарга асан Д.Сугарын ХОМ нь ил атал Ц.Нанзаддоржийн ХОМ алга. Түүний Худалдаа хөгжлийн банкны валютын дансанд нь 4.9 сая ам.доллар байдаг. Нэгэнт ХОМ нь албан ёсоор байхгүй учраас бид үнэн, худал эсэхийг нь баттай хэлж чадахгүй. Гэхдээ олон нийтийн дунд хардлага байгаа учраас Нийтийн сонсгол дээр асуух ёстой байсан юм.
-Энэ тохиолдолд АТГ-аас шалгах үндэслэлтэй юу?
-Ц.Нанзаддорж АТГ-т ХОМ-ээ өгсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ил биш байна. Яагаад ил биш байгааг нь би ч мэдэхгүй. Иргэдийн зүгээс хуулиараа төрийн өндөр албан тушаалтны ХОМ-ийг авахыг хүсвэл хүсэлтээ өгөөд харах эрхтэй. Олон нийтийн хяналтаа тавих эрх нь бий гэсэн үг. Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын дарга жилдээ 12 сая төгрөгийн цалинтай атал дансандаа 5 сая ам.доллартай яаж болсон байх уу зэрэг нь хардлага биз. Хэрэв үнэхээр шударгаа мөнгө олсон бол тэрийгээ Нийтийн сонсгол дээр хэлж залруулж, ард иргэдийн дундах хардалтыг арилгах ёстой. Гэтэл энэ боломжийг олголгүй маш богино хугацаанд томилгоо явагдчихсан. Над мэтийн хүмүүсийн эргэлзээг тайлахын тулд л сонсгол хийх ёстой. Хардах эрх нь бидэнд бий.
-Одоогоор ҮХЦ-д хандсан байгаа юу?
-Эхний удаад хуульчдаараа нэгдэх зохион байгуулалтад орж байна. Хоёрдугаарт, яаруу сандруу мэдээлэл гаргачихдаг. Гэтэл эхний мэдээллийг нь хүлээж авахгүй бол дараагийн мэдээлэл гаргахад өмнөх мэдээллийг хүлээж аваагүй гэдэг үндэслэлээр хүлээж авахгүй. Мөн УИХ-ын шийдвэр нь албажаад олон нийтэд ил болоогүй байна. Тиймээс тухайн шийдвэрийн дугаар ямар байх уу зэргийг харж байж ҮХЦ-д хандана.
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганаар хэлсэн үгэндээ “Улстөрчдийн арын өрөөнд ҮХЦ-ийн гишүүд согтуу битгий таараарай. Битгий энд тэнд улстөрчидтэй наймаа яриарай” гэдгийг сануулж байсан нь бас сонин шүү?
-Ордон дотор үнэхээр тийм зүйл болж байсан үгүй эсэхийг хэлсэн гишүүнээс өөрөөс нь асуух хэрэгтэй байх. Үнэхээр ярьсан нь үнэн бол хэн гишүүний өрөөнд хэн гэдэг цэцийн гишүүн архидсан гэдгийг шууд хэлэх хэрэгтэй.
-Ингэж хэлсэн нь үндэслэлтэй гэж та бодож байна уу?
-Энэ талаар би сонсож байгаагүй. УИХ-ын гишүүн ч бай, ҮХЦ-ийн гишүүн ч бай бие биеэ таньдаг, уулзах тохиолдол байлгүй л яахав. Гэхдээ ҮХЦ-ийн гишүүн маш олон хязгаарлалтыг хүлээн зөвшөөрсний үндсэнд томилогддог. Ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй албан тушаалтантай уулзахгүй байх гэдэг шаардлагыг мэргэжлийн ёс зүйгээр ч тэр хувь хүний ёс суртахууны хувьд байнга бодож байх асуудал.
-Олон улсын тухайд хуульчийн мэргэжлээр олон жил ажилласан байх гэсэн шаардлагыг үндэс болгодог юм билээ?
-Тийм ээ. Дэлхийн 99 улсад Үндсэн хуулийн шүүхтэй гэдэг. Хуульчийн мэргэжлээрээ 12-15 жил тасралтгүй ажилласан байхыг шаарддаг. Уг нь ийм маргаан гаргахгүйн тулд Үндсэн хуульд тодорхой тусгаад өгөх хэрэгтэй л дээ. Тухайлбал, ердийн шүүхийн шүүгч гурваас доошгүй жил, улсын дээд шүүхийн шүүгч 10-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан байна гэж Үндсэн хуульд заасан шиг ҮХЦ-ийн гишүүн мэргэжлээр төдий хугацаад ажилласан байна гээд заачихвал маргаан гарахгүй юм. Мөн улс төр, хуулийн өндөр мэргэшсэн байхаас гадна хуульчдынхаа дунд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, судалгааны аргазүйтэй, ядаж эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн байх зэрэг шаардлагыг хангаж байж ҮХЦ-ийн гишүүнээр томилогдох учиртай. Гэтэл шинээр сонгогдсон гишүүдийн хувьд эдгээрийн аль нь ч алга. Бид хэлэлцүүлгийн үеэр ч тэр өмнө ч гэсэн хэлж байсан. ҮХЦ-ийн гишүүдийн томилгоог хүлээн зөвшөөрч буй хуульч, судлаач байна уу. Байгаа бол томилгоог эсэргүүцэж байгаа хуульчидтай үндэслэлээ тавиад мэтгэлцье гэж хэлэхэд өнөөдрийг хүртэл нэг ч хууль ч гарч ирээгүй байна. Энэ нь бүх хуульчид эсэргүүцэж байгаагийн нэг илрэл.
-ҮХЦ-ийн гишүүнд хуульчдын сор болсон хүмүүс очих ёстой гэж үздэг. Тэгвэл сор болсон хуульчид манайд хэр их байгаа вэ?
-Хэлэлцүүлгийн үеэр Цэцийн гишүүдийн томилгоо зөв үү, буруу юу. Ямар шаардлага хангасан хүн сонгогдох ёстой вэ гэдэг асуудлыг ярьсан болохоос биш тодорхой хүн рүү хандаж яриагүй. Хоёрдугаарт, Цэцэд томилогдсон гишүүдийг бид хувь хүн талаас нь танихгүй учир энэ талаас нь огт яриагүй. Сайн ч, муу ч хүн байж болно. Хуулийн шаардлага хангаж байгаа эсэх нь чухал. Монгол Улсад хуульчийн эрхээ авч нэг тогоонд багтсан 5 мянга гаруй хуульчид бий. Тэдэн дотор салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, Цэцийн гишүүн болох шаардлага хангасан хуульчид байж л байгаа. Үүнд огтхон ч эргэлзэхгүй байна.
-‘Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалын өмгөөлөгчөөр та ажиллаж байгаа. Хэрэг ямар шатандаа байгаа вэ?
-Одоогоор ахиц дэвшил гарсан зүйлгүй. Яллагдагчаар татагдсан хүмүүс нь цагдан хоригдсон хэвээр байгаа. Зургаан сарын эхээр үргэлжлүүлэн цагдан хорих эсэх асуудал нь шийдвэрлэгдэнэ.
Энэ хугацаанд үйлчлүүлэгчтэйгээ уулзсан уу?
-Уулзсан.
-Ямар байдалтай байгаа вэ? Хэдэн удаа мэдүүлэг авсан бол?
-Миний хувьд тодорхой шалтгааны улмаас өмгөөллийн ажлаа түр зогсоочихсон байгаа. Түр хугацаанд албан ёсны өмгөөлөгч нь биш болсон гэсэн үг. Тиймээс тодорхой мэдээлэл яримааргүй байна.
-Оюутолгойн асуудлаар нэр бүхий хүмүүсийг АТГ-аас шалгаж, цагдан хорьж байгаа. Энэ хүмүүсийг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал нь удахгүй болно. Эдгээр хүмүүсийн баривчилгаа шалгалт хэр үр дүнтэй байх бол?
-Цагдан хоригдсон үндэслэлүүд нь бүгд адилхан. Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт. Гэтэл энэхүү үндэслэл бүхий баримттай нь танилцъя гэхээр гүйцэтгэх ажиллагааны нууц гээд үзүүлдэггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа заавал талуудын мэтгэлцээний үндсэн дээр явагдах ёстой. Энэ дундаас нь шүүгч хэнийх нь үндэслэл илүү баталгаатай вэ гэдгийг өөрийнхөө итгэл үнэмшлээр тогтоож шийдвэрээ гаргадаг. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцье гэхээр хамаг баримтаа нуучихдаг. Ийм байтал юуг харж, юунд үндэслэн, юуг эсэргүүцэж мэтгэлцэх юм, тийм үү. Тааж зохиож мэтгэлцэхгүй нь мэдээж. Хоёрдугаарт, энэ хүмүүст өмнө нь гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй. Гэтэл яагаад дахин гэмт хэрэг үйлдэнэ гэх үндэслэл бүхий баримт байгаа гэж яриад байгаа юм.
-Цаашид асуудал яах бол, хуульч хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Цагдан хорих дээд хугацаа 18 сар хүртэл үргэлжилдэг. Хүнд гэмт хэргүүдэд зургаан сар нэмж сунгах боломжтой. Одоогийн үйл явцаас харахад, хэргийг шалгаж дуустлаа цагдан хорих сонирхол байх шиг байна. Магадгүй хэргийг шалгах үйл ажиллагаа 1-2 жил үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ хугацаанд буюу 1-2 жил ч цагдан хоригдож магадгүй байдалтай байгаа.
Өмгөөлөгчдийнх нь ярьснаас харахад, мэдүүлэг авахгүй байгаа юм билээ. Энэ нь цаанаа залхаан цээрлүүлж байгаад хэрэг хүлээлгэх гэсэн хардлага төрүүлж байна. Гэтэл олон улсын эрх зүйн гэрээ, конвенцид ч энэ нь хориотой. Монгол Улсын эрүүгийн эрх зүйн зарчимд ч нийцэхгүй асуудал.