1954 оны дэлхийн аваргын алтан медалийн эзэн Баруун Герман анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-нийг эх орондоо хүлээн авлаа. Баруун Герман 1974 оны ДАШТ-ийг зохион байгуулахын төлөө Испани, Итали болон Нидерланд улсуудтай өрсөлдөн ялж авсан. ДАШТ-ний түүхэнд Уругвай болон Итали улсууд нутагтаа зохион байгуулсан дэлхийн аваргад түрүүлж байсан бол Баруун Герман мөн энэ амжилтыг давтаж нутагтаа зохиосон дэлхийн аваргад түрүүлсэн 3 дахь баг болсон юм. Мөн энэ удаагийн ДАШТ бол маш онцлог болсон бөгөөд өдгөөгийн дэлхийн аваргын цом анх удаагаа ялагч багт очсон. 1974 оноос өмнөх дэлхийн аварга багт Ж.Римэгийн нэрэмжит цомыг өгдөг байсан бол 1970 оноос одоогийн цомыг олгож эхэлсэн. 1974 оны ДАШТ-нд тухайн үеийн Зүүн Герман анхны бөгөөд сүүлийн удаа ДАШТ-нд оролцож шилдэг 8-д шалгарч байсан бол одоогийн БНАКонго буюу тухайн үеийн Зайр улс, Гайти, Австрали улсууд анх удаагаа дэлхийн аваргад оролцсон. Эдгээр багуудаас Зүүн Герман өндөр амжилт үзүүлж 1-р шатанд хэсэг тэргүүлсэн бол Австрали улс ганц тэнцээ авч анхны оноогоо авсан бол Зайр болон Гайти улсуудын шигшээ багууд ганц ч оноо авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн.
Баруун Германд анх удаагаа зохиогдсон ДАШТ-ний формат нэлээд өөрчлөгдсөн. 1954 оноос хэсгийн эхний 2 баг хасагдах шатанд шалгарч шилдэг 8 баг нь шууд хасагдах байдлаар тоглолтоо хийж байсан. Тэгвэл 1974 оны ДАШТ-нд 4 хэсгийн эхний хоёр баг нь 2-р шатанд шалгарч дахин дөрөв дөрвөөрөө 2 хэсэгт хуваагдаж тоглосон. Шилдэг найман багт дараах багууд шалгарсан. 2-р шатны:
А хэсэгт:
- Зүүн Герман (1 хэсгийн тэргүүн баг)
- Бразил (2 хэсгийн дэд байрны баг)
- Нидерланд (3 хэсгийн тэргүүн баг)
- Аргентин (4 хэсгийн дэд байрны баг)
В хэсэгт:
- Югослав (2 хэсгийн тэргүүн баг)
- Баруун Герман (1 хэсгийн дэд баг)
- Польш (4 хэсгийн тэргүүн баг)
- Швед (3 хэсгийн дэд баг)
Ингээд А хэсгийг Нидерланд болон Бразилын шигшээ багууд шалгарсан бол В хэсгийг Баруун Герман, Польшийн шигшээ багууд шалгарсан. Харин 2-р шатанд хэсгээ тэргүүлсэн багууд шууд аваргын төлөө тоглосон бол дэд байранд шалгарсан хоёр баг нь хүрэл медалийн төлөө тоглох эрх авсан.
Хүрэл медалийн төлөөх тоглолт:
- Бразил 0-1 Польш (гоол: Лато)
Алтан медалийн төлөөх тоглолт:
- Нидерланд 1-2 Баруун Герман (гоол: Й.Нескенс 2’, П.Брайтнер 25 ‘ пен, Г.Мюллер 43’)
Шигшээ тоглолтонд Й.Кройф тэргүүтэй Нидерландын шигшээ баг хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй оролцож ганц ч хожигдолгүй финалд шалгарсан. Харин тэдэнтэй Г.Мюллер, Ф.Беккенбауэр тэргүүтэй олон шилдэг тоглогчдоос бүрдсэн зохион байгуулагч орон Баруун Германы шигшээ баг аваргын төлөө өрсөлдсөн. Тоглолт эхлээд л Нидерландууд эхний гоолыг оруулж тоглолтыг тэргүүлж эхэлсэн ч талбайн эзэд 25 дахь минутанд 11 метрийн торгуулын цохилтоор, 43 дахь минутанд Г.Мюллерийн гоолоор ялагч болсон. Ийнхүү Баруун Германы шигшээ баг 2 дахь удаагаа дэлхийн аваргын цомыг хүртсэн бөгөөд шинэчилсэн цомыг мөн анх хүртсэн.
ДАШТ-ний сонирхолтой баримтууд:
- Анх удаагаа Герман улсад дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулагдсан
- Дэлхийн аварга 9 хотын 9 цэнгэлдэх хүрээлэнд явагдсан бөгөөд финалын тоглолт Берлин хотын “Олимпийн цэнгэлдэх” хүрээлэнд болсон
- Германы шигшээ багийн домогт довтлогч Г.Мюллер сүүлчийн удаа шигшээ багтайгаа дэлхийн аваргад оролцож багийнхаа аваргын төлөөх тоглолтонд алтан медалийн үнэ цэнэтэй гоолыг оруулсан
- Хамгийн олон гоолыг Польшийн Ж.Лято 7 гоолтой тэргүүлж мэргэн буучаар шалгарсан
- Дэлхийн аваргын хамгийн шилдэг залуу тоглогчоор Польшийн шигшээ багийн В.Жмуда шалгарсан.
Б.БЯМБАБАЯР