Дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээн хэр ашигтай вэ?

Хуучирсан мэдээ: 2018.05.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээн хэр ашигтай вэ?

Дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээн хэр ашигтай вэ?

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн 1930 онд анх удаа зохион байгуулагдаж ирсэн цагаас хойш Дэлхийн II дайны улмаас түүхэндээ хоёр удаа өнжиж байсан хамгийн ууган спортын наадмуудын нэг юм.

Энэ жил 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оросын Холбооны улсад болно. Үе үеийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах эрхийг авахын тулд олон улс хоорондоо өрсөлдөж, энэхүү боломжийн эзэн болдог. Мэдээж үүний цаана тухайн улс орны нэр хүнд, эргэлдэх мөнгөний хэмжээ чухал байр суурь эзэлдэг. Ньюс агентлаг энэ удаагийн дэлхийн эдийн засаг булангаараа сүүлийн хорь гаруй жилийн туршид манай гаригийн хамгийн томоохон бизнесүүдийн нэг болсон хүн төрөлхтнийг нэгтгэгч спортын дэлхийн аваргын цомын тэмцээнийг зохион байгуулснаар улс гүрнүүд эдийн засагтаа хэдий хэмжээний ашиг олсон талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.


1994 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

АНУ-ын хэд хэдэн хотуудад 1994 оны зургадугаар сарын 17-ноос долдугаар сарын 17-ны хооронд 15 дахь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байв. Бразил болон Италийн багуудын хооронд болж өнгөрсөн финалын шатны тоглолтыг нийт 3,6 сая үзэгч үзсэнээс Лос Анжелос хотын хувьд хотынхоо төсөвт финалын тоглолтоос нийт 623 сая долларыг хуримтлуулж чадсан нь одоо ч гайхалтай амжилтаар нэрлэгддэг байна.

Тоглолт зохион байгуулах эрх бүхий нийт есөн хот байсан ба бэлтгэл ажилд шаардлагатай 1700 гаруй цагийн болон үндсэн ажлын байр шинээр гарч байжээ. АНУ-д болсон энэхүү тэмцээний нэг тоглолтыг үзсэн дундаж үзэгчийн тоо 69,000 хүрсэн нь тухайн үед Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний рекордыг эвдсэн явдал болж байв. Түүнчлэн өмнөх онтой харьцуулбал Америкийн зочид буудлууд болон уушийн газруудын орлого 15 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байжээ.

Нью-Йорк, Сан Франциско болон Бостон зэрэг есөн хотын олсон орлогыг нийлбэр дүнгээр илэрхийлбэл АНУ тухайн үед нийт 1 тэрбум 45 сая ам. долларын орлоготой ажилласныг 5,6 тэрбум ам. доллар зарцуулсантай нь харьцуулж, шүүмжлэлд ихээр өртсөн. Хэдий тийм боловч эдийн засгаас гадна шууд бусаар улсын хэмжээнд олон эерэг өөрчлөлтүүдийг авчирсан нь дамжиггүй юм.

1998 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

16 дахь удаагийн дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Франц улс эх орондоо зохион байгуулах эрх авсан нь тэдний хоёр дахь удаагийн зохион байгуулж буй тохиолдол байв. Нутгийнхаа дэвжээн дээр Бразилийн шигшээ багийг 3:0 харьцаатайгаар хожиж аваргалсан Францчууд 1998 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зургаадугаар сарын 10-наас долдугаар сарын 12-ны хооронд зохион байгуулж байжээ.

Тэмцээний эцэст нийт 365 сая ам. долларын ашиг олсон нь олон улсын хэмжээнд чамлагдаж байсан тоо юм. Зохион байгуулах комиссын зүгээс жирийн үеэс 500,000-аар илүү тооны жуулчдын урсгалыг эх орон луугаа татна хэмээн төлөвлөсөн байсан амлалт бүтэлгүйтэж, жирийн үеэс нь ч цөөн тооны жуулчдыг хүлээн авсан нь энэхүү үр дүнд хүргэсэн гэж үздэг байна.

2002 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд анх удаа хоёр улс хамтран зохион байгуулсан тохиолдол Япон болон Солонгос улсуудад оногджээ. Улс тус бүр 32 удаагийн тэмцээнийг өөрийн нутагтаа зохион байгуулсны дүнд нийт 3 сая орчим тоглолтын тасалбар борлогдсоноос нийт 1,2 тэрбум ам. долларыг зохион байгуулагч орнууд халаасалсан байна.

ФИФА-ийн зүгээс Япон болон Солонгос улсуудад тус бүрт нь зохион байгуулалтын хөлс болгож 110 сая ам. долларын зэрэгцээ тасалбарын нийт ашгийг хүртэх эрхийг олгосон нь олон улсын хорхойг хүргэж байв. Хөрш улсууд энэхүү тэмцээнийг зохион байгуулахад зориулж нийт 20 хөлбөмбөгийн талбайдаа 4,7 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийн өргөжүүлж байжээ.

2006 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

Санхүүгийн хувьд хамгийн амжилттай үр дүнг амссан улс бол 18 дахь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч Герман улс байв. Тэмцээний уур амьсгал бүхий бараа бүтээгдэхүүн өмсгөл зэргийн борлуулалт нь чамгүй амжилт үзүүлсний дээр Итали Франц улсуудын хооронд болсон финалийн тоглолтыг 715 сая хүн шууд үзсэн зэрэг ололтуудын дүнд нийт 3,2 тэрбум ам. долларын орлого олсноос цэвэр ашиг нь 400 сая ам. доллар байсан аж.

Тэмцээний бэлтгэл ажилд зориулж 500,000 орчим ажлын байр шинээр үүссэн бөгөөд тэмцээний нээлтээс эхлэн бүхий л ресторан болон уушийн газрууд дүүрэн хүнтэй байсан нь энэ хэмжээний ашгийг хүртэхэд хүргэснээс гадна урьдчилан тооцоолж байснаас 15 саяар илүү тооны жуулчид Герман улсыг энэ үед зорьжээ. 2006 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ажлын хүрээнд Герман улс нийт 430 сая еврог зарлагадсан гэх бөгөөд ФИФА-гийн тэмцээнд оруулсан хувь нэмрийг үнэлэн 40,8 сая еврог төлсөн гэсэн мэдээлэл бий.

2010 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

Африк тив түүхэндээ анх удаа дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан явдал 2010 онд тохиосон билээ. Одоо ч хөгжиж буй орны нэгээр нэрлэгдэж буй Өмнөд Африк улсын хувьд 19 дэх удаагийн Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гол зорилго нь олон улсын анхаарлыг татаж, хөрөнгө оруулалт төвлөрүүлэх зорилготой байсных хэмээн тайлбарлах нь олонтаа. Тэр ч утгаараа, ФИФА-гийн зүгээс тэмцээний санхүүжилтэд оруулсан хувь нэмэр урьд хожидтой харьцуулбал өндөр байсныг дурдах нь зүйтэй.

Зохион байгуулагч орны зүгээс стадионуудыг шинэчлэх болон шинээр нисэх буудал барих зэрэг ажилд нийт 3,9 тэрбум ам. доллар зарцуулсан хэдий ч тэмцээний ашиг болох 3,36 тэрбум ам. долларыг хожлын нүүдлийн эзэд болох ФИФА хүлээн авсан байдаг. Үүний нэг тэрбум нь тэмцээний шууд дамжуулалтаас олсон орлого байжээ. Харамсалтай нь, Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсны улмаас Өмнөд Африкийн эдийн засгийн өсөлт 4,6 хувиас 2,6 болтлоо буурсан байна.

2014 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

Улс төр эдийн засгийн таагүй нөхцөл, авилгын дуулиан зэргээс үүдэн Бразил улс төлөвлөсний дагуу ажлаа гүйцэлдүүлж чадаагүйг олон улс санаж байгаа биз. Стадионуудын засвар тэмцээн эхлэхтэй ам мөлтөс зэрэгцэн дуусч байсан зэрэг хариуцлагагүй байдлын гол төлөөлөгчөөр энэ улсыг нэрлэж болно.

Тус улсын Спортын яамны мэдээлснээр Бразил улс 2014 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад зориулж 11,63 тэрбум ам. долларыг төсөвлөсөн хэмээн мэдэгдэж байв.

Харин тэмцээний нийт орлого нь 4,0 тэрбум ам. доллар байжээ. Үүний 1,7 тэрбумыг тэмцээний шууд дамжуулалтаас, 1,4 тэрбумийг хамтрагч байгууллагуудын сурталчилгаанаас, 0,9 тэрбумыг хөлбөмбөгийн холбогдолтой бараа бүтээгдэхүүний борлуулалтаас олсон байна.

ФИФА-тай хийсэн тохиролцооны дагуу Бразил улс жуулчдын жижиг дунд үйлчилгээнд зарцуулсан болоод хувийн бизнес эрхлэгчдэд зарцуулсан ашгийг эзэмших байсан тул дээрх мөнгөний 500 сая ам. доллар орчмыг улсын ашиг болгон авч үлдэж байжээ.

2018/2022 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнүүд хэдээр үнэлэгдэх вэ?

Оросын нийт 11 хотын 12 стадионуудад зохион байгуулагдахаар болсон 21 дэх удаагийн Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 14-ний өдөр буюу хоёр долоо хоногийн дараа эхлэх гэж байна.

Тэмцээний финалийн тоглолт Москва хотын Лужник стадионд долдугаар сарын 15-нд болохоор товлогдсон билээ. Нийт 32 улсын баг тамирчдын оролцох энэ удаагийн Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нийт 2,1 тэрбум ам. долларын төсөвтэй гэсэн мэдээлэл цацагджээ. 

Сонирхолтой нь 2022 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхээ аваад буй Катар улс тус арга хэмжээнд зориулж үлэмж хэмжээний буюу 70-100 тэрбум ам. доллар зарцуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа талаар мэдээллүүд хэдийн гарч эхэлжээ

Г.СҮМБЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж