"Вьетнам засвар"-ын газрууд орлого сайн олдог ч татвар төлдөггүй

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

"Вьетнам засвар"-ын газрууд орлого сайн олдог ч татвар төлдөггүй

Шар дэвсгэр дээр улаанаар “Вьетнам засвар” гэж томоос том бичсэн грашны хаалга байх. Грашны хаалгаар танихгүй хэлээр шулганалдсан давжаа биетэй, хувцас хунар, царай зүс нь халтардсан хүмүүс гарч ирэх аж. Хэдийгээр тэнд авто засвар ажиллаж байгаа  ч харь оронд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэв. Учир нь тэнд монгол хүн ер харагдсангүй. Цаана нь вьетнамчууд төрөлх хэлээрээ ямар нэгэн юм ярилцана.

Аравхан алхмын цаана үүнтэй төстэй дүр зураг нүднээ буув. Авто засвар гэсэн хаягтай хашаа байв. Вьетнамчууд эндээ амьдарч, засварын үйлчилгээгээ эрхэлдэг бололтой. Дотогш нэвтэрвэл дунд зэргийн нуруутай вьетнам залуу угтаж авав. Тэрбээр Монголд авто машины засвар үйлчилгээ эрхлэн гурван жил болжээ. Түүнээс авто машины урд талын гупер хэдээр янзлах вэ гэж асуухад “150 мянга түүнээс доош буухгүй” гэж монгол хэлээр торолгүй хариулав. Эргэн тойрныг ажиглавал харанхуй орчинд 8-9 машин эгнээтэй зогсжээ. Үүдээр ороход шүршдэг будгийн хурц үнэр хамар цоргиж байлаа. Мөн цементэн шалан дээр хөглөрөх элдэв багаж хэрэгсэл, энд тэнд замбараагүй өлгөсөн хувцас, хоолны тогоо, халбага, савх ч харагдана. Энд хүн амьдрах ямар ч нөхцөл байхгүйн дээр, вьетнамчууд үүдээр орж ирсэн хүмүүст дуртай үнэ хэлж, засварын тогтсон тарифгүй болох нь анзаарагдав.

Эдгээр авто засварын төвүүдэд хяналт тавьдаг эсэхийг бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “Вьетнам авто засваруудад одоогоос дөрвөн жилийн өмнө шалгалт хийсэн. Түүнээс хойш шалгалт хийгээгүй. Дээрээс чиглэл ирсэн тохиолдолд зохих шалгалтуудыг явуулна” гэсэн хариулт өглөө.

Гэхдээ өнгөрөгч долоо хоногт иргэдийн гомдол, мэдээллийн дагуу Вьетнам засварын газруудад хяналт, шалгалт хийж эхэлжээ. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөгч П.Баярмаагаар ахлуулсан ажлын хэсэг харвяа дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа авто засварын газруудыг энэ сарын 21-ээс шалгаж эхэлсэн аж.

Уг ажлын хэсгийн дүгнэлтээр Баянгол дүүрэгт одоогоор 80 орчим Вьетнам засвар ажилладаг гэсэн тоон мэдээлэл байна. Харин эдгээрийн дийлэнхээс дараах зөрчил илэрчээ. Тухайлбал, авто засварын газраа архидан согтуурах, үүнээс үүдсэн элдэв төрлийн гэмт хэргүүд тасардаггүйг албаныхан ярьж байна. Мөн эдгээр авто засварын төвүүд нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг, засварын үйлчилгээний тогтсон тарифгүй, дурын үнэ хэлж, иргэдийг мөлждөг. Орлого ихтэй ч татвар төлдөггүй, тохижилт, орчин нөхцөл шаардлага хангадаггүй зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн байна.

Бид Зуун айлын “Дөлгөөн нуур” төвтэй зэрэгцээ байрлах вьетнам авто засварын газарт очсон юм. Тус засварын төвд Н.Ганбаатар гэх монгол залуу ажиллаж байхтай таарч, цөөн хором ярилцлаа.


Вьетнамчууд үнэнчээр ажилладаг

-Монголчууд вьетнам засвараар ихэвчлэн үйлчлүүлдэг. Давуу тал нь юундаа байна вэ?

-Ах нь эндхийг хариуцдаг юм. Вьетнам засварыг хүмүүс сонгож үйлчлүүлдэг шалтгаан нь вьетнамчууд үнэнчээр ажилладаг. Манайхан өөрсдөө хийхээр хурдан мөнгөө авах гээд халтуурдчихдаг тал байдаг. Будчихсан замаскыг дахиж засах хэцүү байдаг. Монголчууд эд нарыг үнэтэй хийлээ гэдэг. Чанартай хийдэг учраас үнэтэй байдаг юм. Манайд ажиллаж байгаа хоёр Вьетнам Монгол хэл юу ч мэдэхгүй, нэг нь гурван жил ажиллаж байгаа. Ер нь Вьетнам засварт гурван хүн ажилладаг. Нэг нь сэв арилгадаг нөгөөх нь будаг, нөгөө нь замаскаа хийдэг.

-Энд хэдээс хэдэн насны залуус ажиллаж байна вэ?

-Манайд гэхэд 20-27 насны гурван залуу ажиллаж байна.

-Вьетнамчууд эндээ байрлаж ажиллаж, амьдардаг уу?

-Тийм. Өвөл зунгүй грашдаа  байдаг. Эд нар дээрээ нэг эзэнтэй. Тэр хүн нь тог, түрээс гээд бүх юм аа төлдөг. Тэгээд эд нараасаа хийсэн ажлынх нь орлогыг авчихдаг. Ганц нэгээрээ ажил хийж байгаа вьетнамууд ер нь ховор шүү. Миний дуулснаар монголчууд оруулж ирдэг гэсэн. Заримдаа манай энүүгээр охид ирнэ. Хямдхан явчихъя л даа, мөнгө хэрэгтэй байна гээд зогсоод байдаг. Тэгэхээр нь би хөөгөөд загнаад явуулчихдаг. Цагдаа дуудаад өгчихнө шүү гэж хэлдэг. Манай охидод өөрсдөд нь буруу байна.

-Ажлын цагийн хуваарь гэсэн зүйл байдаг уу?

-Өвөл жоохон орой онгойно, өвөл зунгүй л ажилладаг. Шөнө гурав дөрвөн цаг хүртэл ажилладаг. Цалингаа 14 хоноод нэг авдаг юм шиг байна лээ. Тэгээд л гэр орон руугаа явуулдаг байх.

-Вьетнам засварын давуу тал нь юу вэ?

-Давуу тал нь будагтаа байдаг. Будахдаа зайнаас буддаг. Эхлээд суурь тавина. Дараа нь лак тавьдаг. Тэгээд өнгөний зөрүү байхгүй болгодог.

-Үнэ ханшийн хувьд? Монгол засварын төвөөс арай үнэтэй байдаг уу?

-Машины нэг деталь будагт оруулахад 150 мянган төгрөг байдаг.


Монголд 221 вьетнам иргэн хөдөлмөр эрхэлж байна

Хөдөлмөр халамжийн ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсийн дарга Т.Есөнтөмөртэй энэ асуудлаар ярилцав. 

-Өнөөдрийн байдлаар манай улсад хэчнээн Вьетнам иргэд хөдөлмөр эрхэлж байна вэ?

-Бид Гадаадын иргэн, харьяатын газартай хамтраад хатуу бодлого барьж байгаа. Нийгэмд вьетнамуудын талаар янз бүрийн яриа байдаг. Монгол эмэгтэйчүүдтэй олноороо гэрлэж байна гэх мэтээр. Бид Гадаадын иргэн, харьяатын газартай хамтраад вьетнам иргэдэд байнгын хяналт тавьж ажиллаж байгаа.

Хөдөлмөр эрхлэлт талаас нь хөдөлмөр халамжийн ерөнхий газар, визтэй холбоотой асуудлыг судлаад гадаад хэргийн харьяатын байгууллага хяналт тавьж ажиллаж байна. 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улсад 221 вьетнам иргэн хөдөлмөр эрхэлж байна. Дийлэнх нь авто засварын газар ажилладаг. Эдгээр иргэдийн 220 нь эрэгтэй, нэг нь эмэгтэй.

-Манай улсад вьетнамчууд HG ангиллын визээр нэвтэрч хөдөлмөр эрхэлдэг. Мөн авто засварын төвүүдэд ажиллаж байгаа вьетнамчууд виз нь дуусвал 1-3 сараар сунгадаг гэх юм?

-Хуульд хөдөлмөр эрхлэх жилийг нэг хүртэл жил байж болно гэж заасан. Хөдөлмөр эрхэлж буй Вьетнам иргэдэд хяналт тавих зорилгоор богино хугацаагаар виз олгож байна. Энэ нь ямар байдлаар давуу вэ гэхээр Вьетнам иргэд  нэг жил хүртэл виз авсны дараа ажлын байраа орхиод алга болчихдог. Хаана ч ажиллаж байхыг үгүйсгэхгүй. Ажил олгогчдоо мэдэгдэхгүйгээр гараад явчихдаг байдал олон гарч байсан. Ийм байдлыг таслан зогсоох үүднээс  ажил олгогчийг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор богино хугацааны виз олгож байгаа.

-Монголын талаас эдгээр ажлын визээр орж ирж буй Вьетнамчуудад ямар шаардлага тавьдаг вэ?

-Мэдээж бид эдгээр засварын газруудад хяналт шалгалт хийнэ гэж бодож байгаа. Хуулиар ямар шаардлага тавигдаж байна түүнийг л эдгээр хүмүүсээс шаарддаг. Үүнд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ёстой, ажил олгогч нь Вьетнам хүмүүсийн аюулгүй байдлыг хангасан байх ёстой гэх мэт хуульд заасан шаардлагыг тавьж, визээ сунгаад явдаг. Эдгээр хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт талаас нь тогтмол хяналт шалгалт маш дутмаг байдаг. Яагаад гэхээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож байгаа хэрнээ араас нь хяналт тавихад нэлээн бүрхэг. Энэ тухай хууль 2011 онд батлагдсан байдаг. Тэгэхээр энэ хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ирэх хаврын чуулганаар холбогдох хуулийн төслийг УИХ -аар хэлэлцэж батлах байх гэсэн хүлээлт байгаа.

Виз олгож байгаа тохиолдолд хөдөлмөрийн байцаагч ажиллах ёстой. Энэ байцаагч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүд яг гэрээний дагуу ажиллаж байгаа эсэх, хэрэв шаардлага тавиад биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсаас албадан гаргах, Гадаад улсаас ажиллах хүч авах эрхийг нь хязгаарлах гэх мэт зохицуулалт өгүүлэгдэж байгаа.

Э.АРИУН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж