Их Британичууд Трампыг угтахад бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Их Британичууд Трампыг угтахад бэлэн үү?

Их Британичууд Трампыг угтахад бэлэн үү?

Дональд Трамп АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа хамгийн түрүүнд Цагаан ордонд айлчилсан зочдын дунд Их Британийн ерөнхий сайд Тереза Мей багтаж байв. Тэрбээр 2017 оны нэгдүгээр сард АНУ-д айлчилж, ерөнхийлөгч Дональд Трампыг Их Британид урьсан юм. Дональд Трамп урилгыг уриалгахан хүлээн авч, 2017 оны хоёрдугаар сард айлчлахаар товлоод байв. Энэ үеэр Лондон хотноо АНУ-ын шинэ элчин сайдын яамны нээлтийг хийхээр төлөвлөсөн. Гэвч Дональд Трамп исламын шашинт долоон орны иргэдэд виз олгохыг хориглосноос үүдэн Их Британийн иргэд төдийгүй парламентын гишүүд хүртэл эсэргүүцлээ илэрхийлэн түүнийг айлчлах үеэр нийтийг хамарсан жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Санал асуулгаар хоёр сая орчим хүн Дональд Трампыг эсэргүүцсэн жагсаалд оролцохоо мэдэгджээ. Тэгвэл олон нийтийн сүлжээ “Facebook” сайтад Трампын айлчлалтай холбоотой үүсгэсэн жагсаал зохион байгуулах арга хэмжээнд 42 мянган хүн оролцож, 100 мянган хүн сонирхож буйгаа илэрхийлжээ. Айлчлалыг эсэргүүцсэн онлайн өргөдөлд хоёр сая шахам хүн гарын үсэг зуржээ. Лондон хотын дүрвэгчийн гэр бүлээс гаралтай захирагч Садик Хан хүртэл эсэргүүцлээ илэрхийлэн  “Дональд Трамп төрийн дээд хэмжээний айлчлал төлөвлөх хэрэггүй. Учир нь энд түүнийг улаан хивс дэвсэн угтахгүй” гэж мэдэгджээ.

Хүчтэй эсэргүүцлээс болоод Дональд Трамп айлчлалаа аравдугаар сарыг хүртэл хойшлуулаад сураг алдарсан аж. Тэгвэл энэ айлчлал ирэх долдугаар сард болохоор дахин товлогджээ. Энэ удаад Их Британичууд түүнийг хүлээж авах болов уу?

Тереза Мей хувийн эдлэндээ Дональд Трампыг урив

Энэ удаад Их Британийн ерөнхий сайд Тереза Мей олон нийтийн жагсаалаас зайлсхийж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг хувийн эдлэндээ хүлээж авах саналыг тавьжээ. Тереза Мей сүүлд энэ оны нэгдүгээр сард Давосын чуулга уулзалтын үеэр Дональд Трамптай уулзсан аж. Дональд Трамп ирэх долдугаар сард болох Умард Атлантын цэргийн эсвэл “NATO” чуулга уулзалтыг тохиолдуулан Их Британид айлчлахаар төлөвлөсөн аж. Тэрбээр Белгийн Брюссель хотоос долдугаар сарын 13-ны баасан гаригт Их Британи руу очих аж. Айлчлалын нарийвчилсан төлөвлөгөөг АНУ дахь Их Британийн элчин сайд Ким Даррок Цагаан ордонд танилцуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Дональд Трампын айлчлал гурав хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Шотландад гольф тоглохоор төлөвлөсөн байна. Мөн тэрбээр Виндсор ордонд зочилж, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабеттай уулзах гэнэ. Харин эсэргүүцлээс шалтгаалан Дональд Трамп Их Британийн парламентад очихгүй аж. Айлчлалын үеэр хоёр улсын хооронд шударга, харилцан ашигтай худалдааны зарчмыг хэлэлцэх бөгөөд үүнд Хятад улстай холбоотой асуудал багтсан аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж