МАН-ын бүлэг сүүлийн хоёр ч удаагийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгой төслийг хөдөлгөх хувилбаруудтай танилцаж, хэлэлцсэн. Харин өчигдрийн /2018.05.28/ хуралдаанаар Тавантолгойг хөдөлгөх төслийг дэмжсэн бөгөөд цаашид судалгаатай, тооцоололтойгоор төслийг хөтөлгөх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-МАН-ын бүлэг Тавантолгойг төслийг хөдөлгөх нь зүйтэй гэж үзлээ. Олон жил гацсан учраас энэ удаад хөдлөх болов уу?
-Засгийн газраас Тавантолгой ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой санал оруулж ирснийг өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн ч тодорхой шийдэл гаргаагүй байсан. Харин өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, Тавантолгой орд газрыг олон улсын хөрөнгийн бирж дээр 30 хүртэл хувийг IPO гаргахыг дэмжиж, энэ чиглэлээр холбогдох шийдвэрийг УИХ-аар оруулж ирэхийг нь дэмжсэн. Засгийн газар энэ асуудлаар сайтар судалж, тооцоо судалгаатайгаар оруулж ирэхийг бүлгийн зүгээс сануулсан. Ер нь бол ард түмний өмч болсон байгалийн баялгийг ашиглах, томоохон аж ахуй нэгжүүдийн асуудлыг хөрөнгийн биржээр дамжуулж шийддэг байх нь зөв юм гэдгийг бүлгийн гишүүд ярилцлаа. Ард иргэдийн хүсэн хүлээж байгаа тэр хэмжээнд Засгийн газар асуудлаа боловсруулж оруулж ирэх байх гэж бодож байна.
-Олон нийтийн дунд Засгийн газар олонх байгаа дээрээ шийдвэр гаргаж, 1072 хувьцааг амь оруулах нь гэсэн хүлээлттэй байгаад байна?
–Засгийн газраас 1072 хувьцааг 2011 онд олгосон ч өнөөдрийг хүртэл албажуулаагүй байсан. Тиймээс 1072 хувьцааг бүртгэлжүүлэх ажлыг хийсэн. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын бирж дээр нээлттэй, хувьцаат компанийн хэлбэрт шилжиж байгаа юм. Иргэд 14-15 хувийг нь эзэмшдэг. Цаана нь байгаа хувиас тодорхой хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, хөрөнгө оруулалт татах зэрэг ажлуудыг хийх ёстой. Нэг ёсны олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ өсөлттэй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт сэргэж байгаа ийм цаг үед Тавантолгой ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, боловсруулж гаргах, олон зах зээл рүү гаргах эх үүсвэрийг бий болгох, өмнөд хөрш рүү чиглэсэн дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Тиймээс ч олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох нь зөв юм.
-30 хувь гэдэг нь хэдий хэмжээний хөрөнгө татах боломжтой гэж Засгийн газар төсөөлж байгаа юм бэ?
-Тавантолгой орд газрын үнэлгээг хийх ажил улс төрийн шийдвэр гарсны дараа эхэлнэ. Өмнө нь Засгийн газраас 268-р тогтоол гаргаж, олон улсын Шинхуа, ММС-тэй хамтарч ажиллах асуудал яригдсан.
Тавантолгой төсөлтэй холбоотой 100 гаруй шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэрүүдийг нэгтгэж, хэрэгжилтийг цэгцлэх нэг шаардлага байна. Өнгөрсөн хугацаанд Тавантолгой орд газрын үнэлгээг хоёр удаа хийсэн байдаг. Анх 1999 онд “Би Эйч Би” гэдэг компани хийж байсан бол 2011 онд бас нэг компани үнэлсэн бөгөөд 5,7 тэрбум ам.долларын өртөгтэй байна гэсэн үнэлгээ гарч байсан. Шинэ үнэлгээгээр хэдий хэмжээний тооцоолол гаргахыг мэдэхгүй байна. Олон улсын байгууллагын үнэлгээ хийдэг компаниар хийлгэх байх. Өнөөдөр байгаа 7,2 тэрбум тоннын нөөцтэй орд газрын үнэлгээ ямар байх вэ гэдгээс шалтгаалж олон улсын хөрөнгийн бирж дээр үнэлгээ ямар байх вэ гэдэг тодорхой болно.
-Үлдсэн 70 хувийн асуудлыг цаашид яана гэсэн үг вэ?
-Үлдсэн 70 хувь дотор иргэд, төр хоёрын эзэмшил хэвээр хадгалагдана.
-Хэрэв Тавантолгой төслийг хөдөлгөх асуудлаар улс төрийн шийдвэр гарвал бүтээн байгуулалтын ажил болон бусад ажлуудаа хэдийгээр хийхээр тохирч байгаа юм бэ?
–Хөрөнгийн бирж дээр гаргах хүртэл маш олон нарийвчилсан стандартуудыг хангаж, олон улсын бирж дээр гарсны дараа үйл явц өрнөх байх. Процессын хувьд 65-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж байгаа юм. Үүний дараа албажиж, ҮАБЗ-өөс зөвлөмж гарах байх.
-2020 оны сонгуулиас өмнө амжих уу. Өөр нам ялалт байгуулбал та бүхний гаргасан шийдвэрийг үгүйсгэх болов уу. Өнгөрсөн хугацаанд ийм байсаар л ирсэн?
–МАН томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, эрчимжүүлэх чиглэлд санаачилгатай ажиллаж байгаа. Олон жил яригдсан Цэвэрлэх байгууламж, малыг эрүүлжүүлэх төсөл хөтөлбөрүүд, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой төслүүд, томоохон дэд бүтэцтэй холбоотой асуудлуудыг хаврын чуулганаар батлуулна. Ард иргэдийн хүсэн хүлээж байгаа ажлын байр нэмэгдэх, бизнесийн үйл ажиллагаа сэргэхийг хүлээж байгаа. Эдийн засгийн хямралаас гарч байна. Цаашид бид эдийн засгаа эрчимжүүлж, тогтвортой хөгжлийн байр суурин дээрээ байхын тулд эдийн засгийн хөгжлийг найман хувиас буулгахгүй, хөгжлийн өсөлтийг хангах үүднээс том төслүүдээ хөдөлгөх, явж байгаа төслүүдээ эрчимжүүлэх шаардлага байгаа. Энэ чиглэлээр улс төрийн шийдвэрүүд гарч эхэлж байна.
Ш.ЧИМЭГ