Оросын хоёр дахь том хот Санкт-Петербургт тавдугаар сарын 24-26-ны хооронд болж өндөрлөсөн Олон улсын эдийн засгийн форумд дэлхийн 70 гаруй улс орны төлөөлөгчид уригдан оролцлоо. Гурван өдөр үргэлжилсэн уг форумд Оросын эсрэг АНУ, Европын авч буй хориг үйлчилж байгаа шинж огтхон ч илэрсэнгүй гэж хэвлэлүүд дүгнэж байна.
Форумын эхний өдөр Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Оросын Ерөнхийлөгч В.Путин нар хамтарсан мэдэгдэл хийж, оросын бизнес болон улс төрийн элитүүдтэй удаан хугацаагаар яриа өрнүүлсэн. Уулзалтын төгсгөлд Э.Макрон Франц улс Оросын томоохон хөрөнгө оруулагч болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Талууд форумын төгсгөлд 20-иод хамтарсан гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурна гэж Москвад суугаа Францын Элчин сайдын яамнаас мэдэгдэж байсан билээ. Орос Францын хооронд эхний өдөр хийгдсэн голлох хөрөнгө оруулалтын нэг нь байгалийн хий үйлдвэрлэгч Новатек компанийн эзэмшлийн 10 хувийг Францын эрчим хүчний Тотал компани худалдан авсан 25.5 тэрбум ам.долларын гэрээ байлаа.
Харин Баасан гаригт /2018.05.25/ чуулсан хөрөнгө оруулагчдын хэлэлцүүлэгт АНУ-ын бизнесийн төлөөлөгчид томоохон бүрэлдэхүүнтэй оролцсон байна. АНУ-аас Москвад суугаа Элчин сайд Жон Хантсмэн ч өөрөө бизнесмен бөгөөд цаашид Оростой хамтарч явуулах бизнесийг өөдрөгөөр харж байгаа гэсэн бол Боинг компаний ерөнхийлөгч Бертранд-Марк Ален Оросыг урт удаан хугацаанд хамтран ажиллах газар мөн хэмээн онцолжээ.
Форумын төгсгөлд Америк, Франц, Герман, Финлянд, Энэтхэг, Казакстан, Хятад, БНСУ зэрэг орнууд Оростой томоохон хөрөнгө оруулалтын төслүүдэд хамтарч ажиллахаар хоёр талын гэрээнд гарын үсэг зурсан байна.
Ө.Баярзул
Washington Post