Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны /БСШУСЯ/ ивээл доор зохион байгуулагдаж байгаа “Монголын үндэсний балет” улсын хоёрдугаар уралдаан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт /УДБЭТ/ өнөөдөр /2018.05.28/ болж байна. Уралдааныг 6-8, 9-11, 12-14, 15-18 насны гэсэн дөрвөн ангиллаар балетаар хичээлддэг хүүхдүүдийн дунд зохион байгуулж байна. Монголын ирээдүйн шилдэг балетчидыг нээн илрүүлж, авьяасыг нь хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон хоёр дахь жилдээ болж байна. Тэмцээн тавдугаар сарын 28-29-ны өдрүүдэд болох бөгөөд тэмцээнээс шалгарсан балетчид олон улсын тэмцээнд орох эрхээ авах юм байна. Тус тэмцээнийг шүүхээр Герман, Сингапур, Солонгос зэрэг орны шүүгч нар хүрэлцэн ирсэн байна.
Дашрамд дуулгахад, зургаадугаар сарын 1-нд шагналт байруудад орсон балетчид гала тоглолт нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт /УДБЭТ/ тоглох юм байна. Тэмцээнийг зохион байгуулж буй Монголын балет хөгжлийн сангийн менежер С.Номиндариас тэмцээнтэй холбоотой зарим зүйлсийг тодрууллаа.
-Тэмцээнийхээ талаар товчхон мэдээлэл өгөөч?
-Монголын үндэсний балетын улсын 2-р уралдаан хоёрдох жилдээ болж байна. 2016 онд анхных нь болж байсан. Хоёр жилд тутамд зохион байгуулж байхаар тогтсон байдаг. Энэхүү тэмцээнийг зургаан шүүгч, Д.Алтанхуяг гавьяат өөрөө сууж шүүхээр байгаа.
-Тэмцээний гол онцлог юу бэ?
-Энэ тэмцээний гол онцлог нь маргааш буюу шагналт байрууд тодорсны дараа 12 дээш насны ангиллын шагналт байрууд 30, 31-нд болох олон улсын тэмцээнд оролцох эрхээ авах юм. Олон улсын тэмцээн Монгол Улсад болох бөгөөд энэ тэмцээнд найман орны балетчид оролцоно. 12-29 насны балетчид гурван насны ангилалд өрсөлдөнө. Энэ олон улсын тэмцээн Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа юм. Дуурь бүжгийн эрдмийн театрт үндсэндээ таван өдрийн арга хэмжээ болохоор байна.
-Гала тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Зургаадугаар сарын 1-ны өдөр Монголын балетын хөгжил сангийн хаврын баяр болно. Үүний дараа гала тоглолтоо зохион байгуулах гэж байна. Гала тоглолт олон улсын тэмцээн болгоны дараа болдог зүйл юм. Нэг ёсондоо шагналтнуудын концерт гэсэн үг юм.
Н. Ганбат