Нэг тэрбум гаруй хүн амтай Хятад улс 2021 онд нэг ч ядуу иргэнгүй улс болох зорилт тавьсан нь биелэхэд амаргүй мэт сонсогдох ч 2012-2017 онд 69 сая иргэнийг дундаж давхаргад шилжүүлжээ.
Дэлхийн банкны судалгаагаар, Хятад улсын төрөөс хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд сүүлийн 40 жилийн хугацаанд 800 сая иргэн ядуурлаас гарсан байна. Гэвч одоогоор 30 сая гаруй иргэн нэн ядуу амьдардаг тул дундаж амьдралд хүргэхийн тулд төр нь хувийн хэвшилтэйгээ хамтран зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй юм. Энэ тухай мэдээллийг тоймлон хүргэе.
ядуурал алс бөглүү нутагт хамгийн их байна
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Ядуурлыг бууруулах агентлагаас өгсөн мэдээгээр ядуурал алс бөглүү нутагт хамгийн их аж. Ингэхдээ жилийн орлого нь 2300 юаниас бага бол амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхөд хамаарч байна.
Ийм иргэдээ ядуурлаас гаргахын тулд тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь 240 тэрбум юанын эх үүсвэрээр жижиг зээлийн сан байгуулжээ. Хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэд гурван жилийн хугацаатай 50 мянга хүртэлх юанын хүүгүй зээлийг тус сангаас авах боломжтой.
Иргэд энэхүү зээлд хамрагдахын өмнө эрхлэх аж ахуйнхаа хүрээнд сургалтад хамрагддаг. Жишээ татвал, хүнсний ногоо, нарийн ногооны үр сонгохоос тариалах, ургац хураан авах, борлуулах хүртэлх бүхий л арга технологийг зааж сургана. Техник, технологи, шинжлэх ухааны ололтыг газар тариаланд хэрхэн ашиглах вэ гэдгийг ч мэдэж авдаг. Ингэснээр хураан авах ургацын хэмжээ нь өмнө нь уламжлалт газар тариалан эрхэлж байснаас нь хэд дахин өсөж, тэр хэрээр сард олох орлого нь өсдөг аж. Цаашлаад тосгоны иргэддээ газар тариалан эрхлэх аргыг зааж, талбайдаа ажиллуулан, цалин өгч, орлогыг нь нэмэгдүүлдэг.
Эдгээр хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа газар бол Гүйжөү мужийн Шиу вэн сумын Киви жимсний шинжлэх ухааны парк, Чи яан тосгоны Жинжидахиан ферм, Гүйжөү Ля яэ фан тиан ХХК, Шифэн суман дахь Кан яүан хөдөө аж ахуйн цогц аж үйлдвэрийн парк зэрэг юм.
Эдгээр нь борлуулалтын нэгдсэн сүлжээнд шилжсэнээр бүтээгдэхүүнээ Хятад даяар борлуулаад зогсохгүй Европын орнуудад мөн хүргэдэг. Үүнд зөвхөн хүнсний ногоо, нарийн ногоо, жимс жимсгэнээр хязгаарлахгүй тахиа, гахай, өндөг, ургамлын гаралтай хүний биед тустай эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд мөн хамаарч байна.
Ядуурлыг гэтэлгэх хөтөлбөрт хамрагдсан иргэд тэр дундаа тариаланчдын орон байрыг шинэчлэх, сайжруулах ажлыг давхар хийж байна. Гол төлөв 3 давхар хувийн орон сууцанд амьдардаг. Нэг давхар нь зоорь, авто машинаа хийх граш хэлбэрээр ашиглагддаг бол хоёр, гуравдугаар давхар нь амьдрах зориулалттай. Тариаланч бүрийн хаус руу хатуу хучилттай зам барьсан. Дээр нь газар тариалан эрхлэх газар нь дэргэдээ шахам гэж хэлж болно.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мөн хөнгөлөлттэй нөхцөлөөр хүргэдэг. Тухайлбал, мухар олгой ургасан иргэний эмчилгээний зардал 2800 юаньд хүрдэг ч тухайн иргэн ердөө 8 юань л төлж, бусад зардлыг төрөөс даадаг байна.
Харин тэтгэвэрт гарсан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд байгаль хамгаалах ажилд голлон татан оролцуулдаг байна. Мөн 2011 оноос хойш 60-аас дээш насны ахмадуудад тэтгэврээс нь гадна сар бүр 80 юаны тэтгэлэг олгодог болжээ. Энэхүү ахмад настанд чиглэсэн тэтгэлэг 2021 он хүртэл үргэлжилнэ.
Түүнчлэн өрхийн жилийн орлого нь 2000 юаниас бага бол 1000 юанын нөхөн олговор нэмж олгодог.
Орон сууцыг үнэгүй олгож байна
Алс бөглүү нутагт амьдарч байгаа иргэдийг ажилтай болгож, орлогыг нь нэмэгдүүлэхийн тулд дэд бүтэц татсан газар луу нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимтэй хийж эхэлжээ.
Ийм тосгоны нэг нь Гүйжөү мужид орших Хэн да Жин Шу Хүа Дү ходроны нүүлгэн шилжүүлэх цэг болж байна. 2016 оноос эхэлсэн энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж буй бөгөөд одоогоор 3827 өрхийн 16852 иргэнийг нүүлгэн шилжүүлж суурьшуулжээ. Үүнээс 1664 иргэнийг 2016 онд тус газарт суурьшуулсан аж.
Дэд бүтэц татах, орон сууц барих зэрэг ажилд Гүйжөү мужаас 2017 онд нэг тэрбум юань зарцуулсан. Харин 2016 онд 320 сая юань зарцуулсан юм байна.
Орон сууцанд үнэгүй хамрагдахад өрх гэрээс заавал нэг хүн ажил хөдөлмөр эрхлэх шаардлага тавьдаг. Ингэхдээ тэднийг давхар ажлын байраар хангах хөтөлбөр давхар хэрэгжинэ. Тухайлбал, барилга, замын ажилд тэдгээр иргэдийг хамруулж, тогтмол орлоготой болгож байна.
Төрөөс үнэгүй олгож байгаа орон сууц нь өрхийн ам бүлээс хамаарч, талбайн хэмжээ харилцан адилгүй. Нэг иргэнд 20 м2-аас доошгүй талбай оногдох ёстой гэж үздэг. Орон сууцнууд нь 20 м2-60 м2 хүртэл хэмжээтэй барьсан.
Бүтээн байгуулалтын энэхүү ажилд мөн хувийн барилгын компани хамтарч, иргэдээ ядуурлаас гаргахад оролцож байна.
Онцлоход, 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Монгол Улсад айлчлах үеэрээ Монголын 250 сэтгүүлчийг Хятадын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилтэй танилцуулах аяллыг хийлгэхээ амласан юм. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт Монголын 50 сэтгүүлч өмнөд хөршид ажиллалаа.
Аяллыг зохион байгуулахад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээний захиргаа, Монгол Улс дахь Хятадын Элчин сайдын яам, БНХАУ-ын Олон улсын хэвлэлийн групп, “Хятадын мэдээ” сэтгүүлийн хороо, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран ажиллалаа.
Үргэлжлэл бий.