“Бэлгийн замын халдварт өвчин ургийн гажиг үүсэхэд нөлөөлдөг”

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

“Бэлгийн замын халдварт өвчин ургийн гажиг үүсэхэд нөлөөлдөг”

“Бэлгийн замын халдварт өвчин ургийн гажиг үүсэхэд нөлөөлдөг”

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 13 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн гурван төрөх эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ургийн зүрхний бичлэгийн аппаратыг өнөөдөр /2018.05.28/ хүлээлгэн өглөө. Тус үйл ажиллагаанд Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Хаяаши Шиничиро, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Нийслэлийн амаржих газрын төлөөллүүд ирсэн юм. 13 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн гурван төрөх эмнэлэгт нийлүүлэгдэж буй нь зүрхний бичлэгийн аппарат нь  нийт 474 сая төгрөгийн өртөг бүхий аж.

Энэ үеэр Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалангаас доорх асуултад хариулт авлаа.

Нүдэнд харагдахгүй гажгууд цусны шинжилгээгээр, дааврын шинжилгээгээр илэрдэг

-Ургийн гажиг ихэссэн гэж ярих болсон. Энэ нь юунаас шалтгаалдаг юм бэ?

-Ургийн гажиг гэдэг нь ураг үүсч хөгжих үед гаднын ямар нэг таагүй нөлөөний улмаас эд эрхтэнд нь эмгэг үүсэхийг хэлнэ. Ургийн гажиг үүсэх нь нэг шалтгаан бус ихэнх нь нийлмэл шалтгаанууд байдаг.  Ураг бүрэлдэх эхний гурван сарыг хамгийн эмзэг үе гэж үздэг. Мөн түүнчлэн жирэмслэхийн өмнөх үе ч чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймээс эмэгтэйчүүд жирэмслэлтэд биеэ бэлдэж, өөрийгөө эрүүлжүүлэх нь чухал юм. Ялангуяа жирэмсний эхний  гурван сард хоол унд, ажлын орчин нөхцөлөө зөв зохицуулах хэрэгтэй. Жишээлбэл, эм тариа, архи, тамхи, химийн бодисын найрлага бүхий бүтээгдэхүүнээс хол байх, дархлаагаа сайжруулах, биеэ чийрэгжүүлэх, сэтгэл санааны хувьд тайван байх хэрэгтэй. Нэгэнт жирэмсэлсэн тохиолдолд хяналтад эрт орж, тодорхой хугацаанд эхо оношилгоонд хамрагдаж байх ёстой.

-Ургийн гажгийг илрүүлэх ямар аргууд байдаг вэ?

-Эхо оношилгоо, лабораторийн болон удам зүйн шинжилгээ, ургийн усанд хатгалт хийж шинжлэх зэрэг олон арга байдаг ч хамгийн өндөр ач холбогдолтой, эх хүүхдэд аюулгүй, хямд, энгийн арга нь үечилсэн эхо оношилгоо юм. Өнөөдөр дэлхийн чиг хандлага пренаталь оношилгоо буюу эхийн хэвлийд байхад нь ургийн гажгийг оношилж, жирэмслэлтийг оновчтой шийдвэрлэхэд чиглэгдэж байна. Ургийн гажиг хөгжлийг эрт оношлох нь тухайн төрөлтийг шийдвэрлэх, төрөлтөнд сэтгэл зүйн хувьд бэлдэх, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаашдын эмчилгээний тактикийг боловсруулах, урьдчилан сэргийлэх аргуудыг төлөвлөх зэргээр нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдолтой. Мэдээж, жирэмсэн эх хамгийн түрүүнд дааврын шинжилгээ, удам зүйн шинжилгээ, хромсомын шинжилгээ заавал хийлгэх хэрэгтэй. Ихэнх ургийн нүдэнд харагдахуйц гажиг эхогоор харагдана. Харин нүдэнд харагдахгүй гажгууд цусны шинжилгээгээр, дааврын шинжилгээгээр илэрдэг.

-Япон улсын Засгийн газрын  буцалтгүй тусламжаар танай эмнэлэгт дөрвөн ширхэг зүрхний бичлэгийн аппаратыг өглөө. Дээрх аппаратаар ургийн гажгийг тодорхойлох боломжтой юу?

-Зүрхний бичлэгийн аппарат нь ургийн гажгийг оношлохгүй. Харин ургийн зүрхний бичлэг хийхээс гадна, эхийн умайн базалтыг мөн бичдэг. Жирэмсний сүүлийн таван сард ургийн зүрхний бичлэгийг бичиж ургийн бүтэлт, эмгэг, ураг хэр зэрэг хэвлийдээ дасан зохицож байгаа зэргийг тодорхойлох өндөр ач холбогдолтой. Энэхүү аппаратаар төрөлтийн явцыг хянаж чадсанаар нярайн эндэгдлийг 0 хувь хүртэл бууруулах боломжтой. Тэр тусмаа бүтэлтгүй хүүхэд төрөх боломжтой болж байгаа юм. Зүрхний бичлэгийн аппарат төрөх гэж байгаа эх болгоны хажууд байрлуулах ёстой.

-Энэ аппарат танай эмнэлэгт хичнээн байдаг вэ?

-Манай эмнэлэгт өдөрт 30-40 эх төрдөг. Манай эмнэлэгт 5-6 ширхэг аппарат ажиллаж байгаа. Ачаалал ихтэй байдаг учир зүрхний бичлэгийн аппарат шаардлагатай байсан юм.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ анагаахын удам зүйн лаборатори 2012 онд байгуулагджээ. Тус лаборатори нь эхийн хэвлийд бүрэлдэн тогтож байгаа ургийн гажгийг оношилдог аж. Дүүргүүдийн өрхийн эмнэлгүүдээс 35 наснаас дээш насны, өмнөх ураг нь гажигтай төрж байсан эхчүүдийг ЭХЭМҮТ рүү ихэвчлэн явуулдаг байна. Харин ЭХЭМҮТ-д ирсэн эхчүүдийн ургийн гажгийн оношилгооны талаар тус эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга А.Оюунчимэг ийн ярилаа.

ургийн амь таслах  хугацаа нь хэтэрсэн тохиолдол гардаг

Тэрбээр “Хамгийн ихээр дауны синдромын гажиг тохиолддог. Ийм тохиолдолд эхийн цуснаас дээж аван шинжилдэг. Шинжилгээний хариу батлагдсан тохиолдолд ЭХЭМҮТ-ийн анагаахын нарийн мэргэжлийн эмч нар ургийн амь таслах эсэхийг шийддэг. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ямар гажгийг таслах вэ гэдгийг заасан байдаг учраас төрсөн ч амьдарч чадахааргүй ургийг тасалдаг. Зарим гажгууд болох уруул тасархай, сэтэрхий, мөч дутуу, гажгуудыг тасалдаггүй.

Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд жирэмсний хяналтдаа эрт ор. Жирэмсний хяналтдаа эрт ороогүйн улмаас ялангуяа генийн хувьд үүсээд байгаа дауны синдром ихсэх хандлагатай байна. Хэдийгээр эцэг эхийн дундаас үүссэн үр хөврөл хэвийн бүрэлдэн тогтож явсан ч замдаа төрөлхийн хөгжлийн гажиг болж болдог. Зүрхний гажиг бий болоод байгаагийн шалтгаан нь төрөл бүрийн вирусын халдварууд байна. Жишээлбэл, дэлхийн хэмжээнд яригдаж байгаа тэмбүү, ДОХ, бэлгийн замын хомхой, эдгээр вирусүүдын улмаас зүрхний гажиг үүсдэг. Зүрхний төрөлхийн гажигтай ураг амьдрах боломжгүй ч  эхийн эхэсийн цусан хангамжаар тэжээгддэг учраас амьд байдаг. Зарим эхчүүд оройтож хяналтдаа ордог учраас ургийн амь таслах хугацаа хэтэрсэн тохиолдол гардаг.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж