НБА-н 4 удаагийн, финалын 3 удаагийн үнэ цэнэтэй тоглогч, 3 удаагийн НБА-н аварга “Хаан” Л.Жеймс тасралтгүй 8 улирал шигшээ тоглолтонд шалгарлаа. Түүний удирдсан Кливленд Кавальерс баг өнөө өглөө Дорнод бүсийн аваргын төлөөх цувралын 7 дахь тоглолтоо Бостон Селтикс багийн талбайд хийж 87-79 харьцаатай ялалт байгуулсан байна.
Шийдвэрлэх 7 дахь тоглолтонд Л.Жеймс талбайд бүтэн тоглохдоо 35 оноо, 15 самбар, 9 удаа оновчтой дамжуулалт өгсөн бол түүнд Ж.Грийн 19 оноо, Жей.Ар.Смит 12 оноо, Т.Томпсон 10 оноогоор тус хүргэсэн юм. Ийнхүү Л.Жеймс эцсийн мөчид өөрийн хүчээ бүрэн дайчилж багаа ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. 34 нас хүрч буй, НБА-д 15 дахь улиралдаа тоглож байгаа Л.Жеймс тус тоглолтоор дамжуулан өөрийгөө “хаан”-ы сэнтийнээс буух болоогүй шүү гэдгээ залууст харуулсан юм. Л.Жеймс энэ тоглолтонд ялалт байгуулснаар НБА-н түүхэнд 8 улирал дарааллан финалд шалгарсан 6 дахь тоглогч болж байна. Түүнээс өмнө энэхүү амжилтыг 1950-1960-аад оны үеийн Бостон Селтикс багийн 5 тоглогч эзэмшиж байжээ.
Харин тэдний өрсөлдөгч талбайн эздээс Ж.Тэйтум 24, А.Хорфорд 17, Ж.Браун 13 оноо авсан бол сэлгээнээс М.Моррис 14 оноо, 12 самбар авсан.
Б.БЯМБАБАЯР